ВИДЕО КОНТЕНТ

ВАЛЕНТИНЫ БАЯР: Хөөрхөн, эгдүүтэй, адтай Мандахаа, хөгжилтэй, халамжтай Жанлав

Өнөөдөр гэгээн хайрын Валентины баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан залуу хос Алтанцэцэгийн Жанлав болон түүний найз бүсгүй Өлзий-Оршихын Энхмандах нартай ярилцлаа. “Наашаа цаашаа” гэдэг нэртэй, 283.000 дагагчтай цахим хуудастай тэднийг “Ингэснүүдээ” гэдэг үгийг трэнд болгосон бичлэгээр нь хүмүүс бүр ч илүү сайн мэднэ.

Сурагчийн ширээнээс найзалж, нөхөрлөн, бусдаас нэгнээ онцгойлон харж, үерхсэн тэд МУИС-ийн гуравдугаар курсийн оюутнууд. Залуу хосын хайрын түүхээр хамтдаа аялъя.

-Юуны өмнө та хоёртоо Валентины баярын мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглэж байна уу?

А.Жанлав (А.Ж):- Баярлалаа. Бүх хосууддаа Валентины баярын мэнд хүргэе. Чамдаа ч мөн гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.

Ө.Энхмандах (Ө.Э):- Баярлалаа. Чамдаа ч гэсэн Валентины баярын мэнд хүргэе. Чи минь хөөрхөн шүү. Надад гоё сэтгэлийн үгээ хэлбэл...

А.Ж:- Чамайгаа би үргэлж хайрладаг. Чамтайгаа дандаа хамт байна аа, үхэн үхтлээ. Чамдаа хэлэхийг хүсдэг чин сэтгэлийн үг минь зөндөө. Яг ингээд асуухаар тулгамддаг юм байна. Одоо чинийхээ сэтгэлийн үгийг сонсъё.

Ө.Э:- Чи минь миний хамгийн том, мундаг баатар шүү.

А.Ж:- Баярлалаа. Хайртай шүү, чамдаа.

-Та хоёр арван жилдээ нэг ангид сурдаг байсан юм билээ. Бусдаас нэгнээ онцгойлон харж, үерхэж эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу?

А.Ж:- Бид хоёр үерхэхээсээ өмнө гурван жил найзласан. Бүхий л үед хамтдаа байж, нэгнээ дэмждэг сайн найзууд байсан юм. Би жаахан шохоорхдог байсан. Миний хайр чинь ёстой хөөрхөн шүү дээ. Арван жилдээ бүр ч эгдүүтэй байсан.

Ө.Э:- Хичээл дээр, гадуур гээд үргэлж л хамтдаа явдаг байсан. Хамтдаа байхын хэрээр нэгэндээ дасдаг юм билээ. Нэг мэдэхэд хайртай болчихсон байсан. Тэгээд л үерхэх санал тавихыг нь хүлээсэн дээ (инээв).

А.Ж:- Өдрөөс өдөрт дасан, улам хайртай болсоор байсан. Мандахаа ч мөн надад дасан, сэтгэлтэй болсон нь хамгийн гоё. Би ёстой азтай байгаа биз.

Ө.Э:- Чи минь үнэхээр сайн залуу. Найзалж байхдаа нэгнээ сайн таньсан, дотно байсан болохоор надад ямар нэгэн эргэлзээ байгаагүй. Хэлж буй үг, гаргаж буй үйлдэл бүрээс нь чиний минь сэтгэл надад мэдрэгддэг байсан. 

А.Ж:- Өдөр ирэх тусам бид хоёр нэгэндээ дасан, би хайртдаа улам хайртай болсоор байлаа.

-Зарим залуус “Найзыгаа гомдоочих вий” гээд сэтгэлээ илчилж зүрхлэхгүй өнгөрөх нь бий. Жанлавт тийм эргэлзээ байсан уу?

А.Ж:- Надад тийм эргэлзээ, айдас огт байгаагүй. Зөвшөөрнө гэдэгт нь бат итгэлтэй байсан. Би өөртөө яагаад тийм итгэлтэй байсан бэ гэвэл, би хайртай гэдгээ үйлдлээрээ үргэлж илэрхийлэхийг хичээдэг байсан юм. Хайртыгаа гуйсан мөчийг одоо ч өчигдөр мэт тод санаж байна. Гуйхаасаа өмнө Мандахааг миний найз охин болно гэдэгт нь итгэлтэй байсан. Тиймээс өөртөө их итгэлтэй гуйсан юм. Огт сандарч, айгаагүй.

