ДЭЛХИЙ

НҮБ: Дэлхийн хэмжээнд хүнсний хэд хэдэн хямрал нэгэн зэрэг ойртож байна

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас дэлхийн хэмжээнд хоол хүнсний хямрал нүүрлэнэ хэмээн хатуу анхааруулга өглөө. Энэ талаар "Ассошиэйтед Пресс" /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Хоол хүнсний хомстол, хямрал нь ган гачиг, коронавируст цар тахлын үр дагавараас гадна Украины дайны нөлөөгөөр улам даамжирч байгааг НҮБ анхааруулж байгаа юм. Энэ бүхэн түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд хүргэсэн. “Дэлхийн хоол хүнсний хямралд мэдээж “ядуугаас ядуу” улс орнууд илүү өртөхөөс гадна дундаж амьдралтай сая сая гэр бүлийн төсөвт ч хүндрэл учрах аюул заналхийлэл байна” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли хэлэв.

“Өнөөгийн нөхцөл байдал 2011 оны Арабын хавар, 2007-2008 оны хүнсний үнийн хямралын үеэр 48 улсад улс төрөөс үүдэлтэй үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнд автаж байсан үеийнхтэй харьцуулахад илүү хүнд байна” хэмээн Дэвид Бисли хэлэв. Тэрбээр мөн Индонез, Пакистан, Перу, Шри Ланкад гарсан хүнсний хямралыг “мөсөн уулын зөвхөн орой” нь гэж дүгнэв.

Ирэх хэдэн саруудад өлсгөлөн улам бүр дордох төлөвтэй байгаа учир өлсгөлөн нүүрлэсэн дэлхийн “халуун цэгүүдэд” туслах хүмүүнлэгийн арга хэмжээг яаралтай авах шаардлагатай хэмээн тайландаа уриалжээ.

Түүнчлэн НҮБ-ын харъяа байгууллагууд энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Украинд эхлүүлсэн түрэмгийлэл дэлхийн хэмжээнд хоол хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг улам хурцатгаж байгааг анхааруулав.

Тодруулбал, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэдээлснээр, 2022 онд Суданд 10.9 сая хүн буюу хүн амын 30 хувьд нь амьжиргааг нь залгуулах яаралтай тусламж хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан. Энэ үзүүлэлт бол сүүлийн арван жилд тохиож байгаагүй их тоо юм. Хоол хүнсний хомстол, хямралд хамгийн түрүүнд хүн ам нь бага орлоготой, ядуурлын төвшин ихтэй улсын иргэд өртөнө хэмээн сануулж байгаа юм.

Эх сурвалж: UN.ORG

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button