ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ: Хүн төрөлхтөн дараагийн тахалд бэлэн байхыг анхааруулав

“КОВИД-19” бол хүн төрөлхтний хувьд сүүлийн аймшигт цар тахал биш, дараагийн тахалд бэлтгэлтэй байх ёстой хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Дэлхий нийтээрээ жил болгоны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл тэмдэглэлт өдрийг 2020 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлан тунхагласан.

“КОВИД-19” нь хүн төрөлхтөнд нүүрлэсэн сүүлчийн тахал биш байх болно. Эрүүл мэндийн хямралтай тэмцэж байгаа энэ үед бид дараагийн цар тахалд бэлдэх хэрэгтэй. Цар тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрөөр эл асуудалд анхаарлаа хандуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг авч үзэх шаардлагатай” хэмээн Гутерриш бичжээ.

Цар тахал нь бүхэл бүтэн улс орон, хэд хэдэн хөрш орон, тивийг хамарсан өргөн цар хүрээтэй тахал. Маш олон тооны тохиолдол буюу хэдэн сая хүртэл хүнийг хамарч, үргэлжлэх хугацаа нь ч нэг жилээс хэдэн арван жил хүртэл үргэлжилдэг онцлог шинж чанартай.

Хамгийн аймшигтай үр дагаварт хүргэсэн зарим тахал өвчнийг тусгай нэрээр нэрлэсэн байна. Жишээлбэл, VI зууны “Юстинианы тахал”, XIV зууны “хар тахал”, мөн ХХ зууны томуугийн тахал буюу “Испани ханиад” зэрэг багтана.

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “КОВИД-19”-ийн дэгдэлтийг цар тахал гэж зарласан.

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар “КОВИД-19”-ийн 279 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 5.3 сая гаруй хүн нас бараад байгаа аж.

Хамгийн хэцүү нөхцөл байдал АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ-д үргэлжилж байгаа юм.

ДЭМБ халдварын дэгдэлтийн хариуд шинэ коронавирусийн эсрэг оношилгоо, вакцин, эм бэлдмэл боловсруулах ажлыг хурдасгах зорилготой Судалгаа, хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн. Эмийн томоохон компаниуд, биотехнологийн жижиг компаниудаас эхлээд эрдэм шинжилгээний төвүүд, ашгийн бус бүлгүүд хүртэл коронавирусийн эсрэг тэмцэлд гар бие оролцож байна.

“КОВИД-19”-ээс хамгаалах янз бүрийн вакциныг бий болгохын тулд тахлын эсрэг дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн түүхэнд урьд өмнө байгаагүй гэж ДЭМБ онолцдог.

ДЭМБ “КОВИД-19”-ийн эсрэг вакцин боловсруулах хүчин чармайлтыг зохицуулахын тулд олон улсын эмнэлзүйн туршилтын бүртгэлийн платформыг бий болгосон. Одоогоор дэлхийн хэмжээнд 168 улс орон вакцины эмнэлзүйн туршилтанд хамрагдаж байгаагаас эхний шатанд 40 нэр дэвшигч улс, хоёрдугаар шатанд 58, гуравдугаар шатанд 62 нэр дэвшигч оронд вакцин боловсруулж байна.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн болон мэргэжлийн хяналтад байгаа вакцины жагсаалтад ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Энэтхэг, Өмнөд Солонгос, Куба зэрэг орны 24 эм вакцин багтаад байна. Өнөөдрийг хүртэл ДЭМБ яаралтай тусламжийн зориулалтаар “КОВИД-19”-ийн арван вакциныг албан ёсоор бүртгэж авсан.

Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар тарьсан тун вакцины нийт тоо 8.9 тэрбум гаруй байна гэжээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-27 15:52

Энэтхэг хүн амтайгаа харьцуулахад х�##�двар бараг дарагдчихсан гэж болохоор болоод 2 сар өнгөрч байна. Мэдээллээ апдэйт хийж бай сэтгүүлчдээ

Холбоотой мэдээ

Back to top button