Ө.Э:- Манайх хөдөө амьдардаг. Өвөрхангайд, гэртээ оччихсон байхдаа Жанлавтай сар гаруй утсаар харилцсан. “Намайг хэзээ гуйх юм бол. Зун гуйх юм болов уу. Найман нуур дээр үерхэх санал тавих юм болов уу” гэж бодож, хүлээдэг байлаа.  “За, эсвэл гуйх арай болоогүй байх” гэх бодол ч төрж байв.

А.Ж:- Чамайг тэгж байхад чинь би “Яаж гуйх вэ” гээд завгүй гүйж явсан шүү дээ.

-Үерхэх санал хэрхэн тавихаа хэр удаан төлөвлөсөн бэ. Гэнэтийн бэлэг барьсан уу?

А.Ж:- Тэгэлгүй яах вэ. Би өмнө нь хэн нэгэнд амаараа үерхэх санал тавьж үзээгүй байсан юм. Анх удаа сэтгэлээ илчилсэн минь Мандахаа. Үерхэх санал хэрхэн тавих, яаж гуйхаа би сарын турш төлөвлөсөн. Нууран дээр очоод гуйна, нар жаргах үед нүдийг нь боогоод гаргаж ирнэ, лаа асаана гээд бүхнийг нарийн бодсон.

Хамгийн удаан бодсон нь бэлэг. “Ямар бэлэг өгвөл илүү их баярлуулах вэ” гэж бодож, бодож балетын гутал сонгосон. Мэргэжлийн нэр нь өөр, энгийнээр ойлгуулахын тулд балетын гутал гэж хэлсэн юм шүү. Мандахаа балетын гутлан дээр үнэхээр гоё харагддаг. Тиймээс би тийм бэлэг сонгосон. Мөнгөө цуглуулж, цуглуулж байгаад “Gem mall”-ын зургаан давхраас авч билээ. Бас нэг зүүлт бэлэглэснийг Мандахаа үргэлж зүүдэг. Нээрэн тэгэхэд бид хоёрын сэтгэлд хоногшсон нэг ая байдаг, тийм ээ.

Ө.Э:- Жанлав үнэхээр сэтгэлтэй. Би тэр аяыг бүр арваннэгдүгээр ангид байхдаа фэйсбүүктээ шэйрлэсэн байсан юм. Миний фэйсбүүкийг тэр хүртэл нь гүйлгэж байгаад тэр аянд дуртайг мэдээд, гуйхдаа тавьсан гээд бод доо.

А.Ж:- Хоёр жилийн өмнөх постыг нь олохын тул Мандахаагийн фэйсбүүкийг ёстой тултал нь ухсаан.

Ө.Э:- Би тэр аяыг нэг хэсэг сонсоогүй, миний утсан дээр байдаггүй. Сэтгэлд эгшиглэдэг ая. Найман нуурын эрэг дээр тэр ая гэнэт эгшиглэхэд “Wow” гээд баярласан, Жанлав гуйхад нь сэтгэл үнэхээр их хөдлөсөн, догдолсон.

А.Ж:- Тэр үед “Хайрыгаа баярлуулж, догдлуулж чадлаа” гээд өөрөөрөө бахархмаар санагдсан. Гоё мэдрэмж төрсөн.

-Өнгөрсөн жилийн Валентинаар хөл хориотой байсан. Та хоёр гэгээн хайрын баяраа хэрхэн тэмдэглэсэн бэ?

А.Ж:- Өмнөх валентинаар бид хоёр Өвөрхангайд байсан. Тэнд коронавирусийн тохиолдол батлагдан, хөл хориотой үе таарсан л даа.

Ө.Э:- Би хайртдаа зориулж нууцаар захиа бичсэн. Жанлав хайруулын тавган дээр шоколад хайлуулсан.

А.Ж:- Хөл хориотой байсан тул гадуур тэмдэглэх боломж байгаагүй. Тиймээс хоёулаа машиндаа болзон, Валентинаа тэмдэглэж байлаа.

Ө.Э:- Хоёулаа их пактласаан. Жанлав цаасаар хийсэн цэцэг, шоколад надад бэлэглэсэн. Намайг баярлуулах гээд коктейл хийсэн гээд бод доо, гоё байгаа биз. Хайлуулсан шоколадыг нь амссан чинь аймар гашуун...

