СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

НИЙГМИЙН ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧИД: Хаягдал моторын тосыг шатахуун болгодог тэд юу туулдаг вэ

Eguur.mn сайт тавдугаар сарыг “Байгаль орчин” сэдвийн хүрээнд олон талт контент бэлтгэх чиглэлд төлөвлөж, ажиллаж байна. Өнөөдрийн хөндөх сэдэв: Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ямар бэрхшээлүүдтэй тулдаг вэ?


Урьдач тоон мэдээлэл: 2021 оны байдлаар, Монгол Улсад моторын тос ашигладаг 1,234,701 бүх төрлийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тус авто тээврийн хэрэгслүүд жилд нэг удаа 5 литрийн тос ашиглаж,  сольдог гэвэл 6 сая гаруй литр хаягдал тос бий болно. Харин энэ нь аюултай хог хаягдал.

ТУРШИЛТ: Хаягдал тос усанд хэзээ ч уусдаггүй бол хөрсөнд нэвчиж, бохирдуулдаг

Тэд үйл ажиллагаагаа энгийнээр тайлбарлахын тулд “Амьжиргаа цагаан”-аар хаягдал тосны түр цуглуулах гурван сав ачиж иржээ. Бид үйлдвэрийн орчноос илүүтэй байгалийг сонгож, Хүй долоон худаг орчимд, автозамын хажууд ширээ сандал дэлгэн суугаад ярилцлаа. Их салхин дунд “Алтан оршихуй групп” компанийн Гүйцэтгэх захирал Г.Булгантамир, Аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунмөрөн нар тухайн газраас хөрсний дээж авч , автомашины хэрэглэсэн тос хэрхэн бохирдол үүсгэдгийг багахан туршилтаар харуулав. Тэд ус бас авчирчээ.

“Алтан оршихуй групп” компанийн Гүйцэтгэх захирал Г.Булгантамир хөрсний дээж цуглуулж байна

Хэрэглэсэн тосыг хөрс рүү дусаахад аажмаар нэвчив. Тун бага тос нэвчсээр савны ёроолдоо хүрлээ. Харин усанд ууссангүй.

Д.Ариунмөрөн “Хэрэглэсэн моторын тос ус, хөрсөнд шингэж, алга болдоггүй. Хөрсөнд л гэхэд 350 жил болно. Хөрсөнд нэвчиж, бохирдол үүсгэдэг учраас хөрсний экосистемд өөрчлөлт оруулна. Ингэснээр хөрсний нөхөн сэргээлт 350 жилээр удааширч, аажимдаа цөлжих  нэгэн шалтгаан болдог.

Харин усанд хэзээ ч уусдаггүй. Тосон бөмбөлгүүд нь хэчнээн салсан ч тос хэвээрээ байдаг. Гол нь хаягдал тосыг хүмүүс шууд гол ус руу хийдэггүй. Гэвч хөрс рүү асгаснаар доош нэвчинэ, ингэснээр гүний усыг бохирдуулах шалтгаан болж болзошгүй юм” гэлээ.

Хөрсөнд нэвчсэн хаягдал моторын тос
Усанд үл уусаж буй хаягдал моторын тос

Дэргэдэх автозамаар хэрэглэсэн тосоо удахгүй хаа нэг тийш хаях автомашинууд давхилдана. Харин Хүй долоон худаг орчмын газар нь Монгол Улсын нийт газар нутаг, байгаль орчныг илэрхийлнэ. Эндээс авсан хөрсний дээж хэрхэн бохирдсон, яг үүний адилаар Монголын аль ч газар нутаг бохирдох боломжтой.

Тэд автомашины хэрэглэсэн хаягдал тосыг дахин боловсруулж, дизель түлш үйлдвэрлэдэг “Алтан оршихуй групп” компанийг төлөөлж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, томоохон үйлдвэрүүдээс эхлээд бүхий л автомашинуудын засвар үйлчилгээнээс гарсан их хэмжээний тос шууд хаягдвал тэр бүрдээ байгальд хор хөнөөл учруулна. Шатаавал агаарын бохирдолд нөлөөлнө. Иймд заавал дахин боловсруулах шаардлагатай. Монгол Улсад заавал байх ёстой энэ системийг тэд гүйцэтгэж байна.

Нөгөө талаар тэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж юм. Учир нь шатахууны хувьд бүрэн импортоос хамааралтай манай улсын нөхцөлд тэд хаягдал тосыг  дахин боловсруулаад, Евро-4 стандартын дизель түлш үйлдвэрлэдэг. Монголчууд өөрсдөө шатахуун үйлдвэрлэж байна гэсэн үг.

