ДЭЛХИЙ

БНХАУ хилийн боомтуудаа хаасан горыг түүхий эд экспортлогч улсууд амсана

БНХАУ “КОВИД-19”-ийн эсрэг хатуу арга хэмжээ авч, хил гаалиа хаасан. Тус улс эдийн засгийн өсөлтөө сэргээхдээ зөвхөн дотоодын хөдөлмөрийн нөөцөөр шийдэх боломжтой тул Бээжин 2022-2023 онд хилээ нээх магадлал тун бага хэмээн АНУ-ын Принстоны Их сургуулийн профессор Харолд Жеймс /Harold James/ ярьсан байна.

Гуравдугаар сарын эхээр Хятадад коронавируст халдварын шинэ давлагаа эхэлсэн юм. Харин дөрөвдүгээр сарын 21 гэхэд шинэ тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч, өдөрт 53,345 тохиолдол илэрч эхэлсэн.

Тиймээс Хятадын эрх баригчид халдварын тохиолдол бүрт хатуу арга хэмжээ авсаар ирсэн. “Тэг ковид” гэсэн бодлогыг хүртэл баталж, халдварын тархалтыг хүчээр барихыг оролдож буй дэлхийн цөөхөн орны нэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар халдвартай иргэдтэй харьцсан хүмүүсийг заавал хорио цээрийн дэглэмд оруулах арга замаар вирусийн тархалтыг хязгаарлаж байна гэсэн үг. Энэ бодлогынх нь хүрээнд Хятадын 46 хотын 340 сая иргэн ямар нэгэн байдлаар “нийгмээс тусгаарлагдаж” хязгаарлалтад орсон хэмээн “The Guardian” бичжээ.

Эрх баригчдын авч байгаа хатуу арга хэмжээний нэг нь хилээ хаасан явдал. Сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын цагаачдын тоогоор нэлээд дээгүүрт жагсдаг байсан Хятадад мэдэгдэхүйц буурсан аж. Коронавируст цар тахлын ид үе буюу 2020-2021 онд гадаадын иргэд олноороо Хятадыг орхин гарсан ажээ.

БНХАУ зүүн талаараа Номхон далайд тулж, бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргиз, Казахстан, Монгол, Орос, Умард Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хатуу хөл хорионы улмаас эдгээр бүх улстай хилийн зурвасаа хаагаад байгаа юм.

Хатуу хөл хориог ялангуяа Шанхайд хотод хэрэгжүүлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд Шанхай хотыг “ваакуум” орчинд оруулснаар хотын иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Учир нь, хөл хорионы үеэр иргэд хоол хүнсний гачаалд орсон юм. Хятадын эрх баригчдын энэ мэт хатуу бодлогыг орон нутгийн иргэд төдийгүй ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хүртэл эсэргүүцэж, Шанхай хотыг нийгмээс тусгаарлах хатуу арга хэмжээг цуцалж, арай өөр арга барилд шилжихийг уриалсан удаатай.

Гэсэн ч, ард иргэдийнхээ дургүйцэл, мэргэжилтнүүд болоод ДЭМБ-ын тэргүүний шүүмжлэлийг үл харгалзан Ши Жиньпин тэргүүтэй Хятадын эрх баригчид хатуу бодлогоо цуцлах бодолгүй байгаа талаар Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Жао Лицянь: “Ассошиэйтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан.

Жао Лицянь: “Холбогдох хүмүүс Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах бодлогыг бодитой, оновчтой тунгаан бодож, гарах үр нөлөөний талаар илүү их мэдээлэлтэй байж, хариуцлагагүй тайлбар, шүүмжлэл хийхээсээ аль болох зайлсхийнэ гэдэгт итгэж байна”.

Хятадын “Тэг ковид” бодлого аль хэдийн Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хүргэсэн. Дотоодынх нь үйлдвэрүүд сул зогссоноор, тус улсын нийгэм, эдийн засгийн салбар үндсэндээ уналтад оржээ. 2020 оны хоёрдугаар сард коронавирусийн анхны цочролын үеэр бизнесийн салбарын идэвхжил огцом буурсныг эс тооцвол Хятад улс эдийн засгийн хувьд 2009 оноос хойших хамгийн хямралтай нүүр тулаад байгаа юм. Үйлдвэрүүд хаалгаа барьснаар үйлчилгээний идэвхжил ч тэр хэрээрээ огцом буурсан нь тодорхой.

Хөрөнгө оруулагчдын, ялангуяа Хятадын компаниудын бонд эзэмшигчдийн санааг зовоож буй зүйл бол өрийн асуудал. Хязгаарлалтын нөлөөгөөр барааны эргэлт, үйлчилгээ, тэр тусмаас үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурч, “Evergrande” зэрэг томоохон компаниуд өрийн дарамтаас болж дампуурсан шиг нөхцөл байдал давтагдах вий хэмээн хөрөнгө оруулагчид эмээж байгаа талаар “Freedom Finance” санхүүгийн байгууллагын ахлах шинжээч ярьсан юм.

Үүнээс гадна, Хятадын Засгийн газрын хатуу бодлого тээвэр ложистикийн салбарт хүнд цохилт өгөөд эхэлсэн. Хил гаалиа хаасан хорио цээрийн бодлогоор богино хугацааны дотор дэлхийн эдийн засаг дахь нийлүүлэлтийн сүлжээг тасарсан, учир нь Хятад бол маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол нийлүүлэгч, бас хэрэглэгч орон хэмээн “Freedom Finance” санхүүгийн байгууллага дүгнэсэн.

Тээвэр ложистик саатаж, бараа нийлүүлэлт саатсанаар зөвхөн Хятадын дотоодын эдийн засгийг удаашруулаад зогсохгүй дэлхийн эдийн засгийг бүхэлд нь удаашруулна хэмээн шинжээчид тооцоолоод байгаа юм. Учир нь, дэлхийн ихэнхи орон Хятадын импорт, экспортоос хамааралтай. Энэ хямралыг хамгийн түрүүнд түүхий эдээ Хятад руу экспортолдог улс орнууд мэдэрнэ.

Хятадын үйлдвэрлэл удааширснаар дэлхийн эрчим хүч, үйлдвэрлэлийн материалын эрэлтийг ч бууруулж эхэлсэн. Ялангуяа, хил гаалиа хааж, томоохон боомтуудын үйл ажиллагааг хязгаарласан нь импорт, экспортын нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, дэлхийн эдийн засагт инфляц нэмэгдэх дарамтыг бий болгож байгаа юм.

Гэсэн хэдий ч, эрт орой хэзээ нэгэн цагт тэдгээр хязгаарлалтууд цуцлагдаж, дэлхийн хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засаг дахин сэргэнэ гэсэн бооцоо тавихын тулд хүлээхээс өөр аргагүй.

Эх сурвалж: Financial Times; WSJ; Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэ үнэн
Энэ үнэн
2022-06-08 08:02

Манхй улс түүхий нүүрсээ гаргадаг зэсээ бас дамжуулж байгаа

Энэ үнэн
Энэ үнэн
2022-06-08 08:02

2027 онд дэлхийн номер нэг эдийн засагтай улс болно бүгд ая т##ыг нь харахаас аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button