Нийгмийн

БХ-ын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ц.Гандорж, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй орон нутгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтсан авсан юм. Тус ангийн захирагч хурандаа Н.Цэцэнхүү ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, бүтээн байгуулалт дахь оролцоо, дэвшүүлсэн зорилго зорилт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн зарим бүтээлч ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн ангид тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Тухайлбал, ихэнх барилга байгууламжууд 1974-1978 онд баригдсан, насжилт уртассан, өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэдгийг хэллээ. Мөн ангийн тусгай хэрэгцээний газрыг нэмэгдүүлэх, орон нутагт албан тушаалын орон сууц барих, шинээр баригдах цэргийн гал тогооны барилгыг аймгийн нэгдсэн бохирын шугамд холбуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар уламжилж байв. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зарим асуудлуудын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой чиглэл гаргасан юм. Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд ангийн барилга байгууламж, цэргийн байр, хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Мөн тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж батлан хамгаалах бодлого, зорилт, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн, цаашид хийгдэх онцлох ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн "Энэ жил Дорнод аймгийн ЗДТГ болон Зэвсэгт хүчний 327 дугаар ангиудыг түшиглэн Батлан хамгаалах бодлогын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэх зарим асуудал" сэдвийн хүрээнд цугларалтыг зохион байгуулж байгааг юуны өмнө хэлье. Нөгөөтэйгөөр Батлан хамгаалахын сайд миний бие Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын үйл ажиллагаа, орчин нөхцөл байдалтай танилцахыг зорьж байгаа. Энэ удаа Зэвсэгт хүчний 327 дугаар анги, 085 дугаар тусгай салбарын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ жил Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 25 жилийн ой тохионо. Гэхдээ ойг тохиолдуулан төсөв хөрөнгө зарцуулж, ойн медаль дурсгалын тэмдэг гаргахаа болих хэрэгтэй. Үүний оронд түүхийн ном, товхимол бүтээх, дурсгах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ангидаа мод бут тарих, тохижилт хийх зэргээр шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй” гэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох, цэргийн алба хаагчидтай цэргийн дүрмийн дагуу харьцах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах, хяналтыг нэгдмэлжүүлэх, офицер, ахлагч, цэргүүдийн бие бялдрын бэлтгэлжилт, чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарахыг үүрэг болгов.

Уулзалтын төгсгөлд тэр бээр “Цэргийн анги, салбарын үйл ажиллагаа албан тушаалтнуудын ухамсар, хандлага, сэтгэл, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарахыг ойлгож, шинэ санаа, бүтээлч хандлагыг урамшуулан дэмжиж сахилгын зөрчилгүй хамт олныг бүрдүүлж ажиллах ёстой. Та бүхний гаргасан санаачилга, бүтээлч ажиллагааг ямагт дэмжиж хамтран ажиллах болно” гээд зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчийг төрийн одон медаль, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулан өглөө. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарт ажилласан юм.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ "СОЁМБО" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button