ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМ

“Ирээдүйн дайн” хиймэл дагуулыг устгаснаар сансраас эхэлнэ

Сансрын хөтөлбөр хэрэгжүүлж буй гүрнүүдийн цаад санаа, бодлого чухам юунд чиглэгдэж байна, хүн төрөлхтний туулж ирсэн замнал эцэстээ дайны хөлд нэрвэгдэж, бүтээн босгосон энэ их агуу түүх, соёл бүхнээ өөрсдийн гараар устган үгүй хийх цаг мөч улам л ойртож буй үнэр дэлхий дахинаа өрнөх өдөр тутмын мэдээ мэдээллээс ханхалдаг болов.

Ингээд бид энэ удаад та бүхэндээ ирээдүйн дайн болвол чухам юунаас болж дэгдэх талаарх дүгнэлт хийсэн шинжээч мэргэжилтний анализыг та бүхэндээ хөрвүүлэн хүргэе.

-АНГАРАГ ГАРИГИЙН СУДАЛГАА БОЛ ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ-

Оросын “Роскосмос” төрийн корпорацийн тэргүүн Дмитрий Рогозин саяхан өгсөн ярилцлагадаа, хэрвээ “ирээдүйн дайн” болвол чухамхүү сансар огторгуйд эхэлнэ гэжээ. Үнэхээр л түрэмгийлэгч тал эхлээд нөгөө талынхаа цэргүүдийг “сохор бас дүлий” болгохын тулд тэдний хиймэл дагуулын бүлэглэлийг идэвхгүй болгох хэрэгтэй болно гэжээ.

Дараа нь, Ангараг гариг /заримдаа Улаан нүдэн гариг ч гэж нэрлэдэг/-ийг судлана энэ тэр гэсэн гэмгүй сайхан үндэслэлтэй шалтаг тоочин тойрог замд пуужингуудаа байршуулна. Ингээд тэдгээр байрлуулсан пуужингуудаараа “Цөмийн гурвал”-ийн эсрэг цохилт өгч, цус нөжтэй нь холино.

Энд ТҮРЭМГИЙЛЭГЧ гэж чухам хэнийг хэлээд байгааг, НӨГӨӨ ТАЛ гэж бас хэнийг хэлээд байгааг сийрүүлэх шаардлагагүй болов уу. Энэ хоёр бол аль хэдийн тодорхой болсон сэдэв тул одоо хэдүүлээ өөр зүйлийн талаар ярилцъя. Үнэн хэрэгтээ сансараас л дайн дэгдэх боломжтой гэсэн санаа, таамаглалууд аль хэдийнээс л яригдах болсон сэдэв. Энэ нь хэд хэдэн санамсаргүй нөхцөл байдлын давхцал болсон. Ийм л зүйл болсон.

“Цөмийн гурвал” гэдэг бол цөмийн зэвсэгтэй улс орнууд буюу өөрөөр хэлбэл, стратегийн нисэх хүчин, тив хоорондын баллистик пуужин мөн пуужин тээгч цөмийн шумбагч онгоцтой зэвсэгт хүчинтэй орны олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо.

-АМЕРИКЧУУДЫН БҮТЭЛГҮЙТЭЛ, АНГЛИЧУУДЫН НУУЦ-

1962 оны долдугаар сарын 13-нд “Ариэль-1” /Ariel-1/ гэх Британийн анхны хиймэл дагуул огт санамсаргүй байдлаар ажиллахаа больсон. 1962 оны дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын Канаверел хошуунаас Дэлхийн ионосфер буюу радио долгионыг тусгаж байдаг агаар мандлын ионжсон бүсэд сансрын цацрагийн нөлөөг судлах зорилгоор тойрог замд хөөргөсөн. Гэтэл яг 14 жилийн дараа буюу 1976 оны яг дөрөвдүгээр сарын 26-нд тойрог замаас гарсан байдаг юм. Хачирхалтай давхцал шүү. /1962.04.26=1976.04.26/

