
“Челси” хөлбөмбөгийн багийг Америкийн хөрөнгө оруулагч Тодд Боли тэргүүтэй консорциумд 4.25 тэрбум фунт стерлингээр буюу ойролцоогоор 5 тэрбум ам.доллароор худалдсан талаар тус багийн цахим хуудсанд мэдээлжээ.
Тус багийн өмнөх эзэн Роман Абрамовичийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой хэмээн “шийтгэсний” дараа багийг гуравдугаар сард худалдаанд гаргасан байсан юм.
“Челси” баг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан ч тавдугаар сарын 31-нд буюу өчигдөр хугацаа нь дууссан аж.
Тодд Боли түүнтэй өрсөлдсөн 11 хүчтэй өрсөлдөгчдөө ийнхүү ялж, “Челси” багийн шинэ эзэн боллоо. Тэрбээр хэлэхдээ, “Бид “Челси” хөлбөмбөгийн багийн шинэ эзэд болсон нь нэр төрийн хэрэг. Шүтэн бишрэгчид маань биднээр 100 хувь бахархаасай гэж хүсэж байна” хэмээв.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Засгийн газар “Челси” багийг худалдах тусгай зөвшөөрөл олгож, “В.Путиний дэглэм”-тэй холбоотой хэн ч байсан, тэр тусмаа багийн эзэн асан Роман Абрамович “Челси” багаас нэг ч зоосны ашиг олох ёсгүй хэмээн үзсэн юм. Багийг худалдсан орлогыг банкны тусгай дансанд байошуулж, царцаагаад Украины дайнд нэрвэгдэгсдийг дэмжих буяны байгууллагуудад зориулах аж.

Багийн шинэ эзэн Тодд Боли бол өдгөө 48 настай ба спортын бизнест “цоо шинэ” хүн биш юм. Тэрбээр Дэлхийн цувралын долоон удаагийн аварга “Лос Анжелес Дожерс”, “Лос Анжелес Спаркс” эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг, “Лос Анжелес Лэйкерс” багийг хамтран эзэмшигчдийн нэг.
Эх сурвалж: Deadline
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.