ДЭЛХИЙ

АНУ Монгол Улсад эрчим хүчний шинэ менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу USAID Монгол Улсад эрчим хүчний шинэ менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

АНУ-ын Засгийн газар АНУ-ын USAID-аар дамжуулан найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих Монгол Улсын эрчим хүчний менежментийн хөтөлбөрийг таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхээр боллоо. АНУ-ын USAID-ийн Филиппин, Номхон далайн арлууд, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уошберн тус улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр эл хөтөлбөрийг албан ёсоор нээж үг хэллээ. Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Төслөөр дамжуулан USAID нь төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шинэ дэд бүтцийн төлөвлөлтөд чиглүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тодорхой, ил тод дүрмүүдээр дамжуулан хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн гол түншүүдтэй хамтран ажиллах аж.

“USAID нь 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын гол цахилгаан станцуудын нэгд аваарын засвар хийхээс авхуулаад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн систем рүү шилжихэд нь тус дөхөм үзүүлэх хүртэл Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжиж ирсэн урт түүхтэй билээ. Бие даах чадвараа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих орчныг бүрдүүлэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улстай хийсэн энэхүү үр бүтээлтэй түншлэлээ үргэлжлүүлж байгаадаа бид бахархаж байна” хэмээн Уошберн ярив.

Монгол Улс одоогийн байдлаар цахилгаан эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хөрш орнуудын импортлож, хараат байдалд оршдог. Өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбар нь Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох учиртай. Төсөл нь илүү тогтвортой, бие даасан эрчим хүчний салбарыг бий болгоход тус дөхөм болж, Засгийн газарт ирэх төсвийн дарамтыг бууруулах зорилготой.

АНУ-ын USAID төсөл нь мөн агаарын чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын эрчим хүчний салбар дахь шинэчлэлийн боломжит хувилбаруудыг ашиглахыг дэмжинэ. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын захын бүсэд түүхий нүүрс түлж, өөрөөр хэлбэл нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг тул агаарын чанар муудсаар байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр дөрөвдүгээр сарын 22-нд “Эх дэлхийн өдөр”-ийг эхлүүлсэн АНУ-ын USAID хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн стратегид хувь нэмэр оруулах юм. АНУ-ын USAID бол 30 гаруй жилийн турш Монгол Улстай ардчилсан хөгжлийг ахиулах, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар тогтнол, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: IJGlobal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x