А.Ж:- Сүү бас бус юм хольдгийг нь мэдэхгүй, “Ozera”-гийн шоколадыг шууд хайлуулаад бэлэглэсэн юм. Тэгсэн чинь түлэгдчихсэн.

Ө.Э:- Би хазсанаа “Гоё байна аа, гоё байна” гээд идсэн (инээв).

А.Ж:- Би өөрөө амсаад үзсэн чинь аймар гашуун байсан. Хийсэн коктэйл маань бас бүтэлгүйтсэн. Архийг нь хэтрүүлээд ёстой баларсан. Нил архи амтагдсан. Хэдийгээр тэгж пактласан ч үнэхээр гоё, дурсамж дүүрэн тэмдэглэсээн, бид хоёр.

Ө.Э:- Ёстой тэгсэн. Хоёулаа хоорондоо захиа солилцсон. Тэр захиагаа одоо унших бүрд үнэхээр гоё санагддаг. Өмнөх Валентины бүхий л гоё, гоё дурсамжууд хөвөрдөг.

А.Ж:- Тэр захиа одоо ч надад байдаг.

Ө.Э:- Одоо хаана байна?

А.Ж:- Улаан куртикны халаасанд бий. Өнгөрсөн жил Валентинаар би тэр курткийг өмсөн, захиагаа халаасанд нь хадгалсан юм. Одоо тэнд байнга хадгалдаг. Тэр курткээ ер хаяж чаддаггүй. Улаан курткэнд минь өмнөх жилийн Валентины бүхий л сайхан дурсамж шингээстэй, халаасанд нь захиа байгаа учраас.

-Ө.Э:- Бид хоёрт олон сайхан дурсамж бий. Тэр захидал, үерхэх санал тавих үед эгшиглэсэн ая, энгэрийн зүүлт гээд зөндөө. Жанлавын бэлэглэсэн цаасан цэцгийг би одоо ч хадгалдаг.

А.Ж:- Захидлаа уншихаар яг өмнөх жилийн Валентин руу буцдаг. Тэр өдрийн баяр хөөр, догдлол, аз жаргал гээд бүгдийг нь мэдэрдэг. Захидал гэлтгүй хайртдаа бэлэглэсэн зүүлтээ харахаар Найман нуурын эрэг дээр үерхэх санал тавьсан үе рүү оччихсон юм шиг санагддаг.

-Хосууд олон жил үерхэх тусам нэгэндээ уусдаг, зан зангаа авалцдаг гэдэг. Та хоёр нэгэндээ хэр ууссан бэ?

Ө.Э:- Алтны дэргэдэх гууль шарлана аа гэдэг шиг үү.

А.Ж:- Тэр ёстой яг үнэн. Мандахаагийн хэлдэг үгнүүдийг би нэг мэдэхэд хэлээд сурчихсан байсан. Хийдэг үйлдлүүд маань адилхан болсоор байгаа. Нээрэн сүүлийн үед миний нүд томроод байгаа юм шиг санагдаад байгаа (инээв). Мандахаа том алаг нүдтэй, минийх онигор.

Ө.Э:- Миний хамар өндөр болоод ч байгаа юм шиг (инээв). Ямар ч хосуудад муудах, сайндах үе зөндөө. Хоорондоо ам муруйсан үедээ аягүй сайн ярилцдаг. Заримдаа би гэдийчихдэгт уучлаарай. Цаанаасаа эмэгтэй хүний бардам зан маань хөдлөөд байдаг юм аа. “Иймхэн юман дээр уучлалт гуйчихгүй” гээд гүрийчихдэг.

-Хос бүхэнд хайраа улам өнгөлдөг, нэгнээ хайрладаг, халамжилдаг жор бий. Та хоёрын жор юу вэ?

А.Ж:- Би Мандахааг үнэхээр эрхлүүлж, халамжлах дуртай. Хайрт минь анхандаа ийм эрх хүүхэд байгаагүй. Эрхэмсэг, өөртөө итгэлтэй, шийдэмгий, зорилгодоо хүрч байж л санаа нь амардаг, “төмөр эмэгтэй” байсан юм. Үерхэж эхлэхдээ “Яаж Мандахаатай урт удаан хугацаанд хамтдаа амьдарч, ирээдүйд гэр бүл болж, ханиа болгох вэ” гэж бодсон. Яаж зөөлөн эмэгтэйг бүтээх вэ гэж бодохгүй юу.