“Ариэль-1” хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш төд удалгүй хэвийн ажиллахаа больсон нь сонин. Удаан хугацааны турш Британичууд хиймэл дагуул нь ажиллахаа больсон шалтгаан нь юу болохыг мэдэхгүй байв. Дараа нь тэд өөрсдийнх нь хамгийн ойрын холбоотон АМЕРИКЧУУДЫН хийсэн ажил болохыг олж мэдээд, тэр талаараа америкчуудаас айлгүй, санаа зоволгүй түүртэлгүй ил хэлсэн удаатай. Гэвч олон улсад энэ талаараа огт зарлаагүй юм. 

Ийм зүйл болсон байдаг юм. 1962 оны дөрөвдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний хооронд АНУ Дэлхий орчимд “Starfish Prime” нэртэй цөмийн зэвсэгийн туршилтыг цувралаар хийв. Хамгийн эхний туршилт нь бүтэлгүйтэв: зургадугаар сарын 20-нд пуужингийн хөдөлгүүрт нь гэмтэл гарсны улмаас цөмийн цэнэгт хошуу нь алга болж, Номхон далайн Жонстон гэх цагариг хэлбэртэй шүрэн арал дээр унаж, цацрагийн бохирдол үүсгэв. Гэвч, бүтэлгүйтлээ гээд америкчууд бууж өгсөнгүй. Пуужингийн туршилтаа зогсоосонгүй. 1962 оны долдугаар сарын 9-нд 440 км-ийн өндөрт орших азгүйтсэн байрлал дээрээ давтан туршилт хийх үеэр 1.44 мегатонны хүчин чадалтай W49 цэнэгтэй цөмийн цэнэгт хошуу дэлбэрэв. Дэлхийн агаар мандлаас 440 км-ийн өндөрт туршилтаа хийсэн гэхээр мэдээж агаар дутмаг байсан нь мэдээж. Тиймийн тул “цөмийн мөөг” хэлбэрийн утаан үүл үүсээгүй.

Номхон далайн Жонстон арлаас 1500 километрийн зайд орших Хавайн оршин суугчид харин долоон минутын турш ер бусын хүчтэй туяа цацрахыг олж харсан гэсэн байдаг. Сансрын тойрог замд гарсан цөмийн дэлбэрэлтийн нэг онцлох үр дагавар бол Номхон далайн бүс нутагт гудамж талбайн гэрэл унтарч, радио, телевизүүдийн дамжуулалтад доголдол гарсан юм. Гэвч, энэ нь тийм ч сонирхол татахуйц “тусгай эффект” биш байв.

Тойрог зам дахь энэ мэт цөмийн дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн хиймэл дагуулыг нэгэн зэрэг ажиллагаагүй болгосон нь тогтоогдов. Гол хохирогчид нь “TRAAC” болон “Transit 4B” хиймэл дагуул гэж үздэг ч Британийн “Ариэль-1” хиймэл ч эвдэрсэн хиймэл дагуулын тоонд зүй ёсоор орно. Цөмийн дэлбэрэлт нь шинээр цацрагийн давхарга үүсгэв. Үүний дараа цацрагийн түвшин нэмэгдсэний улмаас нарны зай, электрон төхөөрөмжүүд хугацаанаасаа өмнө доголдож, хэд хэдэн төхөөрөмж бүр ажиллахаа болин жагсаалтаас гарав.  

-НУУЦААР ДҮҮРЭН ТАЙЛАН-

Америкчууд тэдний хийсэн цөмийн туршилт нь хиймэл дагуулын “үхэл”-д шууд буруутай гэдгийг олж мэдсэн ч үүнийгээ Британийн холбоотнууддаа мэдэгдэх шаардлагагүй гээд тас нуув.

