ХУУЛИЙН ТАЙЛБАР: Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусна

ЗГХЭГ: Ш.БАТХҮҮТЭЙ ӨР БАРАГДУУЛАХ ХЭЛЦЛИЙГ ХИЙЖ БАЙГАА
Жастын Ш.Батхүү Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, ДӨРВӨН удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Улмаар Английн дээд шүүх дээр монголын тал ялагдал хүлээснээр “Эрдэнэт” ТӨҮГ Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн билээ.
СОНИРХОЛТОЙ НЬ, Ш.Батхүүд уг зээлийн маргаан ихээхэн ашигтай туссан байдаг. Тодруулбал, Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.долларынхаа 69 сая ам.долларыг ор тас төлөөгүй үлдсэн. Мөн “Эрдэнэт”-ээс шүүхийн зардалд 37.8 тэрбум төгрөг зарцуулсан. Эдгээр өндөр дүнгүүдэд Ш.Батхүү эдүгээ ямар ч хариуцлага хүлээхгүй юм.
Гагцхүү “Эрдэнэт” ТӨҮГ-ын “Эрсдлийн сан”-гаас гарсан 40 сая ам.долларыг төлөхөөр зохиомол байдлаар дампуурал зарласан гэдгээ хүлээн зөвшөөрч, өр барагдуулах хэлцэл хийж эхэлсэн. ЗГХЭГ-аас өгч буй мэдээллээр Ш.Батхүүгийн өр барагдуулах хэлцэл үргэлжилж байгаа аж.
Зарим хэвлэлүүд “Ш.Батхүү “Эрдэнэт”-д 40 сая ам.доллар төлөх үүрэггүй боллоо. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа” гэхчлэн мэдээлсэн. Уг асуудлаар бид АТГ-аас тодруулахад, “Ш.Батхүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Зүйл ангиудаас хамаарч, хөөн хэлэлцэх хугацааны дуусгавар болох огноо өөр өөр байгаа” гэх мэдээллийг өглөө.
-Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ЯГ ХЭДИЙГЭЭР ДУУСАХ ВЭ-
Гэхдээ АТГ-ааас “Яллагдагч талаас хэрэг шалгах процесстой холбоотой гомдлуудыг удаа дараа үндэслэлгүйгээр гаргасан. Энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх зорилготой” гэж үзэж буйгаа энэ удаа давхар илэрхийлэв.
Ингэж хардах бүрэн үндэслэлтэй юм. УЧИР НЬ, АТГ-аас Ш.Батхүүд хамаарах хэргийг 2019.01.07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2019.03.05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл Ш.Батхүү 2019.07.19-ны өдөр УДШ-д хяналтын журмаар гомдол гаргасан юм. Ингэснээр Ш.Батхүүд хамаарах хэрэг прокурор дээр гацчихаад байна.
Ш.Батхүүг ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148.4 тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, АРВААС ДЭЭШ АРВАН ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Уг зүйлчлэлийн дагуу Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10.3-т зааснаар тодорхойлвол “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш АРВАН ХОЁР ЖИЛ өнгөрсөн” тохиолдолд дуусгавар болохоор байна.
Огноогоор нь хөөвөл, Ш.Батхүүд хамаарах хэрэг 2009 онд үйлдэгдсэн. Үүнээс хойших 12 жил гэж тооцвол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болохоор байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.