Бодож, бодож байгаад нэг арга олсон нь хайр, халамж. Эмэгтэй хүн бүхэн уян зөөлөн, эрэгтэй хүнээс хайр, халамж хүсдэг. Яг үүн дээр би тулж ажилласан юм. Зүгээр л би Мандахааг чин сэтгэлээсээ хайрласан, тултал нь халамжилсан.

Хоорондоо ширүүн харилцаатай хосууд байдаг. Яг хайрлаад байгаа юм уу гэж гайхмаар. Хайрлаж байгаа юм шиг хэрнээ өөрийнхөө эрхэнд, эрх чөлөөгүй байлгаад байдаг.

Ө.Э:- Хайртай мөртлөө сэтгэлээ ил гаргадаггүй.

А.Ж:- Харин тийм ээ. “Чамдаа хайртай шүү” гээд ганц удаа үнсчихдэггүй, энгэртээ тэврээд унтчихдаггүй. Тийм хандлага эмэгтэй хүнийг эвддэг, хатуу болгодог. Үүнийг би анзаарсан учраас хайртыгаа цаг ямагт эрхлүүлсэн, халамжилсан. Хайрлаж, халамжилж, эрхлүүлэх тусам Мандахаа уян зөөлөн болсон, намайг эргүүлээд улам их хайрласан.

Цаашид өвөө, эмээ болтлоо, насан эцэслэх хүртлээ хайртыгаа яг ингэж хайрласан хэвээр байх болно. Насан туршдаа чамайгаа хайр, халамжаар дутаахгүйн төлөө хичээнэ ээ.

Ө.Э:- Баярлалаа, чамдаа.

А.Ж:- Монголд гэлтгүй гадаадад хүүхэд шиг хөтлөлцөөд, үнсэлцээд, тоглоод нэгнээ хайрладаг нандин харилцаатай эмээ, өвөө нар олон бий. Тийм хүмүүсээс би үлгэрлэдэг. Настай хүмүүс хайрын нандин харилцаагаа яаж олон жил хадгалсны нууц юу гэвэл ерөөсөө л хайр, халамж, итгэл. Эрхлүүлдэг, эрхэлж чаддаг нандин харилцаа чухал. Хаа явсан газраа эрхлэлдээд байна гэсэн үг биш. Хоёулхнаа байхдаа. Миний хосын жор энэ.

Ө:Э- Найз охиноо хайрлаад ч байгаа юм шиг, хардаад, хатуурхаад ч байгаа юм шиг залуус бий. Эрэгтэй хүн хайрлаж, халамжлах тусам эмэгтэй хүн зөөлөрдөг, өөрчлөгддөг гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Одоо чи минь хосын жороосоо хуваалцана уу?

Ө.Э:- Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хайрлах, үнэнч байх. Нэгэндээ итгэх, дэмжих хамгийн чухал.

А.Ж:- Манай хүн аймар үнэнч. Би энэ зан, чанарыг нь хүндэлж явдаг.

Ө.Э:- Хайр нь чамайгаа заримдаа харддаг.

А.Ж:- Монголчууд “Хайртай бол хартай” гэж ярьдаг. Яг энэ үгний мөрөөр алхахаараа дэргэдэх хүнээ зовоогоод байдаг байхгүй юу. Өөрөө болохоор “Би ханиа энэ хүнээс харамлаж, хамгаалаад байна” гэж боддог. Гэтэл хардах өвчнөөр өвчлөөд, хажуудах хүнээ тамлаад байдаг юм шиг санагддаг. Хань нь өөр хүнтэй ямар ч холбоогүй байхад зүгээр л хий төсөөллөөр харддаг. Хардах бол төсөөллийн өвчин.

Харамлах чинь хардахаас тэс өөр зүйл. Хэн нэгэн гудамжаар найз бүсгүйтэйгээ алхаж явлаа гэж бодъё. Найз бүсгүй рүү нь залуус харцаа гүйлгэн, “Хөөх, ямар хөөрхөн юм бэ” гэж бодно. Бусад залуу руу муухай харан, найз охиноо харамлахад эмэгтэйд нь ямар ч дарамт ирэхгүй байгаа биз. “Найз залуу минь намайг хамгаалж, харамлаж байна” гэж бодогдон, бүсгүйд сайхан санагдана.

