НИЙГЭМҮйлдвэрлэгчЭнтертайнмент

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Тэмээчин Н.Байгальмаагийн үйл хэргийн үргэлжлэл “Тэмээ брэнд”

Тэмээчин бүсгүй тэнгэрт одоод зургаан сар өнгөрчээ. Түүний амьд ахуйдаа эхлүүлсэн, дэлхийд гаргахаар зорьж байсан "Тэмээ” брэнд нь л харин эзнээ мөнхлөөд торойн үлдэв. Их говийн халуун элсэнд шарагдаж, тэсгим хүйтэн салхинд туугдсан түүний амьдралын он жилүүдийг тэмээгүйгээр төсөөлшгүй. Тиймдээ ч тэрбээр ээжийнхээ хамт эхлүүлсэн хувцасны брэндээ ийн ээлтэй амьтнаараа нэрлэжээ.

Тэмээчин Н.Байгальмаа нь Монголын нийслэл Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг таван жилийн турш тэмээгээр туулж, эхлүүлсэн үйл хэргээрээ Монголын нэрийг дэлхийд гаргасан хүчирхэг бүсгүй байв. Тэрбээр цар тахлын үеийн хөл хорионы хугацаанд ээжийнхээ хамт хувцасны брэндээ үүсгэн байгуулсан нь "Тэмээ” брэнд.


Бурхан болсон охиныхоо үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж яваа Жавзангийн Норжмаатай бид "Тэмээ” брэндийнх нь тухай ярилцахаар цаг товлон уулзсан юм. Охиныхоо амьд ахуй үед өөрт нь зориулж урласан шар пальтог үзүүлж, гаднаа инээн, дотроо уйлах нь сэтгэл урам... Талийгаач охиных нь тухай ярих бүрийд сэтгэл нь хөдөлж, нулимс унагаж байсан тул аль болох тэр тухай ярихгүй байхыг чухалчилсныг онцлоё.

-ХАМГИЙН АНХ УЛААН, ШАР ӨНГИЙН МАТЕРИАЛ АВЧ, ТҮҮГЭЭРЭЭ ПАЛЬТО ХИЙЖ БАЙСАН-

-"Тэмээ брэнд” үүсгэн байгуулагдаад нэг жил өнгөрчээ. Анх яагаад хувцасны салбар руу орох болсон юм бэ?

-Тухайн үед охин бид хоёр нутаг явах гэтэл мөнгөгүй үе таарсан байсан. Гэтэл охин "Ээж ээ хоёулаа хэдэн төгрөг гаргаад материал аваад, түүгээрээ пальто хийе” гэсэн. Ингээд бөгжөө ломбардад тавьж, 375 мянган төгрөгийг аваад бөс барааны дэлгүүрээс материал авлаа.

600 гаруй мянган төгрөгийн барааг зээлээр бичүүлж аваад нэг сая орчим төгрөгт материал авсан санагддаг. Ингээд авсан шар, улаан өнгийн материалаараа пальто хийж эхэлсэн нь амжилттай болов оо. Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хийсэн пальтогоо бүгдийг зараад маш их урамшсан. Ингээд охинтойгоо хамт оёдол хийж олсон мөнгөөр нутаг руугаа ч яваад ирсэн. Хотод ирснийхээ дараа удалгүй дээл оёж эхэлсэн. Бидний ажил өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын дундуур эхэлсэн.

-Тэмээ гэх нэрийг яагаад өгөх болов?

-Хотод ирээд удалгүй дээл оёж эхэлсэн. Оёсон дээл ч хүмүүст таалагдаж, борлуулалт сайн байлаа. Ингээд хувцастаа нэр өгөх хэрэгтэй болсон. Ярилцаж байгаад "Тэмээ” гэж өгөхөөр тохиролцсон. Учир нь охины болоод миний амьдралын цаг үеүдийг тэмээгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ.

