Нийгмийн

Ө.Хүслэнбаяр: Би өөрийгөө эх орныхоо амар амгалангийн төлөө "өргөсөн"

Өнөөдөр "Монгол цэргийн баяр"-ын өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан цэргийн сувилагч, ахлагч Ө.Хүслэнбаярыг онцолж байна. Тэрбээр өмнөд болон хойд Судан улсад хоёр удаа энхийг сахиулах ажиллагаанд явснаас хойш эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж, зүрхэндээ нандигнах болжээ.

АШУҮИС-ийн Ерөнхий сувилахуйг уламжлалт болон мэс заслын сувилагчаар төгссөн ч түүнийг хувь заяа нь эх оронч үзэлд хөтөлж, эргэлт буцалтгүйгээр "цэргийн хүн" болгосон түүхийг сөхөн дурслаа.

-АЖИЛЛАГААНД ЯВАХЫН ӨМНӨ БАТАЛГАА ҮЛДЭЭХЭД ГЭРИЙНХЭНД МААНЬ ХҮНДЭЭР ТУССАН-

-Та бол Монголоос хамгийн анх өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явсан эмнэлгийн багийн гишүүн. Ажиллагаанд явах саналыг анх хэрхэн хүлээж авч байснаас яриагаа эхэлье.

-Би 2007-2011 оноос УКТЭ-ийн бөөрний мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байгаад 2011 оноос эхлэн Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн мэс заслын клиникт сувилагчаар ажилд орсон. Эндээс цэргийн сувилагч болох зам маань эхэлсэн юм.

Яг намайг ажилд ордог жилд сувилагч нараа цэргийн болгож, цөөн хэдэн хүнийг Хил хамгаалах сургууль дээр албан ёсны сургалтад хамруулж, ахлагчийн дамжааг төгсгөсөн л дөө. Тэдгээр төгсөгчдийн нэг нь би.

Анх зэвсэгт мөргөлдөөнтэй, буурай улс руу явах саналыг тавихад сэтгэл зүйгээ их бэлтгэж, бэлэн болсон хойноо "явъя" гэдэг хүсэлтээ гаргасан. Тухайн үед ажиллагаанд явах хүмүүсийн хэнийг нь ч тулгаж шаардалгүй, өөрсдийнх нь хүсэлтийн дагуу эрүүл мэнд, бие, бялдар, сэтгэл зүй гээд олон шалгуурт тэнцсэн цэргийг авч явсан юм.

-Шалгууртаа тэнцсэний дараа энгийн цэргийн бэлтгэлээс хүндэрсэн шатны хээрийн бэлтгэл хийдэг гэж сонссон?

-Дээрх шалгуурууддаа тэнцсэн учраас хээрийн 45 хоногийн бэлтгэлд гарсан. Энэ бол энгийн бэлтгэлээс хавь илүү хүнд гэдэг нь үнэн. Дайн байлдаантай улсад очих гэж байгаа цэрэг ямар бэлтгэл хийдэг тэр бүгдийг бэлдсэн. Өглөөний 06:00 цагаас эхлээд байнгын бэлтгэлд орно. Орой, шөнө хэдэн цагт ч дуусаж мэднэ. Биднийг бүх зүйлд бэлэн байхыг шаардаж, хэзээд ч дуудаж болно. Чүдэнз зураад гал унтрахад хувцсаа өмсөөд жагсаж дуусах зэргийн бэлтгэл ч хийнэ. Эхэндээ хоцордог байсан ч сүүлдээ шаламгай болчихдог.

45 хоногийн бэлтгэлээр маш олон багш нар амь насаа ямар үед яаж аврах вэ, хэрхэн амьд гарах вэ гэдгээс эхлээд л бүхнийг сургана. Цаашлаад сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлийг тултал нь хийлгэдэг. Тэр 45 хоног бол ямар ч тохиолдолд өөрийгөө болон бусдыгаа аварч чаддаг болгох маш чухал сургалт байдаг.

-Ажиллагаанд явахын өмнө танд ямар мэдрэмж төрж байсан бэ, Зүгээр нэг энгийн улс биш зэвсэгт мөргөлдөөн болж байгаа улс руу явах болсон шүү дээ?

-Бэлтгэлээ дуусгаад ар гэрийнхэндээ баталгаа бичиж үлдээх болсон. Миний хувьд сэтгэл зүйгээ маш их бэлтгэчихсэн байсан учраас зоригтой шийдсэн. Гэхдээ гарын үсэг зураад зөвшөөрч явуулсан гэр бүл, хань ижилд минь их хүнд санагдаж байгаа нь ажиглагдаж билээ.

