Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск, Оросынх Владимир Лисин боллоо
“Tesla” болон “SpaceX” компанийг үндэслэгч Илон Маск “Форбес” сэтгүүлийн шинэчилсэн үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Тэрбумтны хөрөнгө 219 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Илон Маск жилийн дотор даруй 68 тэрбум ам.доллароор баяжжээ.
Харин хоёрдугаарт, “Амазон” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 171 тэрбум ам.долларын хөрөнгөөр хоёрдугаарт оржээ. Гуравдугаарт “LVMH” загварын ордны эзэн, Наталья Водиановагийн хадам аав Бернар Арно 158 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө оржээ.
Дөрөвдүгээрт “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 129 тэрбум ам.долларын хөрөнгөөр, харин “Беркшир Хэтэуэй” /Berkshire Hathaway/ компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Уоррен Баффет 118 тэрбум ам.долларын хөрөнгөөр эхний тавд бичигджээ.
Оросын тэрбумтнуудын дотроос 18.4 тэрбум ам.долларын хөрөнгө чинээгээрээ Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэрийн /NLMK/ хяналтын багцын эзэн Владимир Лисин хамгийн баян хүнээр тодорчээ.
Хоёрдугаарт 17.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр “Норильск никель” компанийн Ерөнхийлөгч Владимир Потанин оржээ. Баячуудын гуравт “Telegram” сувгийг үндэслэгч Павел Дуров орсон байна. Түүний хөрөнгө 15.1 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Дөрөвдүгээрт “Новатэк” компанийн хамтран хувьцаа эзэмшигч Леонид Михельсон 14 тэрбум ам.долларын хөрөнгөөр, тавдугаарт өмнө нь Оросын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байсан “Северсталь” компанийн хамтран хувьцаа эзэмшигч Алексей Мордашов орсон байна. Тэрбээр Европын хоригт өртсөн ба одоо түүний хөрөнгө 13.2 тэрбум ам.доллар болжээ.
Оросын толгой баячуудыг тэргүүлсэн Владимир Лисин өмнө нь Оросын олигархиудын эсрэг авсан хоригийн талаар тайлбар хийж, Барууныхны авч буй арга хэмжээгээр хүний “олон жилийн турш бий болгосон бүхнийг устгаж” болзошгүй тул шинэ, бодит байдалд дасан зохицож ажиллах шаардлага санаа зовоож байна хэмээн ярьсан байна. Гэсэн ч, тэрбээр ийм нөхцөлд зөвхөн хувийн асуудалдаа гоншигонож гомдоллох нь ичгүүртэй гэж онцоллоо. Владимир Лисин oдоогоор ямар нэгэн хоригт өртөөгүй байгаа аж.
Эх сурвалж: Forbes
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.