Харин эсрэгээрээ найз бүсгүй рүүгээ муухай харж, уурласнаа “Яагаад эд нар чам руу хараад байгаа юм бэ. Таньдаг юм уу, уулзаж байсан юм уу” гэвэл эмэгтэй хүн сэтгэлийн ямар их дарамтад, эвгүй байдалд орох нь ойлгомжтой. Хардах, харамлах хоёрын ялгаа энэ юм шиг санагддаг. Тэгэхээр чи минь намайг харддаг биш харамладаг байхгүй юу. Тиймээс өөрийгөө намайг харддаг гэж битгий бодож байгаарай.

Ө.Э:- За, хайр аа.

-Үл ойлголцсон, ам муруйсан үедээ хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?

Ө.Э:- Би шүү дээ. Манай хүн мөчөөгөө өгөхгүй. “Миний зөв” л гээд байдаг юм. Гэхдээ хааяа өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, түрүүлж буулт хийж байгаарай. “Миний зөв” гээд л дайраад байдаг шүү.

А.Ж:- За, хайр аа. Би логик ярих дуртай. Хийсвэр зүйлийн талаар ярих дургүй. “Нэг талд нь л зөв, буруу байх ёстой” гээд дайрчихдаг. Цаанаа бол “Аль, алинд нь буруу байгаа, Жанлав аа. Мандахаагаас уучлалт гуйлаа гээд чамаас юу ч унахгүй” гэх бодол далд ухамсарт байдаг. Тэгсэн мөртлөө нүүрэн дээрээ “Яагаад миний буруу гэж” гэдэг үе бий, бий. Одоо энэ алдаагаа засах гэж аягүй их хичээж байгаа.

-Та хоёр “Наашаа цаашаа” гэдэг нэртэй, 283,000 дагагчтай цахим хуудастай. Цахим орчинд хөгжилтэй бичлэг, контент хамтдаа хийх санаа хэрхэн төрсөн бэ?

Ө.Э:- Яг анх эхлүүлсэн нь өмнөх жилийн цагаан сар. Хөл хорионы үеэр уйдчихсан байхдаа хоёр бичлэг хийсэн юм. Тэгээд орхичихсон байсан. Яг эрчээ авсан, бичлэг идэвхтэй хийж эхэлсэн маань өнгөрсөн оны аравдугаар сар.

-“Ингэснүүдээ” гэдэг трэнд болсон бичлэгээс хойш гэсэн үг үү?

А.Ж:- Тийм ээ. Хоёулаа анх ярилцан, контент хийхээр шийдээд ахтайгаа зөвлөлдөж байлаа. “Ийм сэдвээр бичлэг, контент хийе” гээд нэгнийхээ гаргасан санааг тултал нь дэмждэг. Нэг нь илүү, нөгөө нь дутуу хичээсэн гэсэн юм байхгүй. Хоёулаа л хичээж, хөдөлмөрлөж яваа.

Ө.Э:- Бид хоёр зохиол бичээд, бүр аймар төлөвлөж байгаад хийдэггүй.

А.Ж:- Унтах гээд хэвтэж байхдаа ч зарим видеогоо ярилцчихдаг.

Ө.Э:- Зарим тавилттай видео, сэдвийн талаар ярилцахад Жанлав ёстой урамтай. “Ингэе, ингээд хийчихье” гээд гоё, гоё санаа түүнээс ундардаг.

А.Ж:- Би найруулагч, манай хүн  аягүй чадварлаг жүжигчин. Манайх хоёрхон гишүүнтэй “продакшн” (инээв). “Яагаад контентоо нарийн төлөвлөж, чанартай контент хийхэд бүхнээ зориулж, зүтгэхгүй байгаа юм бол” гэж зарим хүн гайхаж магадгүй. Энэ ийм учиртай. Загварын эргэлт ямар байгаа билээ. 1990-ээд онд моданд орж байсан хувцаснуудын стайл одоо эргээд ирж байгаа. Үүн шиг дижитал ертөнц, техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүс эргээд эгэл жирийн, энгийн, байгалиараа төрхийг хүсдэг.