-АЖИЛЛАГААНД ОЧСОН МОНГОЛЧУУД ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ БАЙДАГ-

-Хүн бүр тус тусын үүрэг хариуцлагыг хүлээж байсан байх. Та тэнд яг ямар үүрэгтэйгээр ажилласан талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Суданд зэвсэгт мөргөлдөөн болж байгаа учраас энхийг сахиулах ажиллагаанд бид явсан. Тэгэхээр тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, галын шугамд ажилласан. Тус улсын хүн ард, монгол цэргүүд, НҮБ-ынхны бэртэл гэмтэл, шарх, эрүүл мэндийг хариуцаж ажилласан.

-Суданы нутаг дэвсгэрт газардахад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Онгоцноос гарч ирэхэд өмхий саун шиг их муухай үнэртэй байсан. Их бөгчим уур амьсгалтай учраас бие хөлрөөд хувцас наалдаж, маш тухгүй санагдсан л даа. Яг анхны сэтгэгдэл бол “Яана аа, юунд ирчхэв ээ. Би юу хийчхэв ээ” гэж бодогдсон. Гэхдээ Монголчууд аливаад дасан зохицохдоо чадварлаг учраас гурав хоноход л тэр бодол арилчихсан.

-Ажиллагаанд очсон монголчууд бусад орныхноос ялгардаг уу, ер нь ялгаатай талыг нь дурсахгүй юу?

-Тэнд олон орны олон цэргүүд дунд монголчууд хамгийн нэр хүнд сайтай байдаг. НҮБ-ынхан монголчуудыг маш их үнэлдэг. Учир нь бусад олон орны цэргүүд дундаас монголын цэргүүд дасан зохицох чадвар, хийсэн ажилдаа сэтгэл гаргах, овсгоотой, чин сэтгэлээсээ хандлагатай байдгийг гайхцгаадаг. Бүх зүйлд хөрвөж, юмыг амархан сурдгийг нь их бахадна. Энэ бидний тэр олон улс дундаас ялгарсан ялгарал юм. НҮБ-ынхан ч үүнийгээ бидэнд илэрхийлж байсан.

Би аливаа зүйлийг хийвэл чин сэтгэлээсээ хийдэг, хариуцлагатай зантай. Манай багийнхан надтай ийм зан чанараараа төстэй учраас бид амархан нэгдэж цул болсон.

-Суданд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн холбогддог байсан бэ?

-Долоо хоногт нэг, хоёр удаа яаж ийгээд л утсаар ярина. Гэрийнхэн маань эхэндээ санаа нь зовоод ярихаараа уйлцгаана. Сүүлдээ багасчихсан. Тэр үед фэйсбүүк ашигладаггүй, сүлжээ их муу барьдаг байсан.

-НУТГИЙНХАА АГААРЫН ХИЛЭЭР ОРЖ ИРЭЭД САНАСАН СЭТГЭЛЭЭ ДЭВТЭЭЖ УЙЛСАН-

-Ажиллагааны нөхцөл байдлыг дүрслэн ярих боломжтой юу?

-Яг ямар нөхцөлд ажилласан, ямар гэмтэл бэртэлтэй хүмүүсийг эмчилсэн зэргийг та түрүүнээс хойш тойруугаар асуугаад байх шиг байна. Энэ нь нууцын мэдээлэл учраас задруулах боломжгүй байна. Ойлгоорой.

-Үүрэгт ажлаа гүйцэтгэж дуусгаад нутаг руугаа буцах мэдрэмж ямар байсан бэ?

-Нутаг руугаа буцах өдөр хоног ойртох тусам илүү их санаж, илүү их догдолж байсан. Зөвхөн би биш, бид бүгд адилхан. Монголын хил дээгүүр нисэж орж ирээд л

"Дэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ
Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ" гээд л бүгд дуулж гарав.

Дуулж дуусаад малгайгаа дээшээ шидэцгээсэн. Бүгдийнх нь нулимс цийлгэнэж, огшоод л ирдэг юм билээ. Тэр мөч ажиллагаанд явснаас хойш хамгийн сайхан үе гэж хэлж болно. Даасан үүрэг даалгавраа амжилттай биелүүлээд эх орондоо бүрэн ирсэн учраас уужирч, нутгаа санасан сэтгэл минь дэвтэж, нулимс маань барьж дийлдэлгүй урсчихсан.