Британчууд өөрсдийнхөө судалгааны үр дүн, баримтыг харьцуулж, шалтгааныг нь олох эрэлд гарав. Ингээд 1962 оны есдүгээр сарын 10-нд Их Британийн Шинжлэх ухааны газраас гаргасан тайлан Консерватив намын тэргүүн, Английн 65 дахь Ерөнхий сайд Харольд Макмиллан /Harold Macmillan/-ы ширээн дээр ирэв. Шинжлэх ухааны сайд Лорд Хейлшем тэр тайландаа “Ариэль-1” хиймэл дагуулыг америкчууд санамсаргүйгээр “алсан” гэж дүгнэсэн шинжээчдийнхээ дүгнэлтийг дурьдав. Цаашаа бүр ч сонирхолтой.  

Нэгдүгээрт, Их Британийн Засгийн газар АНУ-ын талд нэхэмжлэл гаргаж, олон улсад зарлаж барьж, дуулиан шуугиан үүсгэж “сенсац”-ласангүй. Үүнийхээ оронд харин ч тайланг уншиж дуусчихаад чимээгүйхэн гэгч нь сейфэндээ хийж хав дарав. Бүр гучин жил хав даран нууцлав.

Хоёрдугаарт, эрдэмтэд болон “геополитикчид” яг эсрэг тэсрэг дүгнэлтэд хүрэв. Эрхэм Шинжлэх ухааны сайд Лорд Хейлшем Дэлхий орчмын орон зайд сансарт цөмийн туршилт хийхийг хориглох шаардлагатай гэж үзсэн л юм бол Америк, Британийн арми тойрог замд цөмийн дэлбэрэлт болсон гэнэтийн үйл явцаас гайхалтай боломжийг олж харцгаав. Чухамхүү тэр мөчөөс хойш жинхэнэ сансрын зэвсэглэлээр хөөцөлдөх УРАЛДААН өрнөсөөр.

-САНСАРТ Ч ӨРСӨЛДӨНӨ-

Сансрын хөтөлбөр хэрэгжүүлж буй бүх л том гүрнүүд “дайсныхаа” тойрог замд байршуулсан хиймэл дагуулуудыг идэвхгүй болгох хамгийн үр дүнтэй арга замыг боловсруулахыг хичээсээр л байна. Энэ бол Дэлхий ойр орчмын орон зайд сансарт цөмийн цохилт өгөх боломжтойг харуулсан хэрэг. Мөн “Судалгааны зориулалттай хиймэл дагуул” гэх хиймэл дагуулыг ч хөөргөж, лазер зэвсэг эсвэл цахилгаан соронзон импульсээр дайралт хийж болно, тэр ч байтугай Америкийн армийнхны хөгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн алсын удирдлагатай нисгэгчгүй сансрын дрон төхөөрөмжүүдийг ч устгах боломжтой гэсэн үг юм.

Америкийн алдарт тэрбумтан Илон Маскийн Ангараг гариг дээр хүн аж төрөх ур амьсгал, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго өвөртлөн  цөмийн бөмбөгдөлт хийх “аймаар” санаанд тунчиг санаа зовниж байгаагаа энд бас хэлмээр байна. Үүнээс ямар нэгэн бодит ашиг тус байхгүй ч гэлээ энэ тохиолдолд АНУ цөмийн пуужингаа тойрог замд оруулах боломжтой юм.

Дан ганц АНУ гэлтгүй Хятад ч гэсэн Нар, Сарны хөтөлбөр гэх нүсэр төсөл хэрэгжүүлж эхлээд бас багагүй хугацаа өнгөрлөө. Хятадуудын “дотор хүн” нь чухам ямар санаа агуулан сансрын хөтөлбөрт ханцуй шамлан орж, хөрөнгө мөнгийг гамгүй цацаж байгааг бас таашгүй юм. Дэлхийн бөмбөрцөг дээр ч, бас сансар огторгуйд ч “дайны аюул” нүүрлээд эхэллээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

(Эх сурвалж: Technowar)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button