ДЭЛХИЙ

УКРАИН: Орос цэрэг энгийн иргэнийг ХӨНӨӨСНӨӨ шүүхийн өмнө хүлээв

Украины талаас Оросын цэргүүдийн эсрэг дайны гэмт үйлдсэн хэргийг  мөрдөн шалгах явцад 21 настай Вадим Шишимарин гэх Оросын цэрэг Украинд энгийн иргэний амийг хөнөөсөн гэдгээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар Украины хэвлэлд тавдугаар сарын 18-ны лхагва гарагт мэдээлжээ.

Украины Ерөнхий Прокурорын Газар түүнийг Украинд энгийн иргэний амийг хөнөөсөн хэргээр шүүгдэж буй анхны Оросын цэрэг гэдгээр нь онцолжээ.

Вадим Шишимарин “Энгийн номхон иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уу” гэсэн шүүгчийн асуултад “Тийм” хэмээн хариулсан байна.

Вадим Шишимарин Оросын бусад цэргийн алба хаагчдын хамт хоёрдугаар сарын 24-нд Украины Сумы мужийн хилээр давж, хоёрдугаар сарын 28-нд Камыши тосгоны ойролцоо Шишимарин гацаанд орсон аж. Улмаар тэрбээр бусад цэргүүдийн хамт хил рүү буцаж явах замдаа замаас машин хулгайлж, гал нээсэн байна. Хулгайлсан машинаараа цааш явах замдаа замын хажууд нэгэн эр утсаар ярьж байхыг хараад, Шишимарин машинаасаа буулгүйгээр тэр эр лүү пулемётоор хэд хэдэн удаа буудсан аж.

Тухайн эр толгойн тус газраа буудуулсан учир газар дээрээ нас барсан хэрэг үйлдсэн талаар шүүгч танилцуулсан байна. Украины прокурорын газар эд мөрийн баримт болгон хохирогч эрийн ярьж байсан гар утас, Оросын цэргийн алба хаагчдад байсан таван пулемётыг хүлээн авсан байна.

Шүүх хурлын үеэр Вадим Шишимарин өөрийгөө Эрхүү мужийн Усть-Илимск хотод бүртгэлтэй, Москва муж дахь 32010 дугаар цэргийн ангид алба хааж байсан гэж мэдэгджээ. Украины шүүхээс түүнд доод тал нь арван жил эсхүл бүх насаар нь хорих ял оноох юм байна.

Украинд одоогийн байдлаар Оросын цэргүүдийн үйлдсэн байж болзошгүй арван мянга гаруй дайны гэмт хэргийг илрүүлээд байгаа аж. Тус улсын Ерөнхий прокурор Ирина Венедиктова “Твиттер” хуудсандаа “Энэхүү анхны шүүх хурлаар бид Украинд гэмт хэрэг үйлдэхийг захиалсан, тусалсан хүн бүр хариуцлагаас мултрах ёсгүй гэсэн тодорхой дохио өглөө” гэж жиргэжээ.

Цэргүүд нь Украины энгийн иргэд рүү халдсан, амийг нь хөнөөсөн гэдгийг Москва эрс үгүйсгэж байгаа хэдий ч мөрдөн байцаагчид Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхэд хандаж, дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нотлох баримтуудыг цуглуулж эхэлжээ.

Олон Улсын Эрүүгийн Шүүхээс 42 мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн шинжээч, туслах ажилтнуудаас бүрдсэн багийг Украин руу илгээнэ. Түүнчлэн, Украин ы талаас ч Орос цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийг нотлох баримтыг цуглуулах тусгай багийг байгуулжээ.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 12:02

Хүчээр хүлээлгэлээ дээ

Зочин
Зочин
2022-05-22 18:57
Reply to  Зочин

Тэгэхээр Оросууд огт хүн �##�ахгүй байгаа гэсэн үг үү?

Холбоотой мэдээ

Back to top button