Охин минь хэдий золгүй байдлаар амиа алдсан ч том пэйж нээж, хувцастаа нэр хүртэл өгчихсөн учир үйлчлүүлэгчдээ хүндлээд чадах хэрээрээ захиалга аваад охиныхоо ажлыг үргэлжлүүлэх гээд хичээж л явна.

-Охинтойгоо хамт үүсгэн байгуулсан брэндээ ганцаар авч явах хүндрэлтэй байв уу?

-Эхэндээ хандсан хүмүүстээ "Захиалга авахгүй байгаа” гээд хувцас хийхгүй азнасан. Гэвч сүүлд бодох нь ээ харах нүд, хөдлөх хөл, гартай хойно юунд залхуурч суух вэ дээ. Хүн ер нь аливаа зүйлийг хийнэ л гээд хичээвэл юуг ч хийж чадна. Түүнийг би залуу, халуун насандаа биеэрээ туулаад, даваад ирсэн. Хүмүүс намайг өрөвдсөндөө эсвэл хайрлаад тэр үү захиалга өгөөд хувцас хийлгэж байгаад нь урамшиж байна.

-ОХИНЫГ МИНЬ ДЭМЖДЭГ БАЙСАН ГЭЭД БНСУ-ААС ЗАХИАЛГА ӨГСӨН-

-Өдөрт хэчнээн дээлний захиалга авч байна вэ?

-Өдөрт 2-3 дээлэнд ажиллана. Одоо надад дөрвөн захиалгын дээл бий. Хоёр өдөрт нэг дээл гаргаж байгаа. Хамгийн баяртай мэдээ гэвэл БНСУ-аас надад хувцасны захиалга ирсэн. Манай охиныг дэмжиж ирсэн эмэгтэй байсан. "Би заавал таниас авна” гээд итгэж хувцсаа хийлгэж байгаад нь би их баяртай байгаа. Манай охин амьд, сэрүүн байхдаа "Тэмээ” брэндээ дэлхийн түвшинд гаргана гэж их ярьдаг байсан. Тиймээс гадаад улсаас захиалга орж ирсэнд их баяртай байна.

-Таны дээлний онцлог юу вэ?

-Би дээлийг Европ маягаар биш, жинхэнэ хуучны маягаар хийж байгаа. Тиймээс ч суганд залгаа оруулдаггүй. Элбэг, дэлбэг хэмжээтэй. Сүүлийн үеийн монгол дээлийг худалдаж аваад өмсөх гэхээр мөр таталдаад, хүүхэд ч тэвэрч болдоггүй. Дээр нь хятад, япон загвар ороод уламжлал алдагдаад байгаа нь анзаарагдсан. Би өөрийн өмсөж өссөн дээлээсээ санаа авч "Тэмээ” брэндийн дээлээ хийх болсон. Энгэр том учир хүүхэд цуглаад явсан ч болно.

Хуучин цагийн биед эвтэйхэн хэрэглээ удаантай, элбэг дээл авахыг хүсвэл надтай холбогдоорой. Дээр нь дээлүүд маань их хөнгөхөн. Дотор нь ердөө 500 граммт багтаж байгаа. Хэргээр тийм материал сонгосон юм. Настай хүмүүс голцуу авах болов уу гэж тооцоолсон. Хүн хөгшрөөд ирэхээр нуруу, хүзүү хөшөөд хүнд жинтэй хувцас өмсөж чадахаа байдаг. Тиймээс ээждээ, эгчдээ элбэг, хөнгөхөн дээл сонгоорой гэж хэлэх байна.

-ДЭЭЛ ЧАМИН, НАНДИН БАЙХААС ИЛҮҮ БИЕД ЭВТЭЙХЭН БАЙХ ЁСТОЙ-

-Та их дээл өмсдөг байв уу?

