НИЙГЭМУРЛАГ

ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: Ж.Анунаран биет ба биет бус ертөнцийн заагт “Бурхны хүү”-г толилуулна

Он солигдох мөч ойртож, Улаанбаатарт өвлийн жавар тас няс хийнэ. Эл үес нэгэн шинэ контемпорари үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэж байна. Уран бүтээлч Ж.Анунаран “Бурхны хүү”-гээр бидэнтэй дахин уулзах нь.

Энэ түүний 10 дахь бие даасан үзэсгэлэн. Гэрэл зураг, уран зургийн сонирхолтой техникүүд хийгээд саунд бүхий энэ үзэсгэлэнгийн хөндөх сэдэв нь төрөх, үхэх болоод амьдралын тухай. Нэлээд ерөнхий утгаар тоймлож хэлэхэд ийм. Гэвч орчин үеийн урлагт үзэгчдийн хүртэх таашаал, мэдрэх мэдрэмжийг урьдчилан оноож, чиглүүлэх нь тийм ч зохистой биш болжээ. Иймд “Бурхны хүү”-гээс чухам юу олж харахаа үзэгчид өөрсдийн дотоодоос анирлавал сонирхолтой.

Гэхдээ аливаа үзэсгэлэн өөрийн концепцтой байх учиртай. Энэ талаар тус үзэсгэлэнгийн куратороор ажилласан, урлаг судлаач Ж.Ариунаа “...уран бүтээлчийн чин сэтгэлээсээ бүтээсэн зүүд шиг энэ амьдрал, шидэт домог шиг уран сэтгэмжийн ертөнц хоорондын уулзвар дээр орших төсөөлөлд үзэгч та саатна” гэж бичсэн нь анхаарал татна.

Ж.Анунаран уг үзэсгэлэндээ мөн Өвөр Монголын саунд артист “Horse Радио” хамтлагийн хөгжмийн зохиолч, дуучин Ц.Баяндалайтай хамтран ажиллажээ. Мөн бодит амьдралд суурилсан гэрэл зургуудыг баримт болгож, үүн дээрээ танка зургийн элемэнтүүдийг хослуулсан гэдэг нь амьдралын үнэн хийгээд үлгэр домгийн ертөнцийн уур амьсгалыг сүлсэн дүр зурагтай.

Сүүлийн үед контемпорари үзэсгэлэнг залуус, олон нийт ихээр сонирхон үздэг болсон. Ингэхдээ уран бүтээлчийн “өгсөн” орчинд тэд саатаж, автаж, нэгэн шинэ мэдрэмж, шинэ бодролыг өөртөө тээгээд гардаг. Нэгхэн мөчид мэдэрсэн тэр шинэ мэдрэмж хүний цаашдын амьдралд хүчтэй нөлөөлөх шидтэй байдаг нь уран бүтээлийн хүч гэлтэй.

Үзэсгэлэн Монголын Уран зургийн галлерейд арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ. Харин 3-8-ны өдрүүдэд, 10:00-18:00 цагт олон нийтэд нээлттэй байх юм. Та бүхнийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button