АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлснийг нотлох мэдээлэлд мөнгөн шагнал олгоно
АНУ-ын Төрийн департамент тус улсын сонгуульд гадаадынхан хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэлд 10 сая ам.долларын мөнгөн шагнал олгоно хэмээн зарлалаа.
Шагналыг өнгөрсөн сонгуульд хөндлөнгөөс санаатай оролцсон болон одоо оролцож буй гадаадын аливаа этгээд, тэр тусмаа тэдгээр гадаадын байгууллагын байршил хаягийг олж илрүүлэх, түүнчлэн ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олгох аж.
Сонгуульд гадаадынхны хөндлөнгийн оролцоо гэдэг нь сонгогчдын санал өгөх явцад нөлөөлөх, сонгуулийн үйл явц, институцид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, эсхүл алдагдуулсан “далд, луйварын болон олныг төөрөгдүүлсэн хууль бус үйлдэл, оролдлого” хийх, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг хэлнэ хэмээн Гадаад Хэргийн Яам тайлбарлав.
Мөн саналыг будилиантуулах, мэдээллийн сан руу халдах, худал ташаа мэдээлэл тараах, кибер халдлага үйлдэх зэрэг багтана хэмээн тайланд тэмдэглэжээ.
Мэдээлэлд шагнал олгох эл хөтөлбөр нь 1984 оноос хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд терроризмын халдлагаас урьдчилан сэргийлэх, террорист бүлэглэлүүдийн удирдагчдыг шүүхэд өгөх, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюул заналхийллийг арилгахад тусалсан мэдээлэлд 125-аас илүү иргэнд нийт 250 сая гаруй ам.доллар төлсөн хэмээн Төрийн департамент мэдээлэв.
Эх сурвалж: Politico
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.