ФОТО: Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргын албан ёсны айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Энэ үеэр Хатагтай Марина Кароббио Гүшэтти

“Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Гурван сарын өмнө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад айлчилж, бид хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэлээ. Мөн хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ. Тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал гэсэн үндсэн чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурдав. Үүн дотроо бэлчээрийн тогтвортой менежментийг сайржуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгааг Хатагтай Марина Кароббио Гүшэтти онцолсон юм.

Түүнчлэн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, өргөжиж байгааг тэмдэглээд “Хоёр орны парламентын Тамгын газрууд мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийх ажлууд тогтмол үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа их дээд сургуулид, тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хамтран ажиллах боломж бий гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инновац, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн баяжуулна гэдэгт итгэлтэй байгаа төгсгөлд нь хатагтай Марина Кароббио Гүшэтти хэллээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.