Төвбанк, Засгийн газар хоёрын дунд "шидэгдсэн" алдагдал хийгээд инфляцаа яах вэ

Монголбанкны хуримтлагдсан алдагдал ₮6.9 их наядад хүрсэн тул “үүнээс цааш газар үгүй” гээд Засгийн газраар тусгай бонд гаргуулж 5 жилийн хугацаанд алдагдлаа нөхөх тухай саналаа 2027 оны төсөв хэлэлцэх үеэр оруулж ирсэн нь энэ хоёр институцийн хооронд “гал авалцах” шалтгаан болов уу гэлтэй.
Сангийн сайд нь “Яахаараа бид төсөв дээр ачаалал авч, Та нарын алдагдлыг бууруулах ёстой юм. Монголбанк өөрөө мөнгөний бодлогоороо шийдэх ёстой” хэмээн хүрлийгээд буруу хараад суучихсан.
Нөгөө талд Монголбанкныхан “Олон улсад ийм л жишигтэй шүү дээ. Одоо л арга хэмжээ авахгүй бол 2030 онд ₮10 их наядад хүрч, Төвбанкны үнэт цаасны хэмжээ 2041 онд 83 их наядад хүрнэ. Бид өөрийн хөрөнгөө нэмэхгүй бол итгэл буурна, институцийн чадамж суларна, бодлогын орон зай ч хумигдаж байна” гэж хавчиганах. Ингэхэд Төвбанкны хуримтлагдсан алдагдал хэнийх юм, хаанаас гараад ирсэн ₮6.9 их наяд билээ?
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар "Энэ алдагдал 2012 оноос хойш хуримтлагдсан. Ипотекийн зээлийн санхүүжилт, Үнэ тогтворжуулалтын хөтөлбөр, тэтгэврийн зээлийн тэглэлт, БНХАУ-тай хийсэн своп хэлцэл гээд үе үеийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үүнд нөлөөлсөн. Тиймээс хуулиараа энэ алдагдлыг Засгийн газар бонд гаргаж барагдуулах зохицуулалттай” гэх тайлбар хэлсэн. Үүнтэй бүрэн санал нийлэх ч хүмүүс байна, тал хагасыг нь үнэний ортой гэх эдийн засагчид ч бишгүй.
Юутай ч үе үеийн Засгийн газар улс төрийн ашиг сонирхолтой, популист амлалт хүслээ хангуулах болохоороо “Энэ зэргийн алдагдал яадаг юм” хэмээн Төвбанкныхантайгаа хүзүү сээрээрээ холбогдчихоод, алдагдлаа эргүүлээд нөхөх болохоор араа даахгүй “Бидэнд хамаагүй, танайх өөрсдөө зохицуул” гэж бие бие рүүгээ бухаж шидлэх нь арчаагүй үйлдэл.
Ипотекийн хөтөлбөр дээр л гэхэд Засгийн газар, Монголбанк хоёр эцэстээ “даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болж, “Танайх ав” хэмээн нэг нэгэндээ ацаглаад багагүй хугацаа өнгөрсөн юм даг.
Засгийн газар нь өрөө яах вэ гэж байхад Монголбанк нь алдагдлаа яах вэ гэдэг асуулттай тулсан энэ цаг үед эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал: Төвбанк ашигтай ажиллах ёстой, Засгийн газраасаа асууж бай гэдэг систем рүү орох гэж байгаа бол маш сайн судлаарай
-Монгол Улсын эдийн засаг энэ жил 6%-ийн инфляцтай байх ёстой гээд УИХ дээр танилцуулсан бол үүндээ ч хүрэх ёстой. Тэрний төлөө мөнгөний бодлогын зардал гарна. Одоогийн Төв банкны үнэт цаасны зардал нийт мөнгөний дөрөвний нэг болчихсон буюу 14 их наяд байгаа. Тэрийг 10%-аар тооцох юм бол жилд 1,4 их наяд. 2016 онд намайг Ерөнхийлөгч байхад энэ тоо 1 их наяд байсан. Гэхдээ нийт мөнгөнийх нь 10%, тэгээд улирлын чанартай эдийн засгаа дагаад 3 сарын хугацаатай байсан юм. Одоо бол 12 сарын хугацаатай болоод ийм өндөр үлдэгдэлтэй, 10-аад их наяд төгрөгийн зардал гарчихсан байгаа. Одоогийн харьцаагаар ярих юм бол М2 чинь бараг 300 их наяд болох гээд байгаа юм уу даа. Мэдээж энэ бол инфляцын эсрэг Төванкнаас гаргаж байгаа бодлогын зардал. Төв банкны алдагдал гэдэг нь эдийн засагт орж байгаа шууд болон шууд бус дэмжлэг. Төв банкны ашиг гэдэг эдийн засгаас авч байгаа татвар. Байдаг л зүйл.
