Алтны өндөр үнэ төгрөгийн ханшийг дэмжинэ
Олон улсын томоохон санхүүгийн байгууллага, судалгааны газрууд 2022 онд алтны үнэ тогтвортой, өндөр түвшинд байх таамгийг гаргасан нь Монгол Улсын валютын нөөц, төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Тухайлбал Goldman Sachs ирэх 12 сард алтны үнэ унц нь $2150 байна гэж таамагласан нь өмнөх төсөөллөө $150-оор нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Bank of America 2022 онд алтны үнэ дунджаар $1925 байх төсөөллийг нийтэлсэн байна.
World Gold Council энэ онд алтны үнэ өнгөрсөн 2021 онтой ойролцоо түвшинд хадгалагдах төлөвтэйг тайландаа онцолсон. Ковид 19-ийн өмнө $1300 орчимд байсан алтны үнэ ийнхүү түүхэн өндөр түвшинд байхад дараах хүчин зүйлс нөлөөлнө гэж дурдсан байна:
- Дэлхий нийтээрх өндөр инфляц
- Ковидоос үүдсэн зах зээлийн савлагаа
- Геополитикийн нөхцөл байдал
- Төв банкуудын алт худалдан авалт
- Энэтхэг, БНХАУ зэрэг орнуудад гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байх төлөв.
Түүнчлэн, алт нь Монгол Улсын нэг гол экспортын бүтээгдэхүүн бөгөөд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг дэмждэг үнэт металл юм. 2022 оны 1 дүгээр сард Tөв банк 1.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Өнгөрсөн 2021 оны хувьд Монголбанк нийт 21 тн үнэт металл худалдан авсан нь валютын нөөцийг $1 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.