ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын хоригт нэгдэж, оросуудыг “буланд шахаагүй” улс орнууд

Украины нөхцөл байдлын улмаас ОХУ-ын эсрэг дэлхийн бараг бүх улс улс төрийн болон эдийн засгийн хатуу хориг тогтоогоод байгаа энэ цаг үед хоригт нэгдээгүй улс орон ч байгаа юм. Ингээд хориг тогтоогоогүй улс орны мэдээллийг тивээр нь ангилан та бүхэнд толилуулъя.

ЕВРОПТ

Европын бараг бүх улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг дэмжсэн. Гэсэн ч хоригт нэгдээгүй улс байна. Серби улс хоригт нэгдэхгүй гэдгээ мэдэгдэв. Тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич Европын Холбоо болон АНУ эл асуудлаар Белградад ихээхэн дарамт шахалт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Серби улс Европын Холбоонд элсэхийг эртнээс хүссээр ирсэн. Одоо харин Брюссельд Европын гаргасан бүх л шийдвэрийг дэмжихийг шаардаж эхэлсэн. Гэвч, Сербийн ард иргэдийн “өрөвдөх сэтгэл” нь Оросын талд байгаа нь тодорхой байна. Гуравдугаар сарын 4-нд Сербид Москваг дэмжсэн олон хүний жагсаал цуглаан жагсаал болсон. Босни-Герцеговина ч Боснийн сербүүдийн байр сууринаас болж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг мөн дэмжээгүй.

Унгар улсын хувьд Брюсселиэс тодорхой хэмжээгээр ялгарч байна. Унгарын Ерөнхий сайд Орбан Виктор хэлэхдээ, “Герман, Италиас ялгаатай нь манай улс Украин руу зэр зэвсэг нийлүүлэхгүй” гэв. Мөн Киев рүү зэвсэг нийлүүлэхдээ Унгарын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжгүй, хаалттай гэсэн юм.

ТУСГААР УЛСУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсын нэг нь ч Оросын эсрэг хориг арга хэмжээнд багтаагүй. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Донецк, Луганскийг тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үйл явдлыг Оросын бүрэн эрхт эрх гэж нэрлээд, Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Казахстан зэрэг бусад улсуудын хувьд төвийг сахих бодлого баримталж байгаагаа зарлаж, ОХУ-тай худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэлээ.

Молдав, Гүрж хүртэл Оросын эсрэг хориг арга хэмжээнээсээ татгалзсан. Гэлээ гээд энэ нь тэдний төр засгийн удирдлагууд Москвад ээлтэй хандаж байна гэсэн үг биш аж. 2008 оны Өмнөд Осетийн дайны дараа Орос улс Гүржтэй ямар ч дипломат харилцаагүй хэвээр байна. Мөн, Тбилиси ч, Кишинев ч Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах бодолгүй гэдгээ илэрхийлж, үүнийгээ өөрсдийн ашиг сонирхолтой холбон тайлбарлав.

АЗИД

Азийн орнуудаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг зөвхөн Япон, Сингапур хоёр л дэмжиж байна. Мөн Тайванийн арал Оросын банкуудыг SWIFT-ээс хасч, технологийн салбарын экспортод нь хориг тогтоов.

Азийн бусад орнууд хориг арга хэмжээнд нэгдэхийг нэг их яаравчлахгүй байгаа юм. Хоригт багтаагүй улсыг нэрлэвэл: Энэтхэг, БНХАУ, АСЕАН болон Ойрхи Дорнодын улс байна. Турк улсын хувьд яриа хэлэлцээний чигээ хадгалахын тулд Оросын эсрэг хориг арга хэмжээ авах асуудалд нухацтай хандаж, хориг тогтоох бодолгүй байгаа хэмээн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Түүнчлэн, Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн ойрын холбоотон болох Саудын Араб ОХУ-ын эсрэг хоригт нэгдээгүй байна. Тэд харин ч Америкийн эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг танаж магадгүй гэдгээ зарласан.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман хэлэхдээ, “Жо Байден энэ талаар юу гэж бодох нь надад огт хамаагүй. Тэгээд ч бидэнд америкчуудад сургаал айлдах эрх байхгүй” гэсэн сүрхий, басхүү зоригтой мэдэгдэл хийсэн.

Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсэн өдөр Ираны Гадаад Хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян өөрийн “Твиттер” хуудсандаа, “Украины хямрал бол НАТО-гийн өдөөн хатгалгаас үүдэлтэй” хэмээн жиргэсэн.

