Илон Маск: НҮБ 6 тэрбумаар дэлхийн өлсгөлөнг шийдэж чадахаа баталбал хувьцаагаа зарж, хандивлахад бэлэн
“Форбес” /Forbes Real-Time/ сэтгүүлийн мэдээлснээр 292,6 тэрбум америк долларын хөрөнгө чинээтэй Дэлхийн хамгийн баян хүн, Америкийн тэрбумтан Илон Маск зургаахан тэрбум америк долларын хандиваар Дэлхийд нүүрлээд байгаа өлсгөлөнгийн асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
Түүний энэ эргэлзээ НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бислигийн “Си-Эн-Эн” /CNN/ телевизэд өгсөн ярилцлагатай холбоотой. Дэвид Бисли хэлэхдээ, Дэлхийн тэрбумтан толгой баячууд хөрөнгийнхөө өчүүхэн хэсгийг буюу зургаан тэрбум долларыг хандивлавал коронавируст цар тахлын үед өлсгөлөнд нэрвэгдээд байгаа 42 сая хүний амийг аврах боломжтой. Хэрэв одоо л тэдгээр хүмүүст тусламжийн гараа сунгахгүй л юм бол тэд үхэхэд бэлэн байна гэжээ.
Чингэхдээ тэрбээр Америкийн тэрбумтнуудын нэг “Tesla” болон “SpaceX” компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, мөн “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нарын нэрийг жишээ болгон дурдаж, тэднийг хандив өгөхийг уриалсан аж.
Үүнийх нь хариуд Илон Маск НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчөөс Дэлхийд нүүрлэсэн өлсгөлөнг хэрхэн арилгах талаараа тодорхой, бодитой тайлбар өгөхийг хүсчээ.
Ингээд Илон Маск энэ талаар өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлж, үнэхээр итгэл үнэмшил төрүүлэх хариулт өгвөл нь өөрийн эзэмшдэг “Тесла” компанийхаа хувьцааг зарна гэж амлав.
“Хэрвээ Дэлхийн хүнсний хөтөлбөр энэ “Твиттер” хуудсанд зургаан тэрбум доллар Дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх талаар үнэн зөв тайлбарлаж чадвал би яг одоо “Тесла”-гийнхаа хувьцааг зараад, хандив өргөх болно” гэж Маск жиргэв. Мөн өлсгөлөнг арилгахад зориулсан мөнгөний зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод байршуулж, олон нийтээр ил хянуулах хэрэгтэй гэж Илон Маск давхар сануулжээ.
Хариуд нь Дэвид Бисли “Бид мэдээж данс тооцоогоо нээлттэй байлгана. Ил тод байдлыг хангаж чадна гэдгээ амлаж байна. Та бүхэн үүнийг нягталж үзээд, итгэл төгс болсныхоо дараа хамтран ажиллаж болох юм” гэж нийтэлжээ.
Мөн НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр зургаан тэрбум доллароор Дэлхий нийтийн өлсгөлөнгийн асуудлыг нэг мөсөн шийдчихнэ гэж хэзээ ч хэлээгүй, энэ бол зөвхөн коронавируст цар тахлын онцгой бэрх үед өлсгөлөнд хамгийн ихээр нэрвэгдсэн 42 сая хүнийг аврах нэг удаагийн хандив гэжээ.
42 сая хүнийг өлсгөлөнгөөс аврахад шаардлагатай зургаан тэрбум доллар бол Илон Маскийн хувьд хөрөнгийнх нь дөнгөж хоёрхон хувь аж. Зургаан тэрбум доллароо хандивлалаа ч тэрбээр Дэлхийн хоёр дахь баян “Amazon” компанийн Жефф Безосоос зуу орчим тэрбум доллароор чинээлэг хэвээрээ үлдэнэ.
Харин Илон Маск өнгөрөгч бямба гараг /2021.11.06/-т олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дунд нэгэн сонирхолтой санал асуулга явуулав. Тэрбээр “Tesla” компанийнхаа арван хувийг зарах эсэх талаар олон нийтээс асуужээ.
Монголын цагаар 05:05 цагийн байдлаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 55 гаруй хувь нь хувьцаагаа зарахыг нь дэмжжээ. Санал асуулгад 825 мянга гаруй хүн оролцсон байна.
Түүний хувьцаагаа зарах болсон шалтгаан нь Дэвид Бислигийн уриалгыг хүлээн авч, Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст хандивлах гэж байж магад гэсэн таамаг байгаа юм.
Ингээд дараагийн жиргээндээ Маск бичихдээ, “Санал асуулгын дүн ямар гарахаас үл хамааран би түүнийг мөрдлөг болгон ажиллана” гэжээ.
“Би ямар ч цалин, бонус буюу урамшуулал авдаггүй гэдгийг хэлье. Надад зөвхөн хувьцаа л бий. Тиймээс миний хувьд татвар төлөх цорын ганц арга бол хувьцаагаа зарах явдал” гэж тэр нэмж хэлэв.
Дээр дурдсанчлан, зургаан тэрбум доллар гэдэг бол түүний хувьд нийт хөрөнгөнийх нь дөнгөж хоёрхон хувьтай тэнцэнэ. Харин Илон Маск хэр өгөөмөр хүн бэ гэдгийг л харах үлдлээ.
(Эх сурвалж: Forbes, Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.