Америкийн иргэн Элон Маскаас 258 тэрбум ам.доллар нэхэмжилж, шүүхэд өгчээ

Америкийн Кит Жонсон гэх иргэн Элон Маск болон түүний “SpaceX”, “Tesla” компаниудыг “Dogecoin” криптовалютын ханшийг зохиомлоор өсгөх зорилгоор “криптопирамид”-ыг бий болгосон хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ.
“Блүүмберг” агентлагийн мэдээлснээр, нэхэмжлэгч Кит Жонсон өөртэй нь адил “иймэрхүү пирамид схем”-ээр мөнгөө алдсан бусад хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлөхөд бэлэн байгаа гэдгээ давхар мэдэгдээд, 2019 оноос хойших криптовалютын худалдан авалт, арилжаанаас хохирсон 258 тэрбум ам.долларын хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа аж.

Нэмж дурдахад, Кит Жонсон шүүхэд Элон Маск болон түүний компаниудад “Dogecoin”-ыг сурталчлах, “Dogecoin”-ыг худалдахад нь хориг тогтоож, АНУ болон Нью-Йорк мужийн хууль тогтоомжийн дагуу мөрийтэй тоглоомын ангилалд оруулах хүсэлт гаргасан байна.
Кит Жонсоны нэхэмжлэлд дурьдсанчлан, “хариуцагч тал “Dogecoin”-ыг хууль ёсны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж худал мэдүүлж байгаа боловч энэ нь ямар ч үнэ цэнгүй хоосон зүйл. “Dogecoin” бол валют ч биш, хувьцаа ч биш, үнэт цаас биш. Үүнийг алт, бусад үнэт металлаар баталгаажуулагүй. Түүнийг идэж, ууж, өмсөж болохгүй. Хүү, ногдол ашиг ч өгдөггүй зүйл. “Dogecoin” бусад криптовалютуудаас ялгаатай нь ямар ч арилжааны практик байхгүй, үнэ цэнгүй. “Dogecoin”-ыг төрийн болоод хувийн хэвшлийн нэг ч байгууллага санал болгодоггүй. “Dogecoin” бол “тэнэгээс ч илүү тэнэгүүдийн тэнэглэл”. Валютыг өндөр үнээр худалдаж авах гэж хууран мэхлэх гэсэн зүгээр л нэг луйвар” гэсэн юм.

2013 онд худалдаанд гарсан “Dogecoin” бол Элон Маскын дуртай криптовалютуудын нэг. Тэрбээр “Dogecoin”-ыг нэг бус удаа илтгэл, нийтлэлээрээ сурталчилж байсан удаатай. Тиймээс, 2021 оны арванхоёрдугаар сард “Teslа” компани “Dogecoin”-ээр төлбөр хүлээн авч эхэлсэн нь эл криптовалютын ханшийг 24 хувиар өсгөсөн.
Мөн 2021 оны хоёрдугаар сард Элон Маск өөрийн “Твиттер” хуудсандаа “Dogecoin”-ыг “хүмүүст зориулсан крипто” хэмээн нэрлэсэн нь түүний ханшийг 80 хувиар өсгөж байсан удаатай. Гэсэн хэдий ч, түүний энэ амжилт богино настай байв. 2021 оны тавдугаар сард нэг “Dogecoin” 0.74 ам.долларын үнэтэй байсан ба энэ нь түүний хамгийн өндөр үзүүлэлт. Одоо “Dogecoin”-ы ханш ердөө 0.06 ам.доллар байгаа юм.
Эх сурвалж: Oopstop
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.