
Ном хэмээгч зүйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хүмүүс бий. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс - номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг ч түүнийгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Eguur.mn сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.
Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрдэг билээ.
ЗОЧИН: Чинагийн Галсангийн урилгаар БААСАНГИЙН НАМИНЧИМЭД

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар ном нэрлэх вэ. Эдгээр номтой хэзээ анх учир байв?
-Нэг биш нэлээд хэдэн ном нэрлэх хэрэгтэй болно.
Эхнийх нь гэвэл, бага ангид байхдаа Х.Андерсений “Эрэлхэг тугалган цэрэг” хэмээх жижигхэн номыг уншсан. Уншаад ер бусын оюун сэтгэлгээний ертөнцөд хөл тавьчих шиг болсон. Тэр ертөнц намайг өдий 40 хэдэн жил дагуулан явж байна.
Х.Андерсений оюун санааны болоод зүрх сэтгэлийн ертөнц ер бусын гэгээн тунгалаг, ариун, хүсэл мөрөөдлөөр дүүрэн бөгөөд хорвоо ертөнцийн гэрэл сүүдрийг сүлж харах боломжийг уншигчдад олгодог. Түүнийг дэлхийн үлгэрийн хаан гэдэг шүү дээ. Энэ нь их олон үлгэр бичсэндээ биш. Харин үлгэр гэдэг зүйлийг оюун санааны огт өөр түвшинд, бүхэл бүтэн оршихуй болгож гаргаж ирсэнд л байх шиг.
Түүний дараа дунд ангид ороод Ф.Зальтены “Бэмби” гэдэг номыг уншсан. Манайхан “Уолт Дисней”-н хүүхэлдэйн киногоор нь мэдэх байх. “Бэмби” хэдийгээр бугын амьдрал, амьтны ертөнцийн талаар өгүүлж байгаа боловч дахиад л Х.Андерсены ертөнцийн нэг өөр өвөрмөц, илүү нарийн нандин орон зай руу намайг оруулчих шиг болсон.
Ингээд хүүхэд насны гэгэлгэн мэдрэмж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд явж байтал бодит амьдралын хатуу ширүүнтэй нүүр тулав. Нүүр тулаад нийгэм, хүний амьдрал, хүний сайн мууг олж хараад 20-иод насандаа жаахнаар барахгүй сэтгэл, оюун санааны мухардалд орсон.
Тэр үедээ Оросын ардчилсан үзэлт А.Герцен гэж хүнтэй учирсан. А.Герцений “Туулсан зам, төрсөн бодол” гэж номыг би бүтэн жил шахуу өвөртлөн явж, үг үсэг бүрээр нь хүлхэж шахуу уншсан. Дурсамж, эсээ маягийн ном л доо. XIX зууны Оросын нийгмийн амьдрал, тэр дундаа оюун сэтгэлгээний дээд давхаргынхны бодол сэтгэл, алдаа оноо, хямрал тэмцлийг харуулсан ном. Цаашлаад Европ дахины ч сэтгэлгээний ертөнцийг нээж харуулсан. Яг оюун санааны эрлийн мухардалд орчихсон тэр үед тэртээх хонгилын мухарт гэрэл асаачих шиг болсон. Тэр номыг өнөө хэр би номын сандаа нандин газар хадгалж явдаг.
Түүний дараахан, 1990-ээд оны дунд үеэр хоёр уран бүтээлчийн сэтгэлгээнд нэг хэсэг гүнзгий автсан. Тэр бол А.Блок. Маш хүчтэй яруу найрагч. Түүний сэтгэлгээнд автчихаад нэг хэсэг хямарсан. Хоёр дахь нь Ф.Достоевский байна. Хүний болоод нийгмийн мөн чанарыг хайр найргүй дэлгэн нээсэн хүн. 20, 30 хүрээгүй залуу насандаа тэдэнтэй танилцсан маань цаашдын амьдралдаа олон зүйлийг даван туулахад тусалж, түүнчлэн уран бүтээлийн эрэл хайгуулд маань зүг чиг болсон.
Миний хүүхэд болоод залуу идэр насанд нөлөөлсөн дөрвөн номоо нэрлэхэд ийм байна.
Ер авч чадвал ямар ч номонд ямар нэгэн зүйл заавал бий. Сайн гэвэл бүгд сайн, муу гэвэл бүгд муу болчихно. Би гартаа таарсан бүрийг л уншиж явлаа. Магадгүй гартаа таарсан бүрийг уншаад явсан минь олз болсон байж магадгүй. Ямар ч үнэ цэнгүй шахуу номон дотор ямар нэг мэдээлэл, ямар нэг үнэтэй санаа байдаг. Энэ нь хожим уран бүтээлчийн хувьд түүнийг бүтээлчээр ашиглаж чадвал маш олон өнгө аястай, баялаг түүхий эд болдог юм байна. Яаруу сандруу, цаг тулгуу өнөөгийн цаг үед гартаа таарсан бүрийг уншдаг байсан миний туршлага тийм ч оновчтой сайн биш л дээ.
–Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?
-Х.Андерсен болоод Ф.Зальтены ай савын олон зохиолч байна. Тэд хүнлэг ёсны гэрэл гэгээг хүн төрөлхтний зүрх сэтгэлд хурц тусган харуулсан. Ялангуяа зохиолч хүн сайн сайханд, гоо зүйн суурь зарчимд үнэнч байх ёстой гэсэн ойлголтыг надад өгсөн. Сайн муу нийлж сав ертөнц дүүрдэг гэдэг. Хэрэв байгаа юмыг байгаагаар нь харж, бодит байдалтай эвлэрээд явсан бол хүн төрөлхтөн өнөөдрийн хэмжээнд хөгжих боломжгүй. Тэр сайн сайханд тэмүүлсэн тэмүүлэл, эгээрэн хүссэн хүсэл мөрөөдөл хүн төрөлхтнийг мөхөөчихгүй, өдий хөгжлийн түвшинд авчирсан болов уу. Энэ өөрөө утга зохиолын хүчтэй нөлөөллийн нэг илрэл болов уу гэсэн шүү юм бодогдож байна.