Баруун гар талаас: Хаягдал моторын тос, түүнийг дахин боловсруулж үйлдвэрлэсэн дизель түлш

АШГИЙН БУС СЭТГЭЛГЭЭ: Эх оронч агуулгаар хөдөлмөрлөх нь

Д.Ариунмөрөн “Хамгийн энгийнээр жишиж тайлбарлавал, бид хүүхдүүдээ хөрсөн дээр амьдруулах уу, хогон дунд амьдруулах уу гэдэг сонголтын өмнө ирлээ гэж бодъё. Хогон дунд амьдаръя гэвэл хүнд шалгууруудыг туулж, ийм чиглэлээр ажиллах бүү хэл, ингээд уулзаж ярилцан суугаад ч яах вэ. Харин хөрсөн дээрээ амьдаръя гэвэл бид хэчнээн хүнд зүйлтэй нүүр тулж байгаа ч нийгмийн үүргээрээ хөдөлмөрлөх, хичээх л ёстой. Олон нийт ч мэдлэг ойлголттой болж, төрөөс энэ салбарт анхаарах учиртай” хэмээнэ. Энэ ярианаас эх оронч сэтгэл нэвт ханхалж буй.

"Алтан оршихуй групп" компанийн Аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунмөрөн

Учир нь, үндсэн логикоороо бол аливаа ААН ашиг орлого олохын тулд үйл ажиллагаа явуулдаг. Харин хаягдал тос дахин боловсруулах энэ үйлдвэр ашгийн бус байгууллага шиг зүтгэсээр өдийг хүрчээ. Уг нь хог хаягдал боловч тэд байгууллагуудаас хэрэглэсэн тосыг мөнгө төлж авдаг. Ингэхдээ бүр татвар төлдөг. Эргээд дизель түлш үйлдвэрлээд худалдахдаа мөн л татвар төлдөг нь татварын дабль системд шууд утгаар өртөж буй.

Гэвч тэд дунджаар 40-50 хүн цалинжуулж, нийгмийн даатгал, татвараа төлж, үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрчээ. Цар тахлын хоёр жилд хил гааль хаагдсанаар тэдний боловсруулах процесст хэрэглэгддэг түүхий эдийг татах ажиллагаанд хүндрэл үүсэв. Мөн үйлдвэр нь Багахангай дүүрэгт байрладаг тул хөл хорионы үеэр тэд үйл ажиллагаа явуулахад том бэрхшээлтэй учирчээ. Энэ хоёр жилийг тэд ямартай ч давчихсан. Ийн аюултай хог хаягдлыг яагаад дахин боловсруулах ёстой, энэ салбарт мөнчгөрөөрөө зүтгэж буй ААН ямар хүндрэлтэй нүүр тулдгийг ярьж байна.


ҮЙЛДВЭРЛЭЛ: Дахин боловсруулах процессын хүрээнд байгальд сөрөг нөлөөтэй хог хаягдал гардаггүй

“Алтан оршихуй групп” компанийн үйлдвэрийн байр 1229 м2 талбайтай. Энд ерөнхий хоёр хэсэгт үйл ажиллагаа явуулна. Эхнийх нь галлагааны хэсэг. Тэнд хаягдал тосыг нэрдэг. Харин нэрж гарсан бүтээгдэхүүнийг дараагийн, боловсруулах хэсэгт боловсруулдаг. Улмаар 60-70 хувийн гарцтайгаар Евро-4 стандартын дизель түлш бэлэн болно.

Мөн тодотгоход, дахин боловсруулах үйлдвэрлэлийн энэ нийт шатанд байгальд сөрөг нөлөөтэй ямар ч хог хаягдал гардаггүй. Гүйцэд боловсруулалт явагддаг тул хорт утаа гарахгүй, боловсруулах хэсэгт технологийн шугамын дагуу үйл ажиллагаа явагддаг. Үйлдвэрлэлийн дунд шатны бүтээгдэхүүн болох газ, түлшний фракцыг эргээд галлагаандаа ашиглана. Харин хаягдал тосон дунд татсан тамхины ишнээс авхуулаад янз бүрийн хог хамт ирэх нь бий гэнэ. Тэднийг ялгаж, шүүж авдаг аж.

Үйлдвэрийн байрнаас

Дараах хэсгүүдэд Монгол Улс дахь Хог хаягдлын тухай хууль тогтоомж, төр энэ салбарт хэрхэн анхаарч буйг болон эх оронч аж ажуй нэгж хэрхэн нийгмийн үүргээр хөдөлмөрлөж буйг танилцуулна.


