ЭДИЙН ЗАСАГ

Монгол банк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Өнөөдөр /2019.09.17/ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй  тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа.

Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна.

Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй болно.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button