НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нисэхийн таксинууд Монголчуудад 20 мянгаар, гадаадуудад 10 ам.доллараар үйлчилдэг

“Нисэхийн таксинууд үнэтэй явж байна” гэх гомдол хүмүүсийн дунд тасардаггүй. Үнэхээр Нисэх чиглэлд зорчдог таксинууд үнэтэй явж байна уу эсвэл шатахууны үнэ өссөн энэ үед таксины жолоочид шударга үйлчилж байна уу гэдгийг бид сурвалжлахаар Нисэх онгоцны буудлыг зорьсон юм. Биднийг очиход нисэх онгоцны буудлын урд хэд хэдэн такси зогсож байсан бөгөөд жолооч О.Баавгайтай уулзан дараах тодруулгыг авлаа.  

-ГАДААД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД 10 АМ.ДОЛЛАРААР ҮЙЛЧИЛДЭГ ТАРИФТАЙТАЙ-

-Танай ажлын цаг хэд вэ? Өдөрт хэр их хүн үйлчлүүлж байна?

-Ажлын найман цаг байдаг. Нисэх онгоцны буудлаас өдөртөө 2-3 хүн үйлчлүүлдэг.

-Километр нь хэдэн төгрөгөөр явдаг вэ?

-Нисэхийн таксинууд километрээр явдаггүй. Нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын төв рүү явахад 20 мянган төгрөг байдаг. Удахгүй нэмэгдээд 25 мянган төгрөг болох гэж байгаа.  Хотын зах руу явах бол 30-35 мянган төгрөг. Улаанбаатараас нисэх онгоцны буудал руу явахад 500 төгрөг нэмэгддэг юм. Учир нь машины зогсоол руу ороход 500 төгрөг авдаг. Бид онгоцны буудлын урд удаан зогсдог учраас өдөртөө 1000 төгрөг тушаадаг.

-Монгол, гадаад хүмүүс адилхан тарифтай байдаг уу?

-Ер нь адилхан. Гэхдээ гадаад хүнийг 10 ам.доллароор хүргэж өгнө гэсэн тариф бий.

-Танай байгууллагын таксинууд бүгд адилхан үнэтэй явдаг уу? Эсвэл хоорондоо зөрүүтэй юу?

-Адилхан тарифаар явдаг. Учир нь онгоцноос буугаад ирж яваа хүмүүст зориулан таксины үнэ тарифыг том самбар дээр бичиж шалган дээр байрлуулсан. Зарим хүмүүс “хэд вэ” гэж асуулгүй шууд суугаад очих газраа хэлдэг.

-Танай байгууллага таксиндаа тоолуур хэрэглэдэг үү?

-Нисэхээс Улаанбаатар ороход хэрэглэдэггүй, тогтсон тарифтай. Хот дотор эхний нэг километр нь 1500 төгрөг, хоёр гуравдах километр нь 1000 төгрөгөөр явдаг. Гэртээ такси дуудвал 1000 төгрөг нэмэгддэг.

Харин хувийн таксины жолоочид үйлчлүүлэгчтэйгээ хаашаа явахаас шалтгаалан үнэ ханшаа тохиролцдог гэлээ. Хот дотор километр нь 1000 төгрөгөөр явдаг бөгөөд ихэнх нь тоолуур ашигладаг байна. Зарим өдрүүдэд хүн үйлчлүүлэхгүй тохиолдол ч байдаг хэмээн тэд ярилаа.  

-ОНГОЦ ГАЗАРДАХ ЦАГИЙГ ДӨХҮҮЛЭЭД ИРДЭГ-

Байгууллагын болон хувийн таксинууд МИАТ-ийн сайтаас онгоц буух цагийг мэдэж авдаг бөгөөд байгууллагын таксинууд онгоцны буудлын зогсоолд өдөр бүр бэлэн хүлээж байдаг бол хувийн таксинууд “онгоц газардах цагийг дөхүүлээд ирдэг” хэмээсэн юм.

Мөн ямар нэгэн аппликейшн ашигладаг эсэхийг асуухад байгууллагын таксинууд шууд “үгүй” хэмээн хариулсан бол хувийн таксинуудад мэдээлэл нь хангалтгүй байдаг улмаас ашигладаггүй боловч хэрэглэж үзэх сонирхолтой байгаагаа хэлж байлаа.

 -ХОТЫН ХААШАА Ч ЯВСАН 20 МЯНГА ГЭХЭЭР ҮНЭТЭЙ САНАГДДАГ-

Таксины тарифын тухай ард иргэдийн сэтгэгдлийг сонсоход “Хотын хаашаа ч явсан 20 мянга гэдэг. Манайх ойрхон учраас надад үнэтэй санагддаг. Яагаад ийм их үнэтэй явж байгааг асуухад “бид буцаад нисэх онгоцны буудал руу явахдаа хоосон байдаг” гэж хариулдаг” хэмээсэн юм. Харин хэсэг хүмүүсийн хувьд Нисэх онгоцны буудлын хаалгаар гарахад хамгийн ойрхон байдаг учраас байгууллагын таксинуудыг сонгож үйлчлүүлэх амар байдаг тухайгаа хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг Ч.ОТГОНБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button