Гэтэл одоо энэ зардлаа яах вэ гэнгүүт нийлүүлж байгаад Засгийн газартайгаа хуваалцдаг болъё. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчихье, нэг бол Засгийн газрын өр болгоод нэмчихье гэх үү. Хэрэв Төв банк инфляцтай тэмцэх тэмцлийнхээ зардлыг Засгийн газар дээр бичээд, түүгээр хаалгаад, эсвэл иргэдээс гаргуулаад байх юм бол Төв банк байх хэрэгцээ байхгүй.
Мөнгөний бодлогын зардал, үйл ажиллагааныхаа зөвшөөрлийн “виз”-ийг Засгийн газар руу шууд зөөнө. Ингэвэл хараат бус байдлаа алдана. Төв банк нь Засгийн газрынхаа доор, харьяанд нь орно. Одоогийн манай хуулиар ингэж болохгүй.
Өнөөдөр энийг өөрчлөх гэж байгаа бол та нар системийн маш том өөрчлөлт хийх гэж байна. Үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн тогтолцоог өөрчилж Төв банкаа Засгийн газрынхаа доогуур аваачиж тавих гэж байгаа бол сайн хэлэлцээрэй, судлаарай, тийм амархан ч бас сэдэв биш шүү.
Уул нь бидний гол ярих юм маань 6%-ийн инфляц амлачихаад 10%-ийн инфляцтай байж болдог юм уу, яаж энийг буулгах юм. Энэ тухай УИХ, Засгийн газар, МАН, АН, салбарын мэргэжилтнүүд, экспертүүд бид шүүмжлэх ёстой сэдэв байх. Мөнгөний бодлогын хүрээнд ядаж л инфляц хамгийн чухал ойлголт шүү. Төв банкны хуулиар хоёрхон “мандат” өгсөн байдаг. Нэг нь инфляц, нөгөө нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал. Өөр мандат байхгүй шүү дээ. Төвбанк ашигтай ажиллах ёстой, Засгийн газраасаа асууж бай гэдэг өөр мандат өгөх гэж байгаа бол хэцүү. Тэрийгээ хуульдаа бич, бичээгүй тохиолдолд одоогийнхоороо явж байх ёстой л гэж бодож байна.
Эдийн засагч А.Батпүрэв: Инфляц цаашдаа хэд байх юм, Төвбанк ямар зардал гаргаад ямар үр дүнд хүрсэн юм бэ гэдэг тоо ярих ёстой
Төв банкны алдагдлыг энэ зас төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлнээс боллоо, 2012 оноос хойш үүссэн гэдэг худал тайлбар байдаг. Гэтэл тоог нь аваад үзэхээр энэ алдагдлын чинь 75% нь Төв банкны үнэт цаасны хүүгийн зардал, валютын своптын зардал. Мэдээж янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь бол үнэн, тэр тусдаа асуудал. Тэрийгээ болих нь бол зөв байх. Харин дийлэнх алдагдлынх нь эх үүсвэр болсон хоёр асуудлаа бид орхиж болохгүй. Төвбанк ийм их үнэт цаасны зардал гаргаад түүгээрээ хүрсэн үр дүн нь юу юм бэ гэдгийг асуумаар, яримаар байна. Ирэх онд инфляц хэд байх юм, ямар зардал гаргаад ямар үр дүнд хүрсэн юм бэ гэдэг тоо яримаар байгаа байхгүй юу.
