НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Сан Франциско хотын MDT агентлагийн модель найман настай М.Үжин охинтой ярилцлаа

-ЗАГВАРАА ӨМСӨӨД ДУУСАХААР ДИЗАЙНЕР СУЗАННА НАМАЙГ АМТТАНЫ ӨРӨӨ РУУ ДАГУУУЛЖ ОЧДОГ-

Сан Франциско хотод амьдардаг найман настай монгол охин моделийн  ажилд орж, анхны цалингаа Ид шидийн орны үйл ажиллагаанд хандивласан тухай бахархалт мэдээг нийгмийн сүлжээнээс харж М.Үжинтэй холбогдсон юм.

-Ид шидийн орны багачуудынхаа өмнөөс баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би хүүхдүүдэд тусалж сайн үйл хийсэндээ их баяртай байгаа. Хүүхдүүд бүгдээрээ аз жаргалтай байх ёстой гэж би боддог.

-Ид шидийн орны тухай хэрхэн мэдсэн бэ?

-Ид шидийн орон болон Лантуун Дохио ТББ-ын тухай анх ээж минь надад ярьж өгч байсан. Өнгөрсөн оны 11 сард Facebook болон PayPal компаниас зарласан өгөх мягмар гариг буюу #GivingTuesday өдөр ээж минь Лантуун дохио АНУ ТББ-д хандивын аян зохион байгуулж 3045 $ цуглуулж байсан юм. Тэр үеэс би зөндөө мөнгөтэй болохоороо хэцүү амьдралтай хүүхдүүдэд туслахад зориулна гэж бодож эхэлсэн.

-Үжин маань ажилд ороод удаагүй байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Би Сан Франциско хотын MDT агентлагтай хоёр жилийн моделийн гэрээ 8 нас хүрэх төрсөн өдрөөрөө байгуулсан. Тэгээд томоохон компани болох StitchFix-д загвар өмсөгчөөр шалгаран ажиллаад анхныхаа цалин 132 $-ын чек авсан юм. Үүнээс 100 $-ыг Ид Шидийн оронд хандивлаад үлдсэн мөнгөөрөө өөртөө болон хоёр дүүдээ зөндөө ном авсан.

-Ажлаа танилцуулаач. Хэдэн цаг хэрхэн ажилладаг вэ? Онцлог нь?

-Шинэ хувцасны коллекцийг худалдаанд гарахаас нь өмнө өмсөж дизайнаруудын багт танилцуулна. Бас надад ямар санагдаж байгаа сэтгэгдлээ хэлдэг юм. Хоёр долоо хоногт нэг удаа очоод нэг цаг орчим загвар өмсдөг.

- Ажлынх нь юу нь хамгийн гоё вэ?

- Загвараа өмсөөд дууссаны дараа дизайнер Сузанна намайг дандаа амттаны өрөө рүү дагуулж очдог нь гоё.

- Наймхан настай охинд бусдад сайн сайхныг өгөх ийм халуун сэтгэл зүрх байгаа нь үнэхээр бахархууштай. Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Миний мөрөөдөл гэвэл би дэлхийд танигдсан дуучин бас жүжигчин болохыг хүсдэг. Тэгээд зөндөө мөнгөтэй болохоороо хүүхдүүдэд туслаад бас зөндөө ан амьтанг хамгаална.

- МАНАЙ СУРГУУЛЬ ДОЛОО ХОНОГТ  НЭГ Л НҮҮР ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГДӨГ-

-Сургуулийнхаа тухай яриач...?

-Би Мурвүүд бага сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Би сургуульдаа явах маш их дуртай. Миний хамгийн дуртай хичээл гэвэл дуу хөгжим, шинжлэх ухааны хичээл. Шинжлэх ухааны хичээл дээрээ бид дандаа сонирхолтой туршилтууд хийдэг. Мөн 4 дөх өдөр бүр ангиараа сургуулийн номын сан орж шинэ 2 ном авч гэртээ харьдаг. Би ном унших их дуртай. Тийм болохоор хагас сайн өдөр бүр ээж дүү нартайгаа том номын сан явж зөндөө гоё ном авч гэртээ уншдаг. Хичээлийнхээ хажуугаар Калифорни мужийн Бэй Эриад үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа Гэр төвийн Монгол сургуульдаа явдаг. Тэнд би Монгол бүжгийн 1-р анги, шатрын 2-р анги болон Монгол хэлний 2-р ангид сурдаг.

-Ямар мундаг юм бэ? Ийм олон төрлийн ажлыг хэрхэн зохицуулж амжуулдаг вэ?

-Баярлалаа. Аав ээж маань их тусалдаг. Бас манай сургууль долоо хоногт нэг л нүүр гэрийн даалгавар өгдөг. Тэр даалгавар нь ихэнхдээ хэн нэгэн хүнд тусла, дүүдээ орой унтахад нь үлгэр уншиж өг, аав ээжтэйгээ шинэ газар очиж үз, хэн нэгнийг гэнэт баярлуул, гадаа тогло, үзсэн кино уншсан номныхоо тухай өөрийн сэтгэгдэлийг бич гэх мэт байдаг. Тийм учраас дуртай дугуйландаа явах зөндөө цаг гардаг.

-Найзуудынхаа тухай ярьж өгөөч? Бас англи хэлийг хэрхэн сурсан талаараа?

-Надад зөндөө найзууд байгаа. Хамгийн сайн найзууд гэвэл Амиляа Эмили Ариана Нинжин бас Изабэлла. Англи хэлийг хичээлдээ яваад бас ном их уншаад сурсан.

-Амьтан хамгаална гэж ярьсан. Яагаад?

-Бид гэр бүлээрээ суугаад Netflix-ийн Planet Earth цувралуудыг үргэлж үздэг. Би тэндээс маш их зүйл ойлгодог. Тэгээд амьтдыг бүх хүмүүс хамгаалах хэрэгтэй гэж боддог болсон. Манай гэрийн гадаа зөндөө мод байдаг. Тийм болохоор зөндөө хэрэм шувуу цацагт хяруул бас буга байдаг. Улаанбаатар хотод мод байхгүй болохоор амьтад байхгүй гэж ээж хэлсэн. Надад их гунигтай санагдсан.

- Үе тэнгийн найзууддаа хандаад юуг хэлэх вэ?

- Бүгдээрээ аз жаргалтай байгаарай. Зөндөө гоё ном уншаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button