ДЭЛХИЙНИЙГЭМ

Европ тив коронавирусийн өмнө өвдөг сөхөрлөө

ДЭМБ-ын тэргүүн дэлхийн удирдагчдад хандан коронавирусийн цар тахал хараахан дуусаагүй байгааг анхаарууллаа. Тедрос Аданом Гебреисусийн хийсэн эл уриалга бол Европын улс орнууд “КОВИД-19”-ийн халдварын дээд цэгтээ хүрч байгаа ч тэдний зарим нь хөл хорионы дэглэмээ сулруулаад эхэлсэнтэй холбоотой. Тухайлбал, Их Британид ирэх долоо хоногоос, Ирландад сарын сүүлээр олон хязгаарлалтуудыг цуцлахаар боллоо.

Хэдийгээр ДЭМБ ийнхүү цар тахлын аюулд төгсгөл ирээгүй, тайвширч болохгүй хэмээн дахин дахин анхааруулж, сануулах болов. Тэгвэл сүүлийн үед Европ тив ДЭМБ-ын үгэнд орохоо байв. Тэнд “КОВИД-19” халдварын талаар шинэ стратеги төлөвлөгөө баримтлах талаар зэхэж буйгаа зарлаад эхэлсэн. Тэд коронавирусийг ханиад томуу, улаанбурхан зэрэг халдварт өвчинтэй дүйцүүлэн жишиж, хүн төрөлхтөн эдгээр өвчинтэй өмнө нь яаж тэмцэж ирсэн шигээ төстэй тактикаар тэмцэх болсноо мэдэгдэж байгаа юм.

Тэдний нэг том төлөөлөл бол Испани. Испанид хүн амын 80 гаруй хувь нь вакцины хоёр тунгаа хийлгэж, хүн амын дундах вакцинжуулалтын төвшингөөрөө бүс нутагтаа дээгүүрт орж байгаа ч цар тахлын үеэр эдийн засаг нь хамгийн их хохирсон орнуудын нэг болсон. Гэсэн ч, Испанийн эрх бааригчид “хямралын горимоос хяналтын горим руу” шилжинэ гэсэн төлөвлөгөө боловсруулж байгаагаа зарлалаа.

Тус улсын Ерөнхий сайд Педро Санчез хэлэхдээ, “Ирэх сар, жилүүдэд бид бүхэн шинжлэх ухаанч санал зөвлөмжүүдийг эргэлзээгүй дагаж мөрдөн, цар тахалтай тэмцэх шинэ арга замыг эрэлхийлэх шаардлага тулгарлаа” гэлээ. Үүнтэй уялдуулан Европын Холбоонд хандан мөн шинэлэг хандлага, төлөвлөгөө баримтлахыг уриалсан юм.

Энэ нь угтаа коронавирусийг нийгэмд байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч, дасан зохицож амьдрах сонголтыг хийж буй хэрэг юм. Ингэх нь дан ганц коронавирустэй тэмцэх бус бусад төрлийн өвчнүүдэд ч зохих ёсны анхаарлаа хандуулах боломж нээгдэнэ хэмээн үзэж эхэллээ. Тэгээд ч коронавируст цар тахлын дараа дараагийн давлагаанд цар тахал анх дэлгэрч байх үеийн тактикийг ашигласаар л байх нь ямар ч утгагүй, үр өгөөжгүй зүйл хэмээн Испанийн Ерөнхий сайд Педро Санчез мэдэгдсэн юм.

Харин Испанийн хөрш Португал улсын хувьд, Ерөнхийлөгч Марсело Ребело дэ Соуса сая шинэ он солигдох мөчид ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тус улсын хувьд коронавирусийн халдварын “эндемик түвшинд шилжсэн” тухайгаа зарласан. Түүнээс хойш Омикрон хувилбарт халдварын тохиолдол эрс нэмэгдэж, нэг өдөрт бүртгэгдсэн тохиолдол 44 мянгад хүрсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн болон нас барагсдын тоо өмнөхтэй харьцуулахад эрс бага байгаа гэдгийг онцолсон.

