НийгмийнСПОРТ

Монголд өнөөдөр эхлэх Азийн АШТ-ий ОНЦЛОХ ТАВАН ТАМИРЧИН

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ 21 жилийн дараа Монгол Улсад өнөөдөр “хөшиг”-өө нээнэ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхлэн, энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 28 тамирчин зодоглоно.

Улаанбаатарын дэвжээнд хүч сорих Азийн шилдгүүдээс таван тамирчныг онцолъё.

НЭГ: БАЖРАНГ ПУНИЯ

Bajrang Punia: The 'Bhaarandaaz daav' and Bajrang Punia's gold in 60  seconds | More sports News - Times of India

Бажранг Пуния 1994 оны хоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн Харьяна мужийн Жажжар дүүргийн Худанд тосгонд Балван Сингх Пуния, Ом Пиари Пуния нарын гэр бүлд төржээ. Аав нь бөхөд дуртай байсан бөгөөд хүүгээ 7 настайгаас нь спортоор хичээллүүлсэн. 14 нас хүртлээ нутагтаа шавар байшинд бэлтгэлээ хийж байжээ. Түүнийг Лондоны олимпийн медальт Йогешвар Дутттай танилцуулж, улмаар түүний бэлтгэл хангагч болсноор амжилт нь “Өдрөөр биш, цагаар” өсч эхэлсэн гэдэг.

Бажранг 2013 онд нутагтаа болсон Азийн аваргад 19 настайдаа хүрэл медаль хүртэж, тэр жилээ Будапештийн ДАШТ-ий 60 кг-ын жинд манай гавьяат тамирчин Э.Ням-Очирыг ялж хүрэл медаль зүүснээр олны танил болсон юм. Тэрбээр ДАШТ-ээс хошой медаль хүртсэн, дэлхийн чансааг тэргүүлсэн, Германы лигт барилдсан анхны Энэтхэг бөх. Бажранг Энэтхэгийн эгч дүү зургаан бөхийн хамгийн отгон нь болох Сангеета Фогаттай 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Харьяна мужад хуримаа хийсэн. Эхнэрийнх нь гэр бүлийнхэн Энэтхэгийн эмэгтэй бөхөд том хувьсал хийсэн бөгөөд тэдний гэр бүлийн тухай “Дангал” хэмээх уран сайхны киног хийснийг мэдэх биз.

ТҮҮНИЙ ТОМООХОН АМЖИЛТУУД

Who is Bajrang Punia? | World Wrestling Champion

Олимпийн наадам:

* “Токио-2020” хүрэл - 65 кг

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Будапешт-2013” хүрэл - 60 кг

* “Будапешт-2017” мөнгө - 65 кг

* “Быдгош-2019” (U-23) мөнгө - 65 кг

* “Нур-Султан-2019” хүрэл - 65 кг

Азийн наадам:

* “Инчёнь-2014” мөнгө - 61 кг

* “Жакарта-2020” алт - 65 кг

Азийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Шинэ Дели-2013” хүрэл - 60 кг

* “Астана-2014” мөнгө - 61 кг

* “Шинэ Дели-2017” алт - 65 кг

* “Бишкек-2018” хүрэл - 65 кг

* “Шиань-2019” алт - 65 кг

* “Шинэ Дели”-2020” мөнгө - 65 кг

* “Алматы-2021” мөнгө - 65 кг

ХОЁР: РЮҮ ХАНСУ

Mubinjon Akhmedov (TAJIKISTAN) vs Hansu Ryu (KOREA)

Монголд болох Азийн аваргад зодоглох сонгомол бөхийн төрөлд хамгийн алдартай тамирчин нь Рюү Хансу юм. Тэрбээр дэлхийд аваргад хоёр удаа түрүүлж, Ази тивийн дэвжээнээс зургаан (Азийн наадмыг оруулаад) алтан медаль хүртсэн хүчтэн.

1988 оны хоёрдугаар сарын 1-нд БНСУ-ын Дэгү хотод төрсөн. 34 настай түүний хувьд сүүлийн гурван удаагийн Азийн аваргад дараалан түрүүлэхдээ 10 ялалт байгуулан Улаанбаатарт ирж байна. Түүнчлэн Хансу тивдээ 19-2 гэсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн бөгөөд таван медаль хүртсэний дөрөв нь алт.

