ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ-ын тэргүүн: “Баяр наадмаа цуцлах нь амиа алдсанаас дээр”

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ, “Омикрон” болон “Дельта” хувилбар нь дэлхийд өвчний шинэ давлагаа үүсгэж болзошгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.

“Шинэ хувилбарууд нь “цүнами”-д хүргэж болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн системд үзүүлэх дарамтыг улам ихээр нэмэгдүүлнэ” хэмээн онцлов. Итали, Швейцарьт “КОВИД-19”-ийн халдварын тохиолдлууд дээд цэгтээ хүрээд байгаа юм. Их Британид мөн коронавирусийн халдвар өдөр бүр шинэ дээд амжилт тогтоож эхэлсэн.

Францын Эрүүл Мэндийн сайд Оливье Веран тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар урьд байгаагүйгээр олноороо бүртгэгдсэнийг мэдээлж, халдварын тохиолдол нэмэгдэж байгааг “цүнами”-тай зүйрлэсэн.

Зул сарын баяр, шинэ жилийн баярын өмнөхөн, “Омикрон” коронавирусийн хувилбар тархаж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн ард иргэдийг болгоомжтой байж, боломжтой бол баяр ёслолын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриалсан талаар “Би-Би-Си” /ВВС/ мэдээллийн агентлаг мэдээлсэн.

“Баяр наадмаа цуцлах нь амиа алдсанаас дээр” гэсэн уриаг ДЭМБ-ын тэргүүн хэлж, улс орнуудын ард иргэдийг шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа юм.

“Бид бүгд энэ тахал өвчнөөс залхаж байна. Бид бүгд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсэж байна. Бид бүгд хэвийн амьдралдаа эргэж орохыг хүсэж байна. Тиймээс бид одоо өөрийгөө болон өрөөл бусдыг аварч, хамгаалахын тулд баяраа хийхгүй байхыг хүлээн зөвшөөрөх ёстой. Зарим тохиолдолд баяраа цуцалж эсхүл хойшлуулж болно. Одоо баяраа тэмдэглээд дараа нь гашуудаж байснаас цуцлаад дараа эрүүл саруул үедээ тэмдэглэх нь хавьгүй дээр” хэмээсэн.

Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн 2022 онд улс бүрийн хүн амын 70-аас доошгүй хувийг оны дундуур вакцинжуулалтад хамруулснаар л цар тахлын эсрэг тэмцэх ёстой гэсэн юм.

Мөн мэдээлэл хийх үеэр тэрбээр “Омикрон” хувилбар нь өмнөх “Дельта” хувилбараас хамаагүй хурдан тархаж, вакцин хийлгэсэн болон “КОВИД-19”-ийн халдвар авсан ч эдгэрсэн хүмүүст илүү хурдан халдварлаж байгаа нотолгоо байгаа гэж мэдэгдсэн байна.  

Мөн ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан хэлэхдээ “Омикрон” бол бусад хувилбаруудтай харьцуулахад хөнгөн шинж тэмдэг илэрдэг гэж итгэх нь үндэслэлгүй, ийм дүгнэлт хийхэд хэтэрхий бага мэдээлэлтэй хэвээр байна гэлээ. Тэрбээр мөн эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал хэт ихэссэн гэдгийг ч сануулав..

“Омикрон” нь АНУ-д нэлээд тархаж байгаа бөгөөд одоогоор коронавирусийн давамгайлсан хувилбарт тооцогдож эхэлсэн.

Голланд улс Зул сарын баярыг үл харгалзан хатуу хөл хорио тогтоогоод байна. Франц, Герман улс мөн ковидын хязгаарлалтаа чангатгасан. Лондон хотын дарга Садик Хан “аюулгүй байдлын үүднээс” Трафальгарын талбай дахь шинэ жилийн баярт зориулсан баяр ёслолын арга хэмжээг цуцалсан шийдвэр гаргасан ч тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны Засгийн газар хатуу арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button