Тэгвэл Их Британид олон нийтийн газарт амны хаалт зүүх, мөн заавал ковидын гэрчилгээг биедээ авч явах зэрэг халдвар хамгааллын журмыг нэгдүгээр сарын 26-нд цуцлахаар боллоо. Омикрон тархалт тус улсад оргил үедээ хүрээд буусан гэж үзэж байгаа тул хөл хорио, элдэв хязгаарлалт, хоригуудыг ойрын хугацаанд шат дараатайгаар цуцлана гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн. Тэрбээр мөн л Португал улсын нэгэн адил коронавирусийн халдвар “эндемик түвшинд очиход хуулиар заасан заавал дагаж мөрдөх ёстой журмуудыг зөвлөмж, удирдамж болгон зөөлрүүлэх хэрэгтэй” хэмээн үзэж байгаа юм.

Түүнчлэн, цар тахлын нөхцөл байдал Герман, Итали улсад ч хүнд байна. Тэнд ковидыг шинэ норм гэж үзэх бус харин вакцинжуулалтыг өмнөхөөсөө улам эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж эхэлсэн. Ялангуяа, нийгмийн зорилтот, эрсдэлт бүлгүүдийг вакцины бүрэн тунд хамруулахад анхаарлаа хандуулж эхэллээ.

Энэ мэтчилэн, Европын улс орнууд кооронавирусийг байх ёстой хэвийн зүйл хэмээн тооцож, түүнтэй зохицож амьдрахаас өөр аргагүй гэсэн шинэ тренд /хандлага/ газар авч байна. Гэсэн хэдий ч, Европ тивийн энэ шинэ хандлагыг Ази тив хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, БНХАУ тэргүүтэй Азийн олон оронд “Ковидгүй улс” гэсэн бодлого хэрэгжүүлж, олон улсын аялал жуулчлал, агаарын нислэг зэрэгтэй Европын шинэ бодлого хэрхэн уялдах нь одоогоор тодорхой биш байна.

Франц улсын хувьд гудамж талбайд иргэдээ амны хаалт зүүх ёстой гэсэн журмыг цуцалж, олон нийтийн газруудад ковидын гэрчилгээний хэрэглээг нэвтрүүлнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гараг /2022.01.20/-т телевизээр хэлсэн үгэндээ дурдсан. Үндсэн Хуулийн Зөвлөл холбогдох шийдвэрийг гаргавал ковидын гэрчилгээний журам ирэх даваа гараг /2022.01.24/-аас хэрэгжиж эхэлнэ хэмээв.  

Франц улсын Парламентын баталсан ковидын гэрчилгээний тухай хуулийн төслийг одоо шүүхийн зөвлөл нарийвчлан хянаж байгаа юм.

Эл хууль хэрэгжиж эхэлснээр, 16 болон түүнээс дээш насны иргэн бүр зоогийн газар, кафе, кино театр, спортын төвүүд, музей зэргээр үйлчлүүлэх, мөн холын зайн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо вакцины бүрэн тунд хамрагдсанаа нотлох шаардлагатай болно гэсэн үг. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдэд коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарснаа батласан эрүүл мэндийн гэрчилгээний журмыг хүчингүй болгох аж.

“КОВИД-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурвал ковидын гэрчилгээний  журмыг хэрэгжүүлэхээ түр зогсооно хэмээн Ж.Кастекс мэдэгдэв. Түүний хэлснээр, цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа учир францын ард иргэд ирэх хоёрдугаар сарын 2-ноос эхлэн гудамж талбайд амны хаалтгүйгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм.

Халдварын энэ удаагийн давлагаа хараахан дуусаагүй байгаа ч нөхцөл байдал нааштай болж эхэлсэн хэмээн Ерөнхий сайд онцлов. Хэдийгээр Францад өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа нь пүрэв гарагт 425,183 тохиолдол илэрснээс илт харагдаж байгаа ч гэлээ тэрбээр одоогийн давлагаа намжиж байна гэж үзэж байгаа юм. Францад нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 12-17 насныхныг вакцины нэмэлт тун /бүүстер тун/-д хамруулж эхлэнэ.

Халдварын дээд амжилтыг Герман шинэчиллээ. Өнгөрсөн хоногт тэнд 133 мянган шинэ тохиолдол илэрлээ. Энэ бол өмнө нь байгаагүй тоо юм. Үүнийг үл харгалзан Герман улс мөн л хөл хорионы журмыг цуцлахаар шийджээ.

Чех улсын хувьд иргэдээ албадан вакцинжуулалтад хамруулахаас татгалзаж эхэллээ.

(Эх сурвалж: CNN; BBC; TASS)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button