-Хүүхэд байхад бидэнд дээлээс өөр хувцас байдаггүй байлаа. Цагаан ултай гутлаа өмсөөд дээлээ сургуульдаа ч, гэртээ ч тэр өмсдөг л байлаа. Ээжийнхээ оёж өгсөн дээлээр мөн ч их гоёсон доо. Дээл, бүсээ их л гамтай хэрэглэдэж байж. Одооны хувцас сайхан ч, биед эвтэйхэн байх талаасаа муу.

-Хэрэглэгч, үйлчлүүлэгчид ямар сэтгэгдэл хэлж байна вэ?

-Гэртээ охины зургийг хараад уйлж, дуулаад хямраад суусанд орвол, хүмүүсийн захиалгыг хийгээд завгүй суувал хэсэг ч болов мартдаг. Охин маань хэдий бурхан болсон ч, амьд ахуйдаа үүсгэн байгуулсан "Тэмээ”-ийг нь зогсоохгүй байж, пэйж хуудсыг нь ч гэсэн амьтай байлгахыг зорьж байна.

"Та жаахан уужимдуу дээл хийгээд байна уу даа” гэх сэтгэгдэл их ирж байгаа. Юмыг яаж мэдэх вэ, хөдөө явж байхад машин тэрэг эвдрэх саатсан үед хүүхдээ энгэртээ хийгээд хамт бүслэх, нөмрөөд унтах хэрэг гарах ч юм билүү. Уужим дээл давуу тал ихтэй.

-Таны материалын сонголт их таалагдлаа?

-Дээл, хувцас хийх материалаа маажиж малтаж үзнэ. Бөөсрөх даавууг яагаад ч авахгүй. Хүний итгэлийг хүлээж, мөнгийг нь авч дээл оёж байгаа байтал материал муутай, чанаргүй дээл хийгээд яах юм бэ. Хүн миний хийсэн дээлийг наанадаж гурван жил өмсөж чадахгүй бол түүнийг би 200,000 төгрөгөөр захиалга аваад хийх шаардлагагүй. Хүмүүс надад итгэж, дахиад дээл авахгүй шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, талийгаач охины минь гавьяа дэлхий дахинаа дуурсагдаж, түүхийн хуудсанд, сэтгүүлийн нүүрэнд бичигдэх ч юм билүү. Би тэгж итгэдэг.

-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцаач?

Эхний ээлжинд өөрийн чадахаар захиалгаа аваад, үйл ажиллагаагаа зогсоохгүй байхыг зорино. Харин захиалга ихсээд, хүмүүсийн итгэл их болвол, залуу охин аваад хамтдаа дээлээ хийнэ гэж боддог. Тиймээс миний амьсгаа хэзээ тасарна, тэр хүртэл л би хийх болно.

Гэрэл зургийг С.Боргил, Бичлэгийг Б.Эрдэнэбаяр

Фэйсбүүк: ТЭМЭЭ БРЭНД

Холбоо барих дугаар: 95708080 86664660


ӨМНӨХ КОНТЕНТ:

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Найзуудын байгуулсан үнэ хямд, эдэлгээ удаан “Хүрэм” брэнд

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-09 10:40

Сатаарах юмтай сууж байсан нь дээр ээ ! Гэвч захи�##�агч нь нарийн дээл хүсвэл нарийныг л оёж өгөх хэрэгтэй. Хэзээ ч худ�##�дан авагчийн өмнөөс шийдвэр гаргаж болохгүй. Бизнесийн зарчим: би өөрийнхөө юу дуртайг зарах биш худ�##�дан авагчийн дуртай зүйлийг зарах.

hereglegch
hereglegch
2021-11-09 11:11

amjilt husie ee, uil n uran baig

Иргэн
Иргэн
2021-11-09 13:29

Тэхдээ нэг л эвгүй хүн шүү үнэнч юм шиг худлаа ч вм шиг уйлж байгаа нь зэвүүн харагддаг их л жүжигчин дөрвөд эмгэн дээ амь зуухын тулд ажил хиилгүй яахав дээ дөвиилгээд байх юу байна бүх хүмүүсиин амьдр�##� тим байдаг

Холбоотой мэдээ

Back to top button