ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын зургаан муж 53 хар салхинд нэрвэгдлээ

АНУ-ын зургаан мужид 53 хар салхи бүртгэгдэж, олон арван хүн нас барсан таагүй мэдээлэл байна. Энэ талаар Америкийн Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.

Торнадо буюу хар салхи Кентукки, Арканзас, Иллинойс, Миссури, Миссисипи, Теннесси мужуудад болжээ.

Мэдээллийн “Си-Эн-Эн” /CNN/ агентлагийн цаг уурчид Арканзас мужаас Кентукки муж хүртэл 250 миль буюу ойролцоогоор 402 км зайд “асар хүчтэй” хар салхи өнгөрч магадгүй гэж таамаглаж байсан юм.

Хар салхи 2021.12.10-ны баасан гарагийн оройноос эхлэн дэгдсэн байна. Кентукки мужид албан ёсны мэдээллээр хамгийн багадаа 70 иргэн амиа алдсан гэх эмгэнэлтэй мэдээлэл бүртгэгджээ. Хар салхины улмаас амиа алдагсдын тоо 100 орчим хүн байж магадгүй гэсэн урьдчилсан мэдээг мужийн амбан захирагч Энди Бешир баталсан байна.

Кентукки мужийн баруун хэсэгт орших Майфилд хот хамгийн ноцтой, хамгийн их хор хохирол амссан ба хар салхины улмаас тэнд байсан гэрэл чийдэнгийн үйлдвэрийн дээвэр нуржээ. Үйлдвэр дотор тухайн үед 110 ажилтан байжээ. Мужийн захирагчийн хэлснээр тэдний 40 нь эсэн мэнд олдсон ч үлдсэн хүмүүст чухам юу тохиолдсон болох нь одоогоор тодорхойгүй байна. Амбан захирагч Бешир 12 тойрогт дөрвөн ч хар салхи дэгдэж, ихээхэн хэмжээний сүйрэл дагуулсан үйл явдлыг муж улсын түүхэн дэх хамгийн их хохирол амссан хэрэг гэж нэрлэв.

Арканзас мужид мөн асрамжийн газрын өндөр настан зэрэг хоёр хүн нас бараад байна. Иллинойс мужид “Амазон” компанийн агуулах нурж, хамгийн багадаа зургаан хүн амиа алджээ. Миссури мужид дахин нэг хүн хар салхины улмаас амиа алдсан аж.

Улс оронд нь үүссэн байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын хар салхинд нэрвэгдсэн бүс нутгуудад яаралтай тусламж илгээх тушаал гаргаж, гамшиг нүүрлэсэн бүс нутгуудад аврах ажиллагаа эхлэв.

Хар салхины хор хохирол өдөр өдөрт нэмэгдсээр байна.

(Эх сурвалж: Interfax)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button