Түүний сүүлчийн ялагдал нь 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон бөгөөд шөвгийн наймд Японы Цүчика Шимоямадатай хийсэн барилдаанд духандаа том шарх авч бэртлийн улмаас ялагдал хүлээсэн юм. Түүний хувьд хоёр олимпод хүч үзсэн ч хараахан медаль хүртэж чадаагүй явна. 2016 онд Риод хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Расуль Чунаевт ялагдаж медальгүй хоцорсон бол өнгөрсөн жил Токиод долдугаар байрт орсон.

ТҮҮНИЙ ТОМООХОН АМЖИЛТУУД

Fumita Rolls Into Greco 60kg Final; Korea, Iran Put 3 Each Into Gold-Medal  Matches | United World Wrestling

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Будапешт-2013” алт - 66 кг

* “Лас Вегас-2015” мөнгө - 66 кг

* “Парис-2017” алт - 66 кг

Азийн наадам:

* “Инчёнь-2014” алт - 66 кг

* “Жакарта-2018” алт - 67 кг

Азийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Астана-2014” хүрэл - 66 кг

* “Доха-2015” алт - 66 кг

* “Шиань-2019” алт - 67 кг

* “Алматы-2021” алт - 72 кг

* “Шинэ Дели-2020” алт - 67 кг

ГУРАВ: АЙСУЛУУ ТЫНЫБЕКОВА

Айсулуу Болотовна Тыныбекова 1993 оны тавдугаар сарын 4-нд Кыргызстаны Жалал-Абадск мужийн Майлуу-Суу хотод төрсөн. Тэрбээр 2009 онд Кочкор мужийн Тэндик тосгоноос аравдугаар ангиа төгсөөд тамирчин болохоор хатуу шийдэж нийслэлд эгч дээрээ ирж байжээ.

Кыргызстаны үндэсний их сургуулийн биеийн тамирын танхимд дасгалжуулагч Түголбай Базакечовын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн дасгалжуулагч Нурбек Изабеков. Тыныбекова бага наснаасаа газар тариалан эрхэлж, мал маллаж өссөн бөгөөд 17 настайдаа орос ангид сурдаг, хими, математикийн олимпиадад оролцдог байсан онц сурлагатан. Бөхийг сонгохоосоо өмнө хөнгөн атлетик, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, карате гээд спортын олон төрөлд өөрийгөө сорьж байжээ.

Айсулуу 2010 онд Тайландад болсон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь амжилтын гараагаа эхлүүлсэн. Кыргызстаны улсын эмэгтэй бөхчүүдээс олимпийн мөнгө, дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аварга гэсэн анхны гэх бараг бүх тодотголыг “өмчилсөн” тэрбээр улсынхаа оны шилдэг тамирчнаар гурван удаа тодорчээ.

ТҮҮНИЙ ТОМООХОН АМЖИЛТУУД

Олимпийн наадам:

* “Токио-2020” мөнгө - 62 кг

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Парис-2017” хүрэл - 58 кг

* “Нур-Султан-2019” алт - 62 кг

* “Осло-2021” алт - 62 кг

Дэлхийн цом:

* “Белград-2020” алт - 62 кг

Азийн наадам:

* “Инчёнь-2014” хүрэл - 55 кг

* “Жакарта-2018” алт - 62 кг

Азийн аварга шалгаруулах тэмцээн:

* “Шинэ Дели-2013” хүрэл - 59 кг

* “Алматы-2014” мөнгө - 60 кг

* “Доха-2015” мөнгө - 60 кг

* “Бангкок-2016” алт - 58 кг

* “Шинэ Дели-2017” алт - 58 кг

* “Шиань-2019” алт - 62 кг

* “Шинэ Дели-2020” хүрэл - 62 кг

* “Алматы-2021” алт - 62 кг

ДӨРӨВ: БААТАРЖАВЫН ШООВДОР

ДАШТ-д зургаан удаа оролцохдоо дөрөвт нь медалийн төлөө барилдан, гурвын гурван хүрэл медаль хүртсэн ховор амжилтын эзэн бол ОУХ Баатаржавын Шоовдор. Монголд болох Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох хамгийн алдартай тамирчдын нэг нь тэр яах аргагүй мөн. ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртсэн Б.Шоовдор Азийн АШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальтай.м

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурав болон түүнээс олон медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат.

