Мөнгөний бодлого: Төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төвбанкны тэнцлээс гаргахаар Үндсэн чиглэлд тусгажээ
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёр бүлгийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Үндсэн чиглэлийн төсөлд Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд:
-Иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхийн тулд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах Мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх
- Төвбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлаар тодорхой болгох, төсөв, мөнгөний бодлогын уялдааг институтийн түвшинд бэхжүүлэх, Төвбанкны санхүүгийн хараат бус байдлыг сэргээх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх
- Төвбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг үе шаттай шийдвэрлэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төвбанкны тэнцлээс гаргах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлнэ гэж тусгажээ.
Түүнчлэн Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд:
-Банкны салбарын өрсөлдөөн, засаглал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын банкны оролцоог дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Базелын хорооны стандартуудыг үе шаттай нутагшуулах,
-Чанаргүй зээлийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх болон чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлснээр активын чанарыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх
-Цахим залилан, санхүүгийн луйврын эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд байгууллага хоорондын шуурхай мэдээлэл солилцоо, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална хэмээн тусгасан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.