
АНУ-д коронавирусийн Омикрон хувилбар тархаж байгаатай холбогдуулан вакцинжуулалтыг хараахан зөвшөөрөөгүй байгаа тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд эмнэлэгт хэвтэх тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс иш татан “Нью-Йорк Таймс” /The New York Times/ агентлаг мэдээлэв.
2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй дөрөв ба түүнээс доош насны 100 мянган америк хүүхдийн дөрөвт нь коронавирус илэрсэн аж.
Сарын өмнө энэ үзүүлэлт хоёр дахин бага байсан, харин өнгөрсөн жил гурав дахин бага байжээ. Үүний зэрэгцээ “КОВИД-19”-ийн халдвар авсан 5-11 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх түвшин 100 мянган хүнд 0.6 байгаа бөгөөд энэ тоо олон сарын турш тогтвортой хэвээр байна.
Нэмж дурдахад, “Нью-Йорк Таймс” сонины мэдээлснээр, холбооны эрүүл мэндийн албаныхан Омикрон хувилбар нь бага насны хүүхдүүдэд ахимаг насны хүүхдүүдээс илүү хүнд тусах магадлалтай гэж өмнө нь таамаглаж байсан.
Үүний зэрэгцээ, эмч нарын үзэж байгаагаар Омикрон хувилбарт халдвар авсан ч хүүхдүүд, тэр дундаа бага насны хүүхдүүд насанд хүрэгчдийнхээс “КОВИД-19”-ийн халдварын архаг шинж илрэх эрсдэл бага байгааг тус сонин онцолжээ.
(Эх сурвалж: New York Times)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.