Б.Шоовдор 20 настайдаа Хан-Уул дүүргийн дасгалжууагч Энхтөрөөр чөлөөт бөх заалгажээ. Дараа нь “Алдар”-ын Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр гавьяатын удирдлагад жил гаруй бэлтгэл хийсэн юм. Тэгээд “Цастын барс” клубийн Батням, “Хасу мегастарс” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайхан нараар чөлөөт бөх заалгаж байгаад өдгөө Сумъяа багшийн удирдлагад амжилтын төлөө зүтгэж явна.

Чөлөөт бөхөөр барилдаж эхэлснийхээ дараа жил Азийн АШТ-ээс мөнгө, “Монголиа опен”-оос хүрэл медаль хүртсэндээ урамшин, тууштай хичээллэхээр шийджээ.

Тэрбээр эхээс долуулаа, бүгд эмэгтэй. ДАШТ-ээс анх хүрэл медалийн хүртсэнийх нь дараа аавынх нь найзууд “Хэдийгээр долоон эмэгтэй хүүхэдтэй ч мундаг барилддаг, хүүгийн дайтай охин заяажээ” хэмээн магтсан гэдэг.

ТАВ: БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ

Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээнд бойжин, нутгаасаа тэмцээнд оролцон, гялалзаж яваа тамирчдын нэг нь Б.Хонгорзул. 21 настай тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. Б.Хонгорзул 10 настайдаа анх чөлөөт бөхөөр хичээллэжээ.

Түүний дасгалжуулагч нь С.Мөнхдуулдах. Тэрбээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсаныхаа дараа С.Мөнхдуулдах багшийн шавь болжээ.

Эхээс хоёулаа, айлын том нь. Түүний удамд барилддаг хүн байхгүй. Тэрбээр өөрийгөө чөлөөт бөхийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй гэнэ лээ.

Б.Хонгорзул 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 19 настайдаа анх удаа түрүүлсэн. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд жингийнхээ гол өрсөлдөгчдийн нэг, улсын хошой аварга А.Батцэцэгийг 8:2-оор ялсан юм. Улмаар эл амжилтаар олимпийн эрхийн тэмцээнд зодоглох эрх авсан.

Улсын аварга болоход нь аав, ээж хоёр нь охиноо дэмжихээр Баянхонгор аймгаас ирсэн байжээ. Улмаар охиноо Монголын хамгийн шилдэг бөх болох мөчид хамт байн, баярт мөчөө хамтдаа хуваалцсан юм.

Тэрбээр 2019 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр жил хагас шигшээд А.Батцэцэгт ялагдсан. Улмаар дараа жил даагаа нэхэн, амжилтаа ахиулсан нь тэр.

Хоёр жилийн өмнө насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлснийхээ дараа чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Иван Ярыгиний Алтан гран пригээс хүрэл медаль хүртсэн.

Улсын аваргад анх удаа түрүүлснийхээ дараа Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Түүнийг нутгийнх нь “Цэлмэг өргөө” компани дэмжиж, ивээн тэтгэдэг.

Б.Хонгорзул өсвөр үед барилддаг байхдаа босоо байсан тамирчин. Өсвөр үеийн УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга. Мөн залуучуудын УАШТ-ий дөрвөн түрүүтэй.

Б.Хонгорзул 2021 оны дөрөвдүгээр сард Казахстанд болсон олимпын эрх олгох тэмцээнд анх удаа оролцохдоо түрүүлж, “Токио-2020” олимпод барилдах эрх авсан. Улмаар Монголын багийн хамгийн залуу тамирчдын нэг болж, олимпод зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэн, V байрт шалгарсан. 20 настай бөх олимпод анх удаа зодоглохдоо медалийн үзүүрээс атгаад алдан, цахиур хагалсан юм.

“Улаанбаатар-2022” Азийн аваргад түрүүлэх, медаль хүртэх гол найдваруудын нэг нь тэр яах аргагүй мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 08:22

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button