ДЭЛХИЙНИЙГЭМ

“Тесла” компани Шинжаанд үзэсгэлэнгийн танхимаа нээсэн нь шүүмжлэл дагуулав

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” /Tesla Inc/ компани БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Оронд үзэсгэлэнгийн танхим /showroom/-аа нээлээ.

“Тесла” компани 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд Шинжааны нийслэл Өрөмч хотноо өөрийн үзэсгэлэнгийн танхимын нээлтээ хийсэн гэж тус компанийн албан ёсны “Weibo” цахим хуудсанд нийтэлжээ. Хятадын “Weibo” цахим хуудас бол “Твиттер”-тэй дүйцэхүйц хэмжээний олон хэрэглэгчтэй хуудас юм.

“2021 оны сүүлийн өдөр бид Шинжаанд ийнхүү уулзаж байна. 2022 онд Шинжаанд хамтдаа цахилгаан аялал хийцгээе” гэж “Тесла” компани нийтэлсэн байна.

Хятадад аль хэдийн олон шүтэн бишрэгчтэй болсон “Тесла” компани хамгийн том зах зээлтэй оронд бизнесээ эрчимтэй өргөжүүлж эхэллээ. Гэсэн хэдий ч, тус компани Шинжаанд үзэсгэлэнгийн танхим нээснээр АНУ-ын бусад пүүс компаниуд, тэр дундаа “Walmart Inc” компани болон “Intel” корпорацын нэр хүндэд сэв суулгах эрсдэлтэй хэмээн “The Wall Street Journal” онцолжээ.

Өмнө нь, Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen AG” /VW/ компани өөрийн үйлдвэрээ Өрөмч хотод барьж байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан хууль тогтоогчид болон Барууны хүний ​​эрхийг хамгаалагчдын шүүмжлэлд өртөж байсан удаатай. Учир нь тэд “Volkswagen AG” компанийг хүний хөдөлмөрийг мөлжиж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг хэмээн шүүмжилж байсан. Тиймээс “Volkswagen AG” шийдвэрээ хамгаалж, бараа нийлүүлэлтийн сүлжээнд нь хүмүүсээр албадан хөдөлмөр эрхлүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй гэж компани албан ёсоор мэдэгдэж байсан.

2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг АНУ-д импортлохыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан. Үүний шалтгаан бол АНУ-ын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, Хятадын эрх баригчид тус бүс нутагт мөн дээрхийн адил Шинжааны ард иргэдийн хүний эрхийг ноцтой зөрчдөг, тэднийг албан хүчээр, дарамт шахалтаар хөдөлмөр эрхлүүлдэг гэж буруутгасантай холбоотой.

Цагаан ордон мөн Хятад дахь уйгур болон бусад цөөнхүүдийг уусгах кампанит ажилд оролцсон хэд хэдэн компани, хувь хүмүүст хориг арга хэмжээ тогтоосон.

Өрөмч хотод ийнхүү үзэсгэлэнгийн танхим нээгдсэний дараа “Тесла” компани БНХАУ-ын 30 бүс нутаг, муж, Хонконг, Макао зэрэг орнуудад компаниа төлөөлөн оролцож байна.

(Эх сурвалж: New York Post)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button