Нийгмийн

МЭНДЧИЛГЭЭ

Одоогоос 28 жилийн тэртээх 1993 оны 10 сарын 23-ний энэ өдөр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК маань ашиглалтад орж, Монгол улсад анхны гангийн хайлалтыг хийж ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиийг нэвтрүүлсэн Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч болсон тэмдэглэлт өдөр юм. Анх 160 орчим ажилтантайгаар үйлдвэрлэлээ эхэлснээс хойш он цаг улирч өнөөдөр 1437 ажилтантай өнөр айл болон өргөжин тэлж, Монгол гангаар Монголыг хөгжүүлэх, Эрдэс баялгаас дархан ухаан шингээсэн Монгол ган үйлдвэрлэх Алсын хараа, Эрхэм зорилгыг биелүүлэхэд биечлэн оролцсон болон ажиллаж буй “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нэрээр овоглон түүхийг бичилцсэн үе үеийн хамт олон та бүхэн бол өнөөдрийн энэ баярт өдрийн эзэд билээ. Бид зах зээл, улс орны хүнд цаг үед болон өнөөг хүртэл төмрийн хүдрээс эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зорилгоор шаардлагатай уул уурхай, дэд бүтэц, хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтуудыг алхам алхмаар хийсээр байна. Тухайлбал Уул уурхай металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийн хүрээнд Ган бөөрөнцөгийн давтах аргын үйлдвэр, Шанаган зуух, Дахин халаах зуухны шинэчлэл ба автоматжуулалт, хаягдал төмрийн пресс хайч, хаягдал төмөр бутлах шредер зэрэг шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, уул уурхайн болон гангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үе шаттайгаар ахиулан сайжруулсан. Түүнчлэн Төмөртэйн, Төмөртолгойн уурхайн хуурай баяжуулах үйлдвэрүүд, нойтон баяжуулах үйлдвэрүүдийг байгуулан технологийн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүллээ. Дархан-Сэлэнгийн бүсдээ татварын сангийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг, томоохон үйлдвэрүүдийн нэг болсон нь цаашид нийгэмдээ оруулах улам илүү хариуцлага, хөгжил дэвшлийг авчрах хүсэл тэмүүллийг бий болгож байна. Бидний өнөөг хүртэл хамтын хүчээр бүтээн босгосон үйл хэргүүд дараагийн томоохон бүтээн байгуулалтын эхлэл билээ. Монгол Улс цоо шинэ гангийн үйлдвэртэй болох “Монгол Ган цогцолбор-1” төслийн бодлогын үндсэн бичиг баримт батлагдаж, төсөл амжилттай хэрэгжих суурь нь тавигдсанаар бидний дараагийн хамгийн чухал бүтээн босголтын үе хаяанд ирснийг хамт олон та бүхэндээ уламжлахад таатай байна. 28 жилийн тэртээ бид анхны ганг хайлж байсан бол бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төслүүд амжилттай хэрэгжсэнээр цөөн оны дараа бид шинэ үйлдвэрийнхээ анхны ганг өлгийдөн авч, тэрхүү баярт үйл явдлыг хамтдаа тэмдэглэх болно. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь илүү өргөжин тэлж, өөдлөн дэвшиж, түүний нэгэн хэсэг болж түүхийг бүтээлцсэн болоод бүтээлцэж яваа хамт олны минь амжилт, бүтээл, ажил, амьдрал ч мөн адил цэцэглэн дэлгэрэх ерөөлт он жилүүдийг угтах мэндчилгээг та бүхэндээ дахин дэвшүүлье.

Хүндэтгэсэн: “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн

Ерөнхий Захирал М. Отгонбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button