Мөнгөний бодлогын баримт бичгээс нь харахаар энэ тоо байхгүй. Дунд хугацаанд 5 хувь гэж байгаа. Дунд хугацаанд гэдэг нь 3 жилийн дараа юм уу, 5 жилийн дараа юм уу тодорхойгүй. Хоёрдугаарт, их хэмжээний алдагдал үүсэж байгаагийн бас нэг шалтгаан нь своптой холбоотой. Ер нь Төв банк валютын харилцаанд ченж шиг хэт оролцоод, валют цуглуулдаг болоод байгааг бид харж л байна.
Эдийн засагч Р.Шинэгэрэл: Засаг нь засгийнхаа ажлыг, Төвбанк нь яг өөрийнхөө үүрэгт ажлыг л хиймээр байна
Хамгийн түрүүнд Төв банкны үүргийг Засгийн газрын үүргээс салгах ёстой. Ялангуяа Засгийн газрын зарим чиг үүргийг гүйцэтгэснээс үүдэж бас Төв банкан дээр их хэмжээний алдагдал үүссэн гэж үзэж байгаа. Тийм учраас засаг нь засгийнхаа ажлыг хийе, Төв банк нь яг өөрийнхөө үүрэгт ажлыг хийх ёстой. Нөгөө талдаа үнэ ханшийн өсөлтийг зохицуулах зорилтын хүрээнд энэ алдагдал нэлээд өссөн. Өнөөдөр ЗГ ямар нэгэн хуулиар одоо энэ инфляц дээр үүрэг хүлээхгүй байгаа. Гэтэл одоо нийлүүлэлтийн гаралтай инфляц бол сүүлийн жилүүдэд өссөөр энэ онд бол маш ихээр нэмэгдсэн.
Энэ бол цэвэр Засгийн газрын бодлогын алдаа гэж харж байгаа. Дайнаас болоод өөр улс орноос шатахуунаа татах гэтэл богино хугацаанд татаж авах дэд бүтэц, зам, шилжиж буулгах, хил гааль, агуулах сав гээд ямар ч бэлтгэлгүй байсан. Тийм учраас энэ асуудлуудыг бид бодлогын хүрээнд яаралтай ялгаж салгаж шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Өнөөдөр мөнгөний бодлого, сангийн бодлого хоёулаа нэг чигт явах ёстой. Инфляцыг бууруулах гэж байгаа бол хоёулаа бууруулах чиглэл рүү явах ёстой. Мөнгөний бодлого нь бодлогын хүүгээ нэмсэн,өндөр түвшинд байлгаж байгаа. Гэтэл яг эсрэг талд нь Засгийн газар төсвийг тэлсэн. Үйл ажиллагааны зардлуудаа маш ихээр нэмэгдүүлсэн, үр ашиг нь тодорхойгүй хөрөнгө оруулалтуудыг маш ихээр эхлүүлэх ийм төсөв яваад байгаа.
