Нийслэл

Нийслэл төсвөө гурав дахиа тодотгохоор хуралдаж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр өглөө (2026.11.09) эхэлж, 2026 оны Улаанбаатар хотын төсвөө гурав дахь удаагаа тодотгохоор хуралдаж байна. Хотын мээр Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг даргаар ирэнгүүтээ төсвөө тодотгож байсан бол өдгөө нийслэлийн МАН-ын хорооны дарга болонгуутаа төсвөө дахин тодотгох гэж буй нь энэ.

2025 оны арванхоёрдугаар сард баталсан нийслэлийн төсвийн орлого ₮4.6 их наяд, нийт зарлага нь ₮5.8 их наяд байсныг хоёр сар гаруйн дараа НИТХ-аас төсвөө дахин тодотгож, орлогыг ₮5.38 их наяд, зарлагыг ₮6.5 их наяд болгож нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн урсгал зардлыг 71.6 тэрбумаар нэмэгдүүлж баталсан байдаг.

Анхны тодотголын зорилго. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан анхны хэлэлцүүлгээ 2026.02.24-нд, хоёрдугаар хэлэлцүүлгээ 2026.03.02-нд хийж төсвийн тодотголыг баталсан. Энэ тодотголоор хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмсэн. Мөн "КОП-17"-д 70.1 тэрбум төгрөг төсөвлөж, Улаанбаатар трамвайн төсөлд 350 тэрбум төгрөг тусгасан билээ.

Мөн 2026 оны зургаадугаар сарын 22-нд нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар төсвийн хоёр дахь тодотголыг хийж, хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.

Хоёр дахь тодотголын зорилго. 2026.06.22-нд хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар хотын төсвийн хоёр дахь тодотголыг баталсан. Энэ тодотголоор өвөлжилтийн бэлтгэл хангах, мөн Хятадаас түлш худалдан авахад 400 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон тухай хотын удирдлагууд тайлбарлаж байв.

Гурав дахь тодотголын зорилго юу вэ?

Нийслэлийн төсвийн өмнөх хоёр тодотголыг ээлжит бус хуралдаанаар баталсан. Харин энэ удаа ээлжит хуралдаанаар хэлэлцэх бөгөөд юуны учир төсвөө гурав дахиа тодотгох гэж буй нь одоогоор тодорхойгүй байна. Арванэгдүгээр сарын 2-нд хуралдсан Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлөөс ээлжит IX хуралдааныг өнөөдөр хийхээр товлож, 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 19 асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Тухайлбал, Нийслэл хотын албан татварыг зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувь байгааг нэг хувь болгож бууруулах, мөн автомашины дугаарын тэгш, сондгойгоор олон хоног үргэлжлүүлэн хязгаарласан тохиолдолд авто зам ашигласны татвараас дүйцүүлэн хөнгөлөх асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар хот төсвөө дөрвөн удаа тодотгосон. Хотын парламентад нэг нам үнэмлэхүй олонх (40 төлөөлөгч нь МАН-ынх) байхын сул нь тал нь ийнхүү байн байн төсвөө тодотгож, татвар төлөгчдийн мөнгөнд хайр гамгүй хандах жишиг тогтоосон явдал болов.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button