АНУ-ын Төрийн Департамент ОХУ-ын Цэргийн Тагнуулын Ерөнхий Газрын зургаан ажилтантай холбоотой мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын урамшуулал олгоно хэмээн зарлалаа.
АНУ-ын эрх баригчид 2017 онд “NotPetya” буюу “Петя биш” гэх вирус ашиглан кибер халдлага үйлдсэн байж болзошгүй ОХУ-ын Цэргийн Тагнуулын Ерөнхий Газар /ГРУ/-т харъяалагдах сэжигтэй зургаан ажилтны талаарх мэдээлэл өгсөн хүнд 10 сая хүртэлх ам.долларын урамшуулал олгоно гэдгээ албан ёсоор ийнхүү зарлалаа.
“Rewards for Justice” буюу “Шударга ёсны төлөөх шан харамж” хэмээх хөтөлбөр бол гадаадын Засгийн газрын захиалгаар эсхүл тэдний хяналтан дор АНУ-ын чухал дэд бүтцийн эсрэг кибер халдлага үйлдсэн хувь хүмүүс, бүлгийг олж илрүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдтэй холбоотой мэдээлэлд мөнгөн шагналыг төслөөс олгодог юм.
Энэ удаад эрэн сурвалжилж буй зургаан ажилтныг “ОХУ-д зориулж стратегийн ашиг тус олохын тулд” хортой программ хангамж ашиглан, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоотой хуйвалдаанд оролцсон гэх хэрэгт сэжиглэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын эхээр Британийн эрх баригчид ОХУ-ын Гадаад Тагнуулын Алба /СВР/, Цэргийн Тагнуулын Ерөнхий Газар /ГРУ/ болон Холбооны Аюулгүй Байдлын Алба /ФБС/-ыг кибер орон зайд хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн буруутгасан.
Эх сурвалж: NY Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.