Б.Цэнгэл: Зарим улсын үйлдвэрийн газар, компаниудыг татан буулгах, нэгтгэх процесс эхэллээ
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн мэдлийн хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.
Үүний хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогод туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болгосон. Өнөөдрийн шийдвэртэй холбоотойгоор нийт 25 байгууллагын хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталсан. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэл хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг байгууллагууд байна.
Шийдвэрийн талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "25 аж ахуй нэгжийг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох бололцоо бүрдэж байна. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтаж байна. Эдгээр компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй хувьцаа байдлаар гаргана.
Тэргүүн ээлжинд Монголын хөрөнгийн биржийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй болгохоор санал оруулаад дэмжигдлээ. Мөн 2023 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн 34 хувийг хувьцаа байдлаар гаргахаар шийдвэрлэлээ.
Энэ арга хэмжээний хүрээнд зарим улсын үйлдвэрийн газар, зарим компаниудыг татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процесс эхлүүлж байна. Энэ удаад "Монгол Улс" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Усны асуудал эрхлэх агентлаг байгуулагдсан учраас чиг үүргийн давхардал үүсгэж байна.
Мөн "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэхээр боллоо. "Цагаан шонхор" бол ХЗДХЯ-ны харьяа, ажилчдын хувцас хийдэг компани байдаг. "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар адил чиг үүрэгтэй бөгөөд Батлан хамгаалах яамны харьяа байсан" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.