НИЙГЭМ

Нийслэлд шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 


 Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин  Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг.  Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах асуудлыг ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ. 
Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов.  Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжив.  

Хилийн цэсийн маргааныг 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхийг дэмжлээ 


 Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.  

Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм. Мөн талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулж газар олгох асуудал үүсэж байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж байна. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн  цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм.

Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1975 нэгж талбарт газар олголт хийжээ.  Энэхүү хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.   

Нийслэлийн өмчид гүний худаг болон ус түгээх хоёр байрыг бүртгэн авлаа

Үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга,  20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан. Уг жагсаалтад тус цэцэрлэгийн балансад бүртгэлтэй агуулахын байр, хоёр гараж багтаж, буулгасан аж. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн B байрны хувьд бага сургуулийн зориулалтаар баригдаж, 2003 онд ашиглалтад орсон. Тус барилга нь “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байсан бөгөөд 2018 оноос ашиглалтгүй болсон аж. Тус барилгын газар дээр улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих юм. 
Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 6.583 тэрбум бүхий барилга байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шинээр байгуулсан сургууль, цэцэрлэгийн балансад шилжүүллээ. 

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button