Нийгмийн

Хөвсгөл нууранд живсэн техникийг гаргахаар Японоос шумбагч дрон авч ирэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах тухай зөвлөмж гарсан.

Тэгвэл тус зөвлөмжийн дагуу Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Г.Түвдэндорж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Япон Улсын “Ниппон Селвиж” группын мэргэжилтэн Акари Ватару, Усны газрын дарга Ш.Мягмар болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, судалгаа, шинжилгээ, авч хэрэгжүүлсэн ажлын явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.

Түүнчлэн “Ниппон Селвиж” группийн мэргэжилтэн ноён Ватару Араки Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, судалгаа, татан гаргах ажиллагааны чиглэлээр Япон Улсын талаас тус нуурын байгалийн тогтоц, техник хэрэгслийн живсэн байх магадлалтай газруудын хэмжээ, байршлыг агаараас тандах, улмаар нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах техник хэрэгслийг тодорхойлсон үйл явцыг танилцуулсан юм.

Албаны хүмүүсийн танилцуулга, мэдээллийн дараа Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд Монгол-Японы талууд 2 талын төлөвлөгөөг боловсруулж далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах чиглэлээр 130 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Япон Улсын "Ниппон салвэйж" компаниас илрүүлэг хийх шумбагч дрон хэрэгслийг эхний ээлжид татан авч ажлыг эхлүүлэх шийдэлд хүрэв.

Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн хүчний тооцооллоо нарийвчлан гаргаж хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулах юм. Уг арга хэмжээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төтөлбөрийн “Ногоон хөгжил”-ийн нэгдүгээр үе шат буюу 2021-2030 онд цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч унаган байгалийг хамгаалах зорилтын хүрээнд өрнөж байгаа юм. Уг ажлыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар БХЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам, ОБЕГ, ТТХГ, Усны бодлого зохицуулалтын газрын ажлын хэсгүүд хамтран хэрэгжүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button