ХУУЛЬ: 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон ч үйлчилгээний хөлс төлж, хаягдлаа тушаах соёл суугаагүй

Монгол Улсад Хог хаягдлын тухай хуулийг анх 2012 онд баталсан. Моторын тос нь аюултай хог хаягдалд тооцогддог. Гэвч энэ хог хаягдлыг үүсгэгчид ямар хариуцлага хүлээх, дахин боловсруулах ААН-үүд нь зах зээлийн зарчмын хувьд хэрхэн эрүүлээр ажиллах зохицуулалт тусаагүй байв.

Энэ үед “Алтан оршихуй групп” компани хаягдал моторын тосыг 1 литрийг нь 350 төгрөгөөр худалдаж авдаг байжээ. Ингээд дахин боловсруулж, гаргасан дизель түлшээ 1150 орчим төгрөгөөр худалддаг байв. Тухайн үед дизель түлшний зах зээлийн ханш 1850 төгрөг байсан нь анхаарал татна.

Харин 2017 онд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дараах зохицуулалт бий болжээ.

Аюултай хог хаягдал үүсгэгчийн хувьд:

  • Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах
  • Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх үүрэг хүлээжээ.

Тэгэхээр өдгөө моторын тос ашигладаг бүх л иргэн, ААН нь дахин боловсруулах үйлдвэртэй гэрээ байгуулж, хаягдлаа тушаахаас гадна хураамж төлөх үүрэг хүлээсэн байна.

Хэдийгээр хууль 2017 онд ийм зохицуулалт хийсэн ч өнөөдөр сэтгэлгээний соёл суугаагүй байна. Д.Ариунмөрөн “Хүмүүс хаягдал моторын тосыг үнэгүй олддог  түүхий эд гэдэг утгаар нь хардаг. Иймд бидэнтэй гэрээ байгуулж, хураамж төлнө гэхээр гайхаж хүлээж авдаг” гэлээ.

Одоогийн байдлаар: “Алтан оршихуй групп” компанийн харилцагчдын 3-5 хувь нь л хуульд заасан үүргээ биелүүлж, үйлчилгээний хөлс төлдөг байна. Үлдсэн хэсгээс нь тэд өөрсдөө хаягдал тосыг худалдаж авдаг хэвээр гэсэн үг. Ингэхдээ 1 литрийг нь 250 төгрөгөөр авдаг аж.

Түүнчлэн дээр дурдсан, 3-5 хувьд  хамаарах харилцагчид нь ердөө хог хаягдлыг тээвэрлэх зардлын 70 хувьд хүрэх дүнг л үйлчилгээний хөлс болгож төлдөг байна. Өөрөөр хэлбэл, хаягдал үүсгэгч нэгжүүд ашигласан моторын тосыг нь үйлдвэр лүү тээвэрлэх зардлын ихдээ 70 хувийг л үйлчилгээний хөлс гэж төлдөг аж.

“Гэрээ хийхдээ ийм хэлбэрээр хэлэлцэж, тохирохгүй л бол ойлгох нь бага. Хаягдалдаа үйлчилгээний хөлс төлнө гэхээр гайхдаг хэвээрээ” гэж Д.Ариунмөрөн ярьж байна. Дахин дурдахад, ингэж үйлчилгээний хөлс төлдөг нь тэдний нийт харилцагчдын ердөө 3-5 хувь юм.


ТӨРИЙН БОДЛОГО: Мөнчгөрөөр хөдөлмөрлөхөд давхар давхар ирдэг татварын дарамт

Мөн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, төр нь:

•           Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох үүрэг хүлээжээ.

Гэвч энэ заалт өнөөг хэр хэрэгжихгүй явсаар байна. Гадаадын орнуудад ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүддээ төр нь татаас өгдөг. Өөрөөр хэлбэл, боловсруулсан хог хаягдлынх нь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Харин Монголд аюултай хог хаягдал дахин боловсруулдаг ААН-үүд хаягдал үүсгэгч болон төр хоёрын хооронд ямар байдлаар ажилладгийг “Алтан оршиуй групп” компанийн жишээ харуулж байна.

Түүнчлэн, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй ийм нөхцөлд тэд давхар давхар татвар  төлдөг. Тодруулбал:

  • Худалдаж авсан хаягдал моторын тосондоо НӨАТ
  • Боловсруулж, гаргасан дизель түлшиндээ яг импортын түлшний ижил хэмжээгээр НӨАТ төлөх үүрэг хүлээдэг байна.

Дээрээс нь уг үйлдвэр нь хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд тооцогддог учир ажилтны НДШ-д 13 хувийн татвар төлдөг аж. Энэ нь зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байна.