А.Герцен хүн болоод хүний нийгмийн олон талын харилцааг танин мэдэхэд их тус болсон. Харин А.Блок болоод Ф.Достоевский хоёр хүний сэтгэлийн нарийн ширийнийг илүү сайн таньж мэдэхэд нөлөө үзүүлсэн болов уу. Ф.Достоевскийн хувьд, нэгдүгээрт мань эр бол сэтгэл зүйч хүн. Хүний сэтгэлийн нүдэнд үзэгдэшгүй нарийн элементийг нээж харуулдаг. Ердийн дундаж уншигчдын түвшинд илэрдэг, баярлах, уурлах, уйлах, бачууран хашгирахаас илүү далд, хэдэн давхар хальсны цаадах, нарийн мэдрэмжийг мэдэрч, илэрхийлж чаддаг уран бүтээлч. Дээрээс нь ахуй амьдрал хийгээд хүний тухай нарийн задалж шинжилсэн философич хүн. Энэ нь Европын 20-р зууны оюун сэтгэлгээ болоод урлагийн хөгжилд онцгой нөлөөлсөн.
А.Блокийг уйтгар гунигийн дууч гэдэг. 1990-ээд оны эхэн үед А.Блокийн уйтгар гунигийн ертөнц дотор хэсэг “хөвөөд” авсан маань уран бүтээлчийн хувьд уйтгар гуниг, баяр хөөрийг илүү нарийн мэдрэхэд нэмэр болсон болов уу.
-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?
-Эшилж болно. Гэхдээ афоризм маягаар эшлэл авч тавиад, тухайн зохиолыг үнэлж, дүгнэх гээд байх хандлага анзаарагддаг. Уран зохиол бол афоризм биш шүү дээ. Энэ бол дүрээр дамжиж илэрдэг өвөрмөц урлагийн салбар. Тэр дүрийг хэрхэн яаж гаргаж байгаад л гол учир бий.
Х.Андерсены бүтээсэн олон дүрийг бид нэрлэж чадна. Жишээлбэл, шүдэнз худалдагч охин. Түүний эмгэнэлт төгсгөлийг тийм гоо сайханлаг, ер бусын болгож илэрхийлж чадаж байгаа Х.Андерсены мэдрэмж, тэр хараа их сонин л доо.

Харин Ф.Достоевскийг хүний сэтгэл зүйн далд түвшин дэх нарийн ширийнийг мэдэрч, аймшиггүй зоригтойгоор илэрхийлэн бичдэг гэлээ шүү дээ. Жишээлбэл ийм байна. “Гэм зэм” роман дээр Раскольников шүүхээр орж, гэм буруугүй гэдгээ бүрэн нотлоод гарч ирдэг. Гарч ирэхэд нь Сони сууж байдаг. Раскольников Сонид хоёрын хоёр хүн алчихсан гэдгээ хэлсэн. Сонигоос өөр хүн түүнийг алуурчин гэдгийг нотлох боломжгүй. Үүнийг нь мэдэж буйн хувьд Сони түүнийг ял авна гэдэгт итгэж, Сибирьт цөллөгдвөл хамт явахад бэлэн сууж байгааг хараад Раскольников буцаад орчихдог. Буцаж ороод өөрийгөө илчилчихдэг.
Хулгайч, дээрэмчин, бялангач бусдын хувьд тэр өөрийгөө нууж, өөртөө хуурамч дүр эсгэж чадна. Хүчирхгээр амьдарч чадна. Шүүх дээр өөрийгөө гэм буруугүй хэмээн нотолж чаддаг шигээ байж чадна. Харин ганцхан Сонигийн өмнө, түүний цэвэр үнэнч сэтгэлийн өмнө өөрийгөө нууж амьдрах бололцоогүй. Өөрөөр хэлбэл Сони Раскольниковын хувьд үнэний гэрэл гэгээ. Ф.Достоевский ийм л нарийн зүйлийг анзаарч бичдэг.
Ф.Достоевскийн зохиолууд дахь тэр аймшигтай ил тод байдалтай тулгарах нэг талаар хэцүү л дээ. Үнэн заримдаа хатуу ширүүн, харгис догшин байдаг.
-“Амьдралын ном” булан маань цаашид өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?
-Монголын нэртэй бизнесмен, MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг урьж байна. Нөөцөнд гэвэл Ч.Ганжавхлан, Todko Samson нарын залуус. Мөн зохиолч Д.Энхболдыг урьж болж байна.
ӨМНӨХ КОНТЕНТ| Ч.Галсан: Л.Толстой бол хувь хүн биш, бараг бурхан

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё