Б.Бат-Эрдэнэ: АМГТГ шатахуунд шалгалт хийхгүй, лабораторийн зардал гаргаж чадахгүй гэсэн

Шатахууны чанар муудаж, ус хольсон байж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй талаар иргэд, олон нийт сошиал орчинд мэдээлж байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, хяналт шалгалтыг олон нийтийн төлөөллийн хамт хийе хэмээж буй. Түүнтэй холбогдож, байр суурийг нь товч тодрууллаа.
-Шатахууны чанарт хяналт шалгалт хийе гэж та нүүр хуудсаараа уриалж эхэллээ. ШӨХТГ-т яг энэ чиглэлээр гомдол, хүсэлт ирсэн үү?
-Одоогоор манай агентлагт ирсэн албан гомдол, хүсэлт алга. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд иргэдийн бичиж байгаа мэдээллээс харахад шатахууны чанарын асуудлыг дахин хөндөх шаардлагатай болжээ. Уг нь хуулиараа энэ асуудлыг УУХҮЯ болон АМГТГ хариуцаж, хяналт шалгалтаа хийх ёстой. Гэвч дуугарахгүй байна. Иймд бид дахин энэ асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Шатахууны чанарыг шалгадаг лаборатори нь АМГТГ-ын харьяанд байдаг. 2020-2021 оны хугацаанд гурван удаа шалгалт хийсэн. Хамгийн сүүлд зургадугаар сард шалгалт хийж, 25 ААН-ийг торгосон. Шаардлага хангасан нэг ч ААН байгаагүй. 16 ААН нь гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж, шүүхэд хандсан. Маргаан нь өнөөдөр ч шүүх дээр үргэлжилж байна.
-Энэ удаагийн шалгалтад олон нийтийн төлөөллийг оролцуулъя гэсэн байр суурь илэрхийлж байна гэж ойлгосон, зөв үү?
-Өмнө нь “Шатахуун импортлогчдын холбоо” ТББ-тай хамтарч, хяналт шалгалтын ажилд оролцож байсан. Энэ удаад мөн иргэдийн төлөөллийг оруулъя гэсэн байр сууриа дахин илэрхийлж байна. Уг нь ШӨХТГ, олон нийт шахаж шаардахаас өмнө УУХҮЯ, АМГТГ энэ асуудалд санаачилга гаргаж, манлайлан ажиллах ёстой. Шалгадаг ганц лаборатори нь тэдний мэдэлд байгаад байдаг. Бид өмнөөс нь “Шалгаад өгөөч” гэж гуйх, уриалах нөхцөл байдал үүсээд байна.
-АМГТГ-аас ямар хариу байр суурь илэрхийлж байгаа вэ?
-Тэд шалгалт хийхгүй гэсэн хариу өгчихөөд байж байна. Лаборитороор шалгалт хийх төлбөрийг энэ удаад гаргаж чадахгүй гэсэн. Сүүлийн шалгалтаар 17 сая төгрөгийн төлбөр гарсан. Одоо энэ төлбөрийг АМГТГ төлөхгүй гэж байгаа бол төрийн байгууллагууд хэрхэн зохицож, санхүүжит босгох вэ гэдэг асуудал яригдаж байна. Ер нь АМГТГ ажлаа хийхгүй байна.
Дөрөвдүгээр сард лабораториор нь шалгалт хийлгэхэд тоног төхөөрөмж эвдэрсэн гэх шалтгаанаар аравдугаар сард дүгнэлтээ гаргаж өгсөн. Зургаан сарын дараа. Ингэхээр тухайн шалгалтын ач холбогдол алга болчихож байгаа юм. Одоо бид ажлын хэсэг гаргаж, дахиад л АМГТГ-т санал тавих, хяналт шалгалтын зардлыг нь ямар байдлаар зохицуулах тал дээр асуудал дэвшүүлээд явж байна.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгвэл энэ газарын хэрэг гэж юу бна зүгээр цалин авч сандал ширээ бөглөж суух
жолооч нар мөнгийг нь гаргаад хянаад шалгаяаа
Том толгойтой дуракуудыг алыан тушаалаас нь авч хая. Хаанаас цалинжидаг юм. Жолооч нар 1-2 сар машинаа тавчихаач. Ингэж шаналж байхаар
АМГТГ шалгахгүй гэдгэнэ ААН тэй хувалдсан гэсэн үг шударга ёсииг тогтооё.
тэгвэл энэ газарын хэрэг гэж юу бна зүгээр цалин авч сандал ширээ бөглөж суух
Archaagui yum da.