Нийгмийн

Тонгад болсон ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ Перу улс хүртэл мэдрэгджээ

Тонга улсын олон арлуудын ойролцоо Хунга-Хаапай галт уул дэлбэрсэн нь сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Хунга-Хаапай галт уулын суурь нь усан дор байдаг. Галт уул дэлбэрсний дараа Номхон далайн эрэгт үүссэн цүнамигийн улмаас Өмнөд Америкийн Перу улсын хойд эрэгт хүртэл мэдрэгдсэн байна.

Галт уулын дэлбэрэлтийн нөлөөнд Перу улсын хоёр эмэгтэй иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, хоёр эмэгтэй хачирхалтай давлагаанд өртөж, усанд живэн амиа алджээ. Хачирхалтай гэдэг нь, Тонга арлын орчмын галт уулын дэлбэрэлт арван мянга орчим км-ийн зайд орших Перу улсын эрэгт мэдрэгдсэн явдал юм. Энэ талаар орон нутгийн онцгой байдлын албанаас ням гараг /2022.01.16/-т мэдээллээ.  

Осол Перу улсын Ламбаек тосгоны наран шарлагын газарт бямба гараг /2022.01.15/-т болсон.  

Галт уул дэлбэрсэний дараа Перу улсад цүнамигийг аюул эрсдэл үүсэж болзошгүй үндэслэлээр эрх баригчид Номхон далайн эрэг дагуу орших 22 боомтыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.

Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт мөн Фижи, Америкийн Самоа зэрэгт бүс нутагт цүнами үүсгэсэн. Самоа, Вануату, Шинэ Зеланд, Австрали, Япон, ОХУ, АНУ, Канад, Мексик, Чили, Эквадор зэрэг улс оронд цүнамигийн аюул нүүрлэнэ гэсэн сэрэмжлүүлгийг өгөөд байгаа юм.

Цүнамигийн хохирол Шинэ Зеланд, АНУ, Чили, Перу улсад бүртгэгдлээ. Дээр дурдсанчлан Перу улсад хоёр иргэн золгүйгээр амиа алдаж, АНУ-д гурван загасчин хөнгөн бэртэл аваад байна.

АЗИ ТИВД

Японы цаг уурчид гурван метр хүртэл өндөр цүнамигийн давлагаа болох аюул байгааг сэрэмжлүүлсэн. Наад зах нь 230 мянган япончуудыг нүүлгэн шилжүүлэхээр болж, хамгийн багадаа арван хөлөг онгоц хөмөрч, усанд живжээ.

Японы Кагошима хотод нэгдүгээр сарын 15-ны орон нутгийн цагаар 23:55 цагт 1.2 метр өндөр цүнами үүссэн. Тосашимизүд мөн цүнамигийн давлагааны өндөр 0.9 метр т хүрчээ. Чичижимад бас 0.9 метрийн өндөр цүнами бүртгэгджээ.

Тоохокүгийн эрэгт нэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:38 цагт 0.7 метр өндөр давлагаа үүссэн байна.

Сэндай боомтод мөн цүнами 0.9 метрт хүрчээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн 02:26 цагт Иватэ мужид 1.1 метр өндөр цүнами үүссэн байна. Хоккайдо арлын Номхон далайн эрэг дагуу нэг метр хүрэхгүй цүнамигийн давлагаа бүртгэгджээ. 2016 онд болсон Фүкүшимад болсон газар хөдлөлтөөс хойш анх удаа тус улс цүнамигийн аюул болно хэмээн сэрэмжлүүлэв. Японы цаг уурын агентлагаас цүнами нь таамаглаж байснаас 2.5 цагийн өмнө болсон гэж мэдээлэв.

ОХУ-ын Курилын арлуудад 20 см хүртэл өндөр давлагаа бүртгэгдэж, цүнамигийн аюул ирж буйг зарлав.

Номхон далайн арлуудад мөн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа явагдсан. Тухайлбал, Америкийн Самоа улсад хүчтэй давлагааны улмаас Савайи арлын тосгоноос зуу гаруй гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн байна. АНУ-ын баруун эргийн мужууд ч цүнами үүсч болзошгүйг анхааруулав.  

АМЕРИК ТИВД

Цүнамигийн давлагаа 1.3 метрийн өндөртэй Порт Сан Луис, Калифорни мужийн Арена Ков хотод 1.1 метр хүртэл өндөртэй цүнамигийн долгион бүртгэгдлээ. Санта Круз боомт их хэмжээний давлагаанд өртөж, боомтын зогсоол 0.91 метрийн өндөртэй үерт автжээ.

Чили улсын хойд хэсэгт 2 метр хүртэл өндөр давлагаа далайн эрэгт хүрсэн байна.  Чилийн 16 бүс нутгийн 14-т нь эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргэсэн байна. Далайн эргийн 6400 гаруй км-т түгшүүрийн улаан төвшин зарлажээ. Чилийн Үндэсний Онцгой байдлын газраас цүнами шөнөжин үргэлжилж магадгүй бөгөөд гамшигт өртсөн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Мексикийн булан болон Карибын тэнгист бага зэргийн цүнами бүртгэгдэж, Пуэрто Рикогийн усны төвшин 0.12 метрээр нэмэгдсэн байна.  

(Эх сурвалж: New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button