ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Их 20”-ийн удирдагчид оффшор бүсэд орлого нуухыг таслан зогсооно

“Их 20” /G20/-ийн дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Италийн Ром хотноо боллоо. “Их 20” буюу дэлхийн хамгийн том эдийн засагтай хорин улс орны төрийн тэргүүнүүд нэг дор хуран чуулдаг энэхүү уулзалтаар дэлхийд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцдэг уламжлалтай.

Тэгвэл энэ удаад тэд аж ахуйн нэгжийн татварын доод хэмжээг тогтоох асуудлаар санал нэгдэцгээв. Тодруулбал, улс орнуудын томоохон бизнес эрхлэгчдийн ашиг орлогод 15-аас доошгүй хувийн татвар ногдуулах олон улсын гэрээг батлав.

Энэ нь үндэстэн дамнасан томоохон пүүс, корпорациуд оффшор бүсэд орлогоо нуун дарагдуулж, албан татвараас зайлсхийдгийг болиулж, тэдэнд илүү их татвар ногдуулахыг “Их 20”-ийн удирдагчид хүсч, дуу хоолойгоо өргөлөө. Бүр тодруулбал, “Их 20”-ийн удирдагчид 2022-2024 он хүртэл авлига, хээл хахуультай дэлхий нийтээрээ тэмцэх төлөвлөгөөг ийнхүү баталлаа. Энэ талаар дээд хэмжээний уулзалтын үр дүнд гаргасан тунхагт дурьджээ.

Тунхаг бичигт, “Төр болон хувийн хэвшилд авлигыг үл тэвчиж, дэлхийн хэмжээнд авлига, хээл хахуультай тэмцэх нийтлэг зорилгодоо хүрэх амлалтаа дахин нотлон харуулж, “Авлигатай тэмцэх 2022-2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр”-өө бид баталлаа. Бид бусад оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх ба, үүнд яланугяа эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийнхэнтэй нягт хамтран ажиллана. Мөн бид эдгээр салбарт өөрсдийн чухал үүрэг, идэвхтэй оролцоог үргэлжлүүлэн сурталчлах болно” гэжээ.

Бизнес эрхлэгчдийн татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг анх АНУ санаачилсан ба тус шинэчлэлийг 2023 оноос хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгаа аж. Энэ шинэчлэл нь дэлхийн эдийн засгийн хувьд түүхэн гэрээнд тооцогдох болно гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдсэн юм.

Аравдугаар сарын 30-31-ний хооронд хоёр өдөр зохион байгуулсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь өнөөдөр /2021.11.01/ Английн Глазго /Glasgow/ хотноо эхлэх “COP26” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын өмнө болсноороо онцлогтой.

Мэдээллийн “Рёйтерз" /Reuters/ агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн цаг агаарын дундаж температурыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн төлөө ажиллана гэсэн “Их 20”-ийн улс орнуудын өгсөн үүрэг амлалтыг тусгаж, эцсийн байдлаар батлах  аж.

Мөн хөгжингүй улс орнууд 2025 он хүртэл хөгжиж буй улс орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь туслах зорилгоор жил болгон 100 тэрбум америк долларыг төрийн болон хувийн хэвшлийнхний эх үүсвэрээс гаргах шаардлагатайг авч хэлэлцэх юм. Хөгжингүй улс орнууд 2009 онд Копенгагены уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм үүрэг амлалтыг хүлээсэн ч гэлээ одоо хэр нь биелүүлээгүй байгаа билээ.

(Эх сурвалж: Interfax, Ruptly)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button