-Тэнд байхад хүндрэлтэй зүйл байсан уу?

-Хамгийн хэцүү нь хүүхдээ санах мэдрэмж. Санаад, тэвэрмээр боловч тэвэрч чадахгүй. Хүүхэд маань утсаар ярихдаа “санаж байна” гэдгээ хэлчихвэл тэгээд сэтгэл хүндрээд ирнэ. Бусдаар хэцүү зүйл огт байгаагүй гэхэд хилсдэхгүй. Долоо хоногт нэг, хоёр удаа яаж ийгээд л утсаар ярина. Гэрийнхэн маань эхэндээ санаа нь зовоод яриахаараа уйлцгаана. Тэр үед фэйсбүүк ашигладаггүй байсан.

-Цэргийн хүний амьдрал хэцүү шүү дээ. Шөнө, өдөр хэзээд бэлэн байдалд байдаг. Ер нь танд үүнээс залхах, шантрах үе байв уу?

-Тийм үе байдаг. Гэхдээ тэр бүрт шантраад байдаггүй. Манайх цэрэгжилтийн байдалтай ч гэсэн эмнэлэг учраас харьцангуй гайгүй л дээ.

-Та цэргийн амьдралыг маш их хайрладаг хүн гэдэг нь ярилцлагын явцад мэдэгдэж байна. Ер нь яг юуг нь тэгтлээ их хайрладаг вэ?

-Цэргийн хүн байхын тулд эргэлт буцалтгүйгээр тангараг өргөдөг. Тэгэхээр эргэлзэх зүйлгүйгээр хайрлаж, өөрийгөө зориулж таарна. Эцсээ хүртэл эх орныхоо үнэ цэнийг нандигнасаар ажиллана гэж боддог. Хэзээ ч цэргийн хүн болох сонголтыг хийсэндээ харамсаж байгаагүй.

-БИ БОЛ ХОС ТАНГАРАГТАН-

-Та цэргийн хүнээс гадна эрүүл мэндийн байгууллагын хүн. Тэгэхээр хоёр тангараг өргөжээ?

-Тийм. Хос тангарагтан гэж явдаг. Эмнэлгийн тангаргийг бусдын эрүүл мэндийн төлөө өргөж байгаа бол цэргийн тангаргийг эх орныхоо төлөө өөрийн амь биеэ үл хайрлана хэмээн андгайлдаг. Ингээд бодоход би чинь өөрийгөө тэр чигт нь эх орныхоо амар амгалангийн төлөө өргөсөн хүн юм байна.

-Та үнэхээр эх оронч үзэлтэй санагдлаа. Нэг талаараа энэ чанар маш авууштай, нөгөө талаараа "Монголоос явна" гэж ярьдаг залуучуудад таалагдахгүй байж мэдэх. Тийм үзэл санаатай залууст хэлэх сэн гэж боддог үг бий юу?

-Миний хувьд эх орноо үгүйсгэдэг залуусын эсрэг байр суурьтай байдаг. Болж бүтэхгүйг нь хараад байвал өөлөх өнцөг харагдаад л байдаг юм. Харин ч манай улсад өсөж, дэвжих, хөгжих боломж маш их. Түүнийг ашиглах хэрэгтэй.

Ялангуяа хөвгүүд цэргийн алба хаах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ингэснээр тэсвэр хатуужил, хүмүүжил, тууштай байдал гээд нэг тийм шалчганаж, голж шилдэг зан нь байхгүй болно. Эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдрэх хэрэгтэй. Гэхдээ гаднын улс орноор аялж, сурч, юм үзэж нүд тайлах тухайд огт хөндөөгүй юм шүү. Эх орондоо сайн, муу амьдрах нь тэднээс өөрсдөөс нь л шалтгаална.

-Ер нь таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

-Надад хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эх орон. Монгол эх орноороо  үнэхээр бахархдаг юм шүү, чин үнэнгээс. Миний монголд газар нутаг, эрх чөлөө гээд бүх зүйл байна. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Африкийн орнууд ядуу буурай маш хүнд улс. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг. Эцгийн ёс дархалж байна гээд бодохоор л ямар байдаг нь ойлгомжтой. Тэдний хажууд монгол эмэгтэйчүүд үнэхээр жаргалтай амьдардаг.