Тегеран мөн “Дайн хийх нь асуудлыг шийдвэрлэх арга зам болохгүй” хэмээн нэг бус удаа онцолсон. Ираны шашны удирдагч Али Хаменеи “Украин АНУ-ын өдөөсөн хямралын золиос боллоо. АНУ энэ мэтээр Украинд хямрал үүсгэж чадахгүй бол зэвсэг үйлдвэрлэгч компаниуд ашиг орлоготой ажиллаж чадахгүй. Америкчууд зэвсгийн мафийн эрх ашгийг хамгаалахын тулд л хямралыг бий болгох шаардлага тулгарсан. Өмөн нь ч хэд хэдэн улсад энэ аргаа хэрэглэсээр ирсэн” хэмээн мэдэгдсэн.  

Хятад ч Оросын эсрэг хориг арга хэмжээ авах бодолгүй байна. Бээжин Украины хямрал /дайн/-д Вашингтон буруутай хэмээн дүгнэсэн. Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, “АНУ Украины хямралыг далимдуулан Хятад улсыг гутаан доромжлох, гүтгэн гуйвуулж, нөхцөл байдлын хариуцлагыг өөрөөсөө зайлуулахаар улайрч байна” гэлээ.

Азийн улсуудаас хамгийн онцолмоор байр суурийг Өмнөд Солонгос баримталж байгаа гэхэд болно. Тэд ОХУ-д стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний экспортод хориг тогтоож, Оросын хэд хэдэн банкийг SWIFT-ээс хассан. Гэвч, Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг АНУ-ын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс өндөр технологийн бараг бүх үйлдвэрээ татсан юм.

Үүнийг тайлбарлавал, Өмнөд Солонгос эргээд АНУ-ыг эсэргүүцсэн үйлдэл болж байгаа юм. Үүнд, “LG”, “Samsung” компанийн цахилгаан бараа, тэр ч байтугай дахин ашиглах боломжтой чипүүд ч багтаж байгаа юм. Ингэснээрээ ОХУ-д Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглах боломж нээлттэй болно гэсэн үг.

“Samsung” компани Орост бүтээгдэхүүн нийлүүлэлтээ түр зогсоосноо зарласан ч “Энэ бол ОХУ-ын эсрэг авч буй хориг биш” гэсэн тайлбар хийсэн. Тиймдээ ч, Оросын нутаг дэвсгэрт тус компанийн бүх үйлчилгээний төв ажиллаж байгааг онцлов. Удахгүй хэвийн үйл ажиллагаандаа эргэн орохоо ч амлав.

ЛАТИН АМЕРИКТ

Латин Америкийн орнууд Оросын “цэргийн ажиллагаа”-ны эхний өдрүүдэд Оросын эсрэг чиглэсэн бодлого баримтлахыг оролдсон. АНУ болон Канад латин Америкийн орнуудыг Америкийн Улсуудын Байгууллагад хандаж, Оросын эсрэг хориг тогтоох хэлэлцүүлгийг санаачилсан. Гэвч, Вашингтон, Оттавагийн гаргасан эл санаачилга Латин Америкийн бүх улсаас дэмжлэг авч чадаагүй. Харин ч  латин америкчууд хоригт нэгдэхээс татгалзаж байгаа юм.  

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро хэлэхдээ, “Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг ямар ч хориг арга хэмжээ авахгүй, түүний үйлдэл, шийдвэрийг буруутгахгүй” гэдгээ ил цагаан зарласан.

Тэрбээр НҮБ-д ч Оросын эсрэг хориг тогтоох шийдвэрт Бразиль улс санал өгөхгүй гэдгээ ч хэлсэн. Аргентин ч мөн Бразилийн нэгэн адил хоригт нэгдэхгүй гэсэн юм.

Боливи, Сальвадор, Уругвай зэрэг улсууд Москвад ээлтэй байр суурь баримталж байгаа юм. Куба, Никарагуа, Венесуэль зэрэг улсууд уламжлал ёсоор Москвагийн төлөө “гараа өргөсөн”.

“Барууны орнууд Оросуудыг эсэргүүцэх үзлийг тарааж, оросуудыг үзэн ядаж байна. Тэд дэлхий даяар Оросуудыг хавчиж, мөрдөн мөшгиж байна. Гайхалтай “удирдаач”-ийг орос хүн гэдгээр нь хавчин гадуурхаж, Европын аль нэг улсын “филармонийн найрал хөгжим” удирдахаас нь хаслаа. Энэ бол үзэн ядах, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, хавчлага, хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэл юм” гэж Николас Мадуро онцлов.

Чили, Колумб, Эквадор, Перу улс Оросыг буруутгасан НҮБ-ын тогтоолд саналаа өгсөн ч, тэд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаар яарахгүй байгаа юм.  

Эх сурвалж: Skynews; Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2022 11:16

zov shd busad n hudlaa shurgaad 2 orniig morgolduuleed dundaas n hojson garuud anu bol jinhene shurgaj utsan huuheldei bolgoj bgaamdaa ukrine iig

Холбоотой мэдээ

Back to top button