Контентын ертөнц ч мөн ялгаагүй. Тавилттай жүжиг, кино, контент үзсээр байгаад бүр дасчихсан. Тэр хэрээр хуучин, эгэл жирийн, оригинал юмыг санаж, үгүйлж эхэлдэг. “Дээр үеийн кинонууд гоё. Одоо хамаг юмыг компьютер графикаар хийгээд хиймэл, бодит бус болсоор байна” гэж шүүмжлэх хүн олон. Энэ хөөрхөн өнцгийг олж харсан нь бид хоёрын давуу тал. “Нээрэн яг ингэдэг шүү дээ” гэж хэлэгдэх, энгийн мөртлөө хүн бүхний амьдралд тохиолддог, ойр зүйлсийг контентоороо дамжуулан гаргаж ирэхийг хүсдэг.

Ө.Э:- Бичлэгний бүх юмыг манай хүн өөрөө хийдэг. Бид хоёр влог хийдэг. Манай влогийн интронуудыг хүмүүс их сонирхдог. “Хүнээр хийлгэсэн юм уу” гэж асуудаг. Интрогоо манай хүн өөрөө хийдэг байгаа шүү.

-“Ингэснүүдээ” гэдэг үгийг трэнд болгосон бичлэгийг хүмүүс одоо ч үзэх дуртай. “Ингэснүүдээ” гэж хүмүүс нэгэндээ хэлдэг нь хэвээрээ. Тэр бичлэгийг тавилттай хийсэн үү. Эсвэл зүгээр л санамсаргүй явж байгаад бичсэн юм уу?

А.Ж:- Ямар ч тавилт байхгүй. Зүгээр л явж байгаад санамсаргүй бичсэн юм. Тухайн үед бид хоёр бүжгийн бэлтгэл хийчихээд тарж явсан юм л даа. Аймар өлсчихсөн явсан. Мандахаа тэгж хөөрхөн ярихаар нь биччихсэн юм. Сошиалд тавъя гэж бодоогүй. Зүгээр л дараа нь дурсамжтай гээд хадгалахын тулд тэр бичлэгийг хийсэн юм. Мандахаатай анх найзласан, үерхэж эхэлснээс авхуулаад бүхий л үеийн дурсамжтай зураг, бичлэгээ хадгалдаг фолдер надад бий. Тэр цуглуулгандаа нэмье гээд л хийсэн бичлэг.

-Мандахаа бусад үед ч мөн “Ингэснүүдээ” гэж хэлдэг үү?

Ө.Э:- Би Жанлавтай байх үедээ өөрийнхөөрөө, эрх дураараа байдаг. Эмэгтэй хүн угаасаа хайртай хүндээ жаахан хүүхэд шиг эрхэлдэг шүү дээ. Хайртынхаа дэргэд би “Ингэснүүдээ” гэж хэлэх нь байтугай эрхэлдэг.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, би бичлэгэн дээрхээсээ тэс өөр хүн.

А.Ж:- Бичлэгэн дээр байгаа Энхмандах зөвхөн надтай л хамт байхдаа тэгж эрхэлдэг, тийм зан, ааш, үйлдэл гаргадаг.

Ө.Э:- Огт мяглаагүй, жүжиглээгүй, тавилтгүй, яг өөрийнхөөрөө байгаа минь л тэр.

-Олонд танигдан, контентууд нь хүрэхийн хэрээр та хоёрын амьдралыг сонирхох хүмүүсийн хүрээлэл тэлсээр. Хувийн амьдрал руу нь өнгийн, заримдаа орон зай руу нь хэтэрхий халдахад эмзэглэдэг үү?

Ө.Э:- Би эхний сар заримдаа гутарч, шантарч байсан. Уйлсан.

А.Ж:- “Хүмүүс чинь ямар муухай юм бэ. Хоёулаа болих уу” гэдэг байсан. Зүгээр л хөгжилтэй бичлэг, зарим нь жинхэнэ бус, тавилттай гэдэг талаас нь харахгүй шууд хүлээж авангуутаа элдвээр шүүмжлэхэд нь гайхсан.

Ө.Э:- Нэг удаа аав над руу утсаар залгаад “Чи наад бичлэгээ боль. Чамайг “Энэ нэг юм чинь сэтгэцийн өвчинтэй юм уу” гээд фэйсбүүкт биччихэж” гэсэн.  Аав, ээж хоёр тэгж хүндээр тусгаж, хүлээж авч байхад надад ямар байсан нь ойлгомжтой. Тэр үед надад хүнд, хэцүү байсан. Жанлав минь миний дэргэд байж, түшиж, тулсных нь хүчээр тэр үеийг ажралгүй давсан. Одоо тийм шүүмжлэл, элдэв постыг тоохоо больсон.