Харийн нутагт очоод эх орноороо үнэхээр бахархсан. Тэнд өглөө, оройдоо нэгддэг байсан юм. Тэр үеэр бид төрийн дууллаа дуулдаг л даа. Төрийн дууллаа монголд эгшиглэж байхад сэтгэл хөдөлж байгаагүй хэр нь хамгийн анх Суданд очсоны оройн нэгдэлд дуулаад яагаад ч юм уйлмаар болоод төрийн дуулал маань ийм сайхан үгтэй бил үү, ийм сайхан аялгуутай бил үү гэж ухаж бодож байв.

Учир нь маш хүнд нөхцөл байдалтай улсад очоод өөрийн эрхгүй эх оронтойгоо харьцуулж бодоод нутгийнхаа ямар сайхныг ойлгодог юм билээ. Бахархаж төрийн дуулал эгшиглэх бүрт чин сэтгэлээсээ дуулдаг байсан. Өглөө, оройн дуулал бүрээр эх орноо бодож, үнэн сэтгэлдээ хайрласаар ирсэн.

-Суданд эцгийн эрх дархалдаг талаар та зурвас дурдлаа. Ер нь тэндхийн иргэдийн амьдрал хэр түвшинд байдаг вэ?

-Тэд борооны шалбааг болсон тогтоол усанд хүүхдүүд нь тоглоно, түүнийгээ ууна, тэндээ усанд орчихно. Нэг айлын эзэгтэй маш олон хүүхэд төрүүлчихсэн хүнд ачаа толгой дээрээ тавиад хөл хүнд хэр нь бага хүүхдээ өргөчихсөн дүр зураг хамгийн их харагддаг. Түүнээс нь харахад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх гэж байдаггүй шахам. Маш хүнд ахуй амьдралтай улс л даа. Тэнд халууны улирал, борооны улирал гэсэн хоёрхон улирал ээлжилнэ. Тиймээс хувцас хунар нэг их өмсдөггүй. Зарим хэсгээ халхалсан байдалтай л байдаг.

Дэлхийн усны өдөр тохиоход суданы хүүхдүүдэд тусламж үзүүлж гудамжаар явсан. Усны том машинаар аяга, аяга цэвэр ус тараахад хүүхдүүд маш их баярлаж, нэг аяга усыг дундаа хувааж уугаад, булаацалдаад л байсан.

Ус чандмань эрдэнэ гэдгийг тэнд очсон хойноо маш сайн ойлгож, өөртөө шингээж авсан. Одоо бол би усыг маш их гамнаж, эргэн тойрны хүмүүстээ хүртэл ариглахыг уриалдаг.

-Та дахиж эх орноо төлөөлж ажиллагаанд явна гэж боддог уу?

-Би дахиж ажиллагаанд явахгүй. Хоёр удаа явсан минь хангалттай. Бусад явахыг хүссэн олон сувилагч нарт зайгаа тавьж өгч, эр орныхоо төлөө гэсэн сайхан мэдрэмжийг аваасай гэж бодож байна.

-Ярилцсан баярлалаа. Эцэст нь мөрдөс нэгт алба хаагчдадаа Цэргийн баярын мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлүүлье.

-Oрчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний түүхт 101 жилийн ойн баярын мэндийг бүх цэргийн амьдралд зам нийлсэн та бүхэндээ хүргэж байна. Мөн өмнөд болон хойд Суданы ажиллагаанд ажиглагчаар үүрэг гүйцэтгэж байгаа ханьдаа болон ЦТЭ-ийн нийт хамт олондоо ч гэсэн мэндчилгээ дэвшүүлж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2022 11:30

yostoi mundag busgui baina bayar hurgey

Зочин
Зочин
3 сар 18, 2022 18:50

ВООВ БАЯР ХҮРГЭЕЭЭ САЯХАН ГЕГЕРАЛ БОЛСОН ЭМЭГТЭЙ ШИГ УДАХГҮЙ ГЕНЕРАЛ БОЛООРОЙ МАШ ИХ ТЭВЧЭЭР ЗОРИГ ЗҮРХ ЮМ ШҮҮ БАХАРХАЖ ОМОГШЛОО МОНГОЛ ЦЭРГҮҮД ШИГ БАЙГАА ГАЗРАА ДАСАН ЗОХИЦДОГ ЦЭРГҮҮД ХААНА Ч ҮГҮЙ ШҮҮ. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГИЙ ЗҮТГИЙ ЗА ЗА ЗҮТГЭ

Зочин
Зочин
3 сар 19, 2022 11:42

Яг өргөчихсөн үү.

Холбоотой мэдээ

Back to top button