Уг нь моторын тосыг импортлогч компаниуд нь татвар төлөн оруулж ирж буй. Мөн ашиглагч ААН-үүд нь НӨАТ төлөн худалдаж авч байгаа. Ингээд ашиглаад, ялгарч үлдсэн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дахин НӨАТ төлж худалдаж авдаг тогтолцоо үйлчилж байна гэсэн үг.


ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ ТОГТОЛЦОО: Тэдний хүлээсэн нийгмийн үүргүүд

“Алтан оршихуй групп” компанийн үүсгэн байгуулагч Р.Баярбат нь 2011 онд НҮБ-ын СОР-17 хуралдаанаар “Дэлхийн тогтвортой хөгжлийн удирдагч” шагнал хүртжээ. 2012 онд тэр компаниа үүсгэн байгуулж, 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2013 оноос хойш өдийг хүртэл ажиллахдаа “Алтан оршихуй групп” компани 8.3 сая литр моторын тосыг дахин боловсруулжээ.

Хуульд шинэчилсэн найруулга хийснээс хойш таван жил өнгөрч буй ч хэрэгжилт ийм байна. Байгаль орчин, ирээдүй хойч үеийн агуулгаар үйл ажиллагаа явуулдаг энэ компани нэгэн хувь хүний үүсгэн байгуулсан, хөрөнгө чинээ хязгаарлагдмал нэгэн ААН. Олон улсын жишгээр бол, жил ирэх тусам боловсруулалтын цикл нэмэгдэж, харин үлдэгдлийн цикл багасаж байх ёстой. Харин манай хүнд тогтолцоонд эсрэгээрээ: Үлдэгдлийн цикл томорсоор, харин боловсруулалтын цикл улам хумигдсаар байна.

Нөгөөтээгүүр Монголд яг энэ чиглэлд мэргэшсэн боловсон хүчин цөөн. Иймд “Алтан оршихуй групп” компани нийгмийн хариуцлагын хүрээнд оюутнуудын дадлага хийх тохиромжтой суурь бааз болж иржээ. Оюутнууд “Би төгсөөд юу хийхээ ч ойлгодоггүй, орхих сонирхолтой байсан. Харин энд дадлага хийгээд урам зориг орлоо” гэж ярьдаг талаар Д.Ариунмөрөн ярьж байна.

Контентын хүрээнд хамгийн онцлох хоёр өнцөг нь:

  • Нэгт, моторын тос ашигладаг ААН-үүдээс хамгийн мега, том компаниуд нь тэдэнд үйлчилгээний хөлс төлдөггүй. Харин авто засварын газрууд зэрэг жижиг ААН-үүд гэрээний хүрээнд төлдөг.
  • Хоёрт, “Алтан оршихуй групп”-ийн худалдан авдаг аюултай хог хаягдал нь татварын давхар төлөлтийн системд өртдөг. Жилд үйлдвэрлэдэг дизель түлш нь импортын бүтээгдэхүүний 0.05 хувьд ч хүрдэггүй. Энэ утгаар тэд шатахууны зах зээлд өрсөлдөгч биш, нийгмийн үүрэг хүлээгч.

Бусдын адил хувийн ААН мөртлөө ийм нөхцөлд тэд үйл ажиллагаа явуулсаар л байна. Аюултай хог хаягдлыг худалдаж аван, дизель түлш болгоод, зах зээлд нийлүүлдэг ийм үндэсний үйлдвэрлэгчдээ төр нь анхаарах цаг иржээ. Тэд мачийн зүтгэж, даван туулсаар байна.

Нөгөөтээгүүр, иргэд, ААН-үүд ашигласан тосоо шууд хаях нь байгальд сөрөг нөлөөтэйг ойлгох. Улмаар хаягдлаа дахин боловсруулах үйлдвэрт тушаах. Цаашлаад үйлчилгээний хөлс төлөх нь хуулийн хүрээнд хүлээсэн үүрэг гэдгийг санах хэрэгтэй байна.


БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭН ДЭХ ӨМНӨХ КОНТЕНТ:

SOS: Гэр хорооллынхон үнс, угаадастаа "живж" байна

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-06 21:30

Бүр бодлогоор дэмжих ёстой үйлдвэрлэл байна.

Bat
Bat
2022-05-07 08:53

Mundag yumoo hechneen gazariig bohirdloos hamgaalsan bol

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2022-05-08 05:54

Та нарт баяр хүргье .Мундаг байна шүү дээ Та нартай уулзмаар байна Багахангай дүүрэгт очиж болох уу .утас 91233388 Амжилт хүсье Мундаг з####уучуудаа

А.Найманжин холбогдох утсаа үлдээж блхуу
А.Найманжин холбогдох утсаа үлдээж блхуу
2022-05-09 00:45

Дэмжэе бүгдээрээ нийлвэл хүчээ монгол чуудааа.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x