
Нью-Йорк хотын Бронкс тойрогт байрлах 19 давхар орон сууцны барилгад гал гарч, 19 хүн, түүний дотор есөн хүүхэд нас барсан гэж “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв. Түймэр ням гараг /2022.01.09/-ийн 23:00 цагийн орчимд гарсан байна.
Нью-Йорк хотын дарга Эрик Адамс өөрийн “Твиттер” хуудсандаа “Өнөөдөр бид 19 хүнээ алдлаа. Энэ бол асар том эмгэнэл. Амиа алдсан иргэдийнхээ төлөө залбирцгаая, ялангуяа есөн хүүхдийн амь насны төлөө залбирцгаая” хэмээн жиргэжээ.

Хотын дарга Эрик Адамсын ахлах зөвлөх Стефан Рингель ням гарагт амиа алдагсдын тоог баталсан 19 байгааг баталжээ. Зөвлөх Рингелийн хэлснээр, тав гаруй хүн шархадсан бөгөөд одоогоор 13 хүний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Хүмүүс ихэвчлэн түймрийн утаанд угаартаж хордсон хэмээн Нью-Йорк хотын Гал түймрийн албаны /FDNY/ комиссар Дэниел Нигро мэдэгдэв. Нигрогийн хэлснээр, түймэр “Twin Park” барилгын хоёр, гуравдугаар давхарт байрлах хоёр давхар орон сууцанд гарчээ. Түймрийн эх үүсвэр нь байшингийн нэг орон сууцны унтлагын өрөөнд гарсан ба “цахилгаан халаагуурын гэмтэл” гарснаас болсон гэнэ. Байрны хаалга нь онгорхой байсан тул түймрийн утаа барилга даяар тархсан байна.
(Эх сурвалж: Associated Press)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.