А.Ж:- Зарим хүн бид хоёрын мэдэрч байгааг мэдрээгүй учраас л тэгж шүүмжилдэг байх.

-Эргээд хайрын тухай ярилцъя. Хайрын үнэ цэнэ юу вэ?

Ө.Э:- Нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж, халамжлан, өөрийнхөөрөө, байгаагаараа байх л их чухал.

А.Ж:- Нэгнээ анх харж байсан нүдээрээ, сэтгэлээрээ насан туршдаа хайрлах л хайрын гол үнэ цэн. Хайр халамж, үнэнч сэтгэл мэдээж чухал. Хамгийн гол нь Мандахаагийн хэлсэнчлэн, нэг нэгэнтэйгээ байгаагаараа, ямар нэгэн хэлбэргүй харилцах хэрэгтэй.

-Хайртынхаа юугаар нь хамгийн их бахархдаг вэ?

Ө.Э:- Бүхий л зүйлээр нь бахархдаг. Намайг, манай аав, ээжийг хүндэлдэг, хайрладгаар нь хамгийн их бахархдаг. Намайг халуун хайраар үргэлж дулаацуулдагт баярлалаа, чамдаа.

А.Ж:- Хосууд нэгнийхээ эцэг, эхийг нь хүндлэх үнэхээр чухал. “Би чамд хайртай. Чамайгаа насан туршдаа хайрлана” гэдэг үг өргөн агуулга, цар хүрээтэй.

Хосууд нийлснийхээ дараа нэгнийхээ эцэг, эхийг “Аав, ээж ээ” гэж дууддаг. Зөвхөн охиныг нь бус аав, ээжийг нь ч мөн төрсөн эцэг, эх шигээ хүндэлж, хайрлах хэрэгтэй.

За, одоо хайрынхаа юугаар нь бахархдагаа хэлье. Мандахаа үнэхээр үнэнч. Чамдаа би үнэхээр их итгэдэг. “Миний хайр намайг хэзээ ч хуурахгүй” гэж нүүр бардам, итгэл төгс явах хэчнээн сайхан гэж санана. Үнэхээр гоё.

-Кинонд тоглох бодол та хоёрт бий юү?

А.Ж:- Кинонд, контентод тоглох санал бид хоёрт ирдэг. Өөрсдийнхөө тоглох дүрийг их судалдаг. Хоёулаа хос биш, сөрөг дүрд сүжиггүй. Бид хоёр хосоороо тоглохыг хүсдэг. Өөр хүний найз залуу болоод жүжиглэнэ гэхээр надад төсөөлөгддөггүй. Мэргэжлийн жүжигчин биш тул угаасаа чадахгүй. Одоо нэг санал ирчихсэн байгаа. Зохиолтойгоо хараахан танилцаж амжаагүй явна.

-Эмэгтэй хүн бүхэн Жульетагийн дүрийг бүтээхийг хүсдэг. Мандахаа ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

Ө.Э:- Wow, ямар гоё асуулт вэ. Би зэвүүн, хэрсүү, дайчин, галзуу эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг. Угаасаа надад галзуу зохино.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та хоёр нэгэндээ чин сэтгэлийн үгээ хэлнэ үү?

Ө.Э:- Надад байгаа бүх юм маань чи минь.

А.Ж:- Дахиад олон, олон Валентины баярыг хамт тэмдэглэн, энэ амьдралыг хамтаа туулахыг хүсэж байна.  Бүх хосууддаа Валентины баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:35

Энэ хоёр ёстой хөөрхөн

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:35

Эмэгтэй нь хайр татам шүү

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:42

Өчигдөр орой цацсан бичлэг нь хөөрхөн байсан

Зочин
Зочин
2 сар 14, 2022 08:48

Ёмиой хөөрхөн хосууд шүү

ganbolor
ganbolor
2 сар 14, 2022 08:50

hoorhon hosuud ve.

zochin
zochin
2 сар 14, 2022 08:53

hoorhon yum be emee n huuhduuddee az jargal husiy

Haha
Haha
2 сар 14, 2022 13:42

Un tojig unertuulsen gishii chaaj bnaa

зочин..
зочин..
2 сар 15, 2022 18:03

Хөөрхөн хосуудад баяр хүргэе. Хатдаа урт удаан жаргаарай!

Холбоотой мэдээ

Back to top button