ОХУ-д газрын тосны үйлдвэрт гал гарсанд Украин холбоотой байж болзошгүй

Өчигдөр /2022.06.22/-ийн өглөө ОХУ-ын “Новошахтинск” газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч, дулаан солилцогч төхөөрөмж шатсан байна. ОХУ-ын Онц Байдлын Яамны Ростов муж дахь салбарын мэдээлснээр, хүний амь нас эрсдээгүй аж. Түймэр 50 метр квадрат талбайг хамарсан байна.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, дрон онгоц үйлдвэрийн барилгуудын нэгийг чиглэн унасан гэв.
Хэрэг явдлыг нүдээр харсан гэрчүүдийн мэдээлснээр, газрын тос боловсруулах үйлдвэрийн орчимд дэлбэрэлт болжээ.
Гал сөнөөгчид галыг унтраасан ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үүний дараа шинжээчид хохирлыг үнэлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг аль болох хурдан сэргээх боломжтой болно.
Үйлдвэрийн нутаг дэвсгэр дээрх танкуудын хооронд шатсан дроны хэлтэрхийнүүд олдсон байна.
“Новошахтинск” газрын тос боловсруулах үйлдвэр нь Орос, Украины хилээс хэдхэн километрийн зайд байрладаг томоохон үйлдвэр. Хилийн нөгөө талын зурвас Бүгд Найрамдах Луганск Ард Улсын хяналтад байдаг. Тус компани нь Оросын өмнөд хэсэг дэх гаүрын тосны бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч, Ростов мужид үйл ажиллагаа явуулж буй цорын ганц боловсруулах үйлдвэрт тооцогддог. Тус үйлдвэр ойролцоогоор 1.5 мянга орчим ажилтантай.
Сонирхуулахад, 2021 онд “Форбес” /Forbes/ сэтгүүл тус үйлдвэрийг “Оросын хамгийн том 200 хувийн компани”-ын жагсаалтад оруулж байсан. Тус үйлдвэрийг “Юг Руси” хөдөө аж ахуйн компанийн эзэн Сергей Кислов эзэмшдэг байсан ч 2018 онд газрын тосны хөрөнгөө худалдсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Хэвлэлд бичсэнээр үйлдвэрийг Украины улстөрч Виктор Медведчукийн эхнэр Оксана Марченко худалдаж авсан гэжээ.

2021 он хүртэл тус үйлдвэр нь түүний гэр бүлийнх байсан. Мөн онд Украины хууль сахиулах байгууллагууд Медведчукийг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж, улмаар 2021 оны дөрөвдүгээр сард “Петон Инвест Технологи” компани “Новошахтинск” газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн эзэмшигч болсон юм.
Мужийн захирагч Василий Голубевийн хэлснээр, гал Украинд үйлдвэрлэсэн дрон үйлдвэрийн бүс дээгүүр ниссэний дараа гарсан гэж мэдэгдсэн.
“Новошахтинск” газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлага ч мөн дроноор террорист халдлага үйлдсэн хэмээв. Энэ талаар үйлдвэрийн албан ёсны вэб сайтад нийтэлжээ.
Ямартай ч, галын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: AIF
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үмхий хулмаснуудыг хуйхлах шахжээ