Италийн хойд хэсэгт сүүлийн 70 жилд тохиолдоогүй ган гачиг болж байна

Италийн хойд хэсэгт сүүлийн 70 жилд тохиолдоогүй ган гачиг боллоо. Хойд хэсгийн бүс нутгийг ундалдаг По голын усны түвшин зургаадугаар сарын дунджаас тав дахин багасаад байна.
Урьд өмнө тохиолдож байгаагүй ган гачгаас үүдэн усны түвшин сүүлийн 70 жилд байгаагүйгээр доод түвшинд хүрсэн талаар “The Guardian” мэдээлжээ.
Италийн дөрвөн ч бүс нутгийн удирдлагууд бүс нутагтаа онц байдал зарлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Ирэх саруудад нөхцөл байдал улам дордох төлөвтэй байгаа аж.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, эдгээр бүс нутгуудад дөрвөн сар шахам хур бороо ороогүй учир голын ус гүехэн болсон. Бороо орохгүй удвал голын эрэг дээрх усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй. Энэ тохиолдолд орон нутгийн оршин суугчид зөвхөн ус төдийгүй цахилгааны хангамж ч тасалдана.

Үүнтэй уялдаад, Италийн хойд хэсгийн хэд хэдэн хотын эрх баригчид иргэдийн усны зохистой хэрэглээг тогтоожээ. Усыг зөвхөн хоол хийх, угаалга хийхэд л хэрэглэхийг зөвшөөрөхөөр болжээ.
Бавено хотын захирагч Алессандро Монтигийн хэлснээр, хэрэв онцын шаардлагагүй тохиолдолд усыг үргүй зарцуулахыг хориглосон тогтоол гаргах ёстой гэв.
Хэрэв энэ мэтээр хур бороо орохгүй ган гачиг үргэлжилбэл По голын усыг ашиглаж буй нутгийн тариаланчид тариалангийн талбайгаа услах боломжгүй болж, ургацаа алдах аюул нүүрлээд байгаа аж. Муугаар бодоход По голын ус ширгэснээр Адриатын тэнгисийн давстай усыг хэрэглэхээс өөр аргагүй болж, хөдөө аж ахуйн газруудыг сүйтгэх эрсдэлтэй. Мөн цоргоны уснаас уух боломжгүй болох юм.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.