Тэгэхлээр энэ хоёр бодлого маань хоёр тийшээ харчхаад байна шүү дээ. Ийм байхад бодлогын үр дүн хэзээ ч ард иргэд дээр өгөөж болж ирэхгүй, үнийн өсөлт татварын дарамт, алдагдал болж л амьдралд буудаг. Тиймээс энэ бодлогуудын уялдааг бид нар зайлшгүй авч үзэх ёстой. Гэтэл Эдийн засгийн байнгын хороон дээрээ ч энэ асуудлаа нээлттэй ярихгүй, инфляц, мөнгөний бодлого, төсвийн бодлого хоорондын уялдааны асуудлыг “хаалттай хүрээнд ярилцах ёстой сэдэв”гээд хаачихдаг. Тийм учраас асуудал нэлээн ноцтой байгаа юм байна гэж харж болохоор санагдсан.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Нийлүүлэлтийн шинж чанартай инфляц дээр Засгийн газар үүрэг хүлээж, зохицуулах ёстой
Засгийн газар инфляцыг Төвбанкны асуудал гээд хаячхаад байгаа. Гэтэл нийлүүлэлтийн шинж чанартай асуудал болбол Төв банк шийдэж чадахгүй. Үүнийг Засгийн газар л бодлогоороо зохицуулах ёстой. Эрэлтийн гаралтайг нь бол мөнгөний бодлогоороо зохицуулах үүрэгтэй. Энэ тухайгаа үе үеийн Төв банкнхыхан засгийн өөдөөс нь гарч ирээд олигтой чангахан ч хэлдэггүй. Ингэж явсаар жилийн жилд одоо бодлогын хүүгээ нэмэх, хасахаа Сангийн яамнаас асуух түвшинд очих гээд байгаа байхгүй юу.
Тиймээс Засгийн газартай хамтраад, өмнөх олон жил хуримтлагдсан тэр зардлуудыг хаах арга хэмжээг ярьж байгаа нь зөв гэж би хувьдаа хардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн жилүүдэд ашиг орлоготой байгаа дээрээ Төвбанкны алдагдлаа эхнээс нь нөхөж санхүүжүүлье гэдэг ийм саналыг дэмжиж байгаа.
Эдийн засаг судлаач Р.Даваадорж: Засгийн газар нь Төвбанкныхаа бодлогыг сонсож, зөвлөмжийг авах нь битгий хэл, уурлаж загнадаг
Төв банкны алдагдал хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан. Үнэт цаасны хүүгийн зардал, Хятадын Ардын банктай хийсэн свопт хэлцлийн зардлаас гадна Засгийн газар, манай улс төрчдийн бодож олдог янз бүрийн хөтөлбөрүүд нэрмээс болсон. Ипотекийн зээлийн санхүүжилт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” гээд. Эдгээр нь зөвхөн хүүгийн зардлын зөрүүн дээр их хэмжээний алдагдал гараад байгаа юм биш. Зах зээл рүү асар их хэмжээтэй мөнгө орж ирлээ. Энэ мөнгийг зах зээл дээрээс буцаагаад татаж авахгүй бол инфляц хөөрөгдөх учраас Төв банкны үнэт цаасыг гаргаад ахиад давхар алдагдал үүсдэг.
Ипотекийн зээл гэж иргэдэд их сайхан, бага хүүтэй зээл гэдэг чцаана нь ийм хоёр давхар зардал гардаг. Манайх шиг хэн нэг улс төрч гэнэт нэг өглөө босож ирснээ 3, 5 хувийн хүүтэй зээл гаргана гээд хууль батлаад хэрэгжүүлчихдэг, зах зээл дээрх 15 хувийн бодит хүүгийн зөрүүг төр, Төвбанк хоёр нь үүрдэг түүх дэлхийд ховор. Ард нь дандаа алдагдал дагаж байдаг.
Төвбанкны бие даасан статус маш чухал. Герман зэрэг эдийн засаг нь хүчирхэгжсэн, хөгжлөөрөө толгой цохиж яваа улс орнуудад Төвбанк нь мөнгөний бодлогоо гаргаад, Сангийн яамандаа өөрийнхөө зөвлөмжийг хүргүүлдэг. Гэтэл манайд болохоор бодлого хэрэгжүүлдэг хоёр институц болох Засгийн газар, Төвбанк нь алдагдлаа яах вэ гэхээр шал өөр, эсрэг тэсрэг байр суурь яриад, нэгэн рүүгээ түлхдэг.
Манай Засгийн газар бол Төвбанкныхаа бодлогыг сонсож, зөвлөмжийг авах нь битгий хэл, шууд уурлаад загнаж байна шүү дээ. Тиймээс бид мөнгөний бодлого, сангийн бодлогоо ойлгож, энийг хамтад нь зөв зүйтэй удирдаж явуулж байж л нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.