НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, "Fox" нэртэй номын мухлаг нээсэн найзууд

Орон хотод маань "Fox" нэртэй номын мухлаг үүдээ нээжээ. "Black Ocean" кофе шоптой нэгэн дээвэр дор орших эл номын мухлагаар зочиллоо.

Бүдэгхэн гэрэл. Цонхны цаана хөлхөх хүн зоны урсгал. Цонхны хажуугийн ширээнд нэг залуу, харалдаа ширээнд нь нэг бүсгүй суун ном уншиж байлаа. Номын тавиур дээр яруу найрагч Р.Чойном, Д.Галсансүх, Г.Лхагвадулам, Б.Батзаяа тэргүүтэй зохиолчид "чуулжээ". Бас "Tagtaa", "Nil', "Boobooks", "Chimee", "Sayan", "Gcom press" зэрэг хэвлэлийн газраас гаргасан шинэ шидээвэр номууд.

Эл номын мухлагийг орчуулагч Б.Хатантөмөр, сэтгүүлч, яруу найрагч Б.Энх-Уянга нар хамтран нээжээ. Тэд найзууд. Хэн, хэн нь номын дэлгүүр нээхийг багаасаа мөрөөддөг байж.

Бид номын мухлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Энх-Уянгатай та бүхнийг уулзуулж байна.

НОМЫН МУХЛАГ НЭЭХ БОЛСОН ТҮҮХ

-Яг үнэндээ номын дэлгүүрийг мөнгөтэй хүмүүс л нээдэг. Харин бид хоёр мөнгөтэй хүн биш. Зүгээр л нэг зүйлд хайртай, үеийн залуус.

Миний хувьд 2019 онд ажлаасаа гараад юу хийх ёстойгоо тодорхойлж чадахгүй байсан. Уран зохиол, яруу найрагт хайртай. Тэр хайр минь энэхүү номын мухлагийг хамт үүсгэн байгуулсан Б.Хатантөмөртэй уулзуулсан болов уу. Хатнаа ч бас уран зохиол, яруу найрагт хайртай. Хоёул багадаа том номын сантай байсан. Адилхан мөрөөдөл тээж явдгаа мэдсэн. Харин өнөөдөр мөрөөдлөө бодит болгочхоод сууж байна. Тэр ч утгаараа би хамгийн тохиромжтой цаг хугацаандаа хүссэн зүйлээ хийж эхлүүлсэн гэж бодож байна.

Анх дандаа монгол ном зардаг дэлгүүр нээе гэж ярилцсан юм. Бүр нэрээ хүртэл "Тоонот" гэж өгөхөөр ярилцчихсан байсан. "Black Ocean"-ийн найзууд маань том талбай гаргаж өгсөн тул орчуулгын ном ч гэсэн борлуулж болох юм байна гэж ярилцсан. Номын сонголт өөрчлөгдсөн тул дэлгүүрийн нэр ч бас өөрчлөгдөх ёстой болсон. Энэ "Fox" гэдэг нэр Хатнаагийн санаа л даа. Хатнаа үнэгэнд их хайртай юм билээ. Надад ч гэсэн үнэг таалагддаг. Маш хурдан шалмаг, зальтай, хайр татам эгдүүтэй амьтан. Гэхдээ хэн ч тэжээж чадахгүй.

БУСАД ДЭЛГҮҮРЭЭС ЮУГААРАА ӨӨР ЮМ

-Манайх 08.00-22.00 цаг хүртэл ажилладаг.

Монгол зохиолчид номоо хэвлүүлээд л орхичихдог. Зарж борлуулан бусдад хүргэх тал дээрээ хойрго ханддаг гэх юм уу. Хатнаа бид хоёрын хувьд уран зохиолд хайртай, өөрсдөө бичиж, орчуулдаг хүмүүс тул зохиолчдыг танина. Тэр ч утгаараа орж ирсэн үйлчлүүлэгчдээ сонирхож буй номыг нь, зохиолчийнх талаар мэдээлэл өгчихнө. Зохиолчид маань ч гэсэн эхлээд хэнтэй харьцаж, хаана номоо өгөх ёстой юм бол эргэцэхгүйгээр шууд л бид хоёртой харьцаад явчихна. Бид зохиолчид номоо хүргэж ирж өгөнгүүт л шууд тавиур руугаа тавьчихна.

Олон номтой дэлгүүрт орохоор нүд эрээлжлээд, худалдан авалт хийхгүй байх магадлал маш өндөр байдаг. Энийг ч авах уу, тэрийг ч авах уу гээд тойруулж харж байгаад гараад явчихдаг. Тэр ч утгаараа манайх цөөн номын сонголттой. Хүн орж ирээд нэг их төөрөөд байхгүй байх.

ЦААШИД АЖИЛЛУУЛЖ БОЛМООР ЮМ БАЙНА УУ...

-Утга учрыг нь ойлгочихсон байхад хасахтай ажиллах ёсгүй бизнес гэж бодож байгаа. Ийм орчинд ийм ном сонирхох байх гэсэн мэдрэмжээ алдахгүйгээр уншигчдад ном нийлүүлж чадна гэж бодож байгаа. Энэ бол ажлаа мэддэг хүмүүсийн л бизнес. Тэр ч утгаараа бид хоёрт дампуурчих болов уу гэсэн айдас алга. Бас хэт томруулна гэсэн мөрөөдөл ч алга. Хамгийн чухал нь хүмүүст шилээвэр номууд хүргэх. Үүнийхээ хажуугаар мэдээж өөрсдийн дуртай бичих, орчуулах ажлаа хийнэ.

Бас бид нэг хөөрхөн үйлчилгээг хоногшуулна гэсэн чин хүсэлтэй байгаа. Кофе шопын хажууд үйл ажиллагаагаа явуулж буй учир кофе уух зуураа ном түрээсээр унших боломжийг олгож буй. Өөрийн хүссэн номоо 2000 төгрөг төлөөд нэг цаг унших боломжтой. Мөн бид цаашид зөвхөн ном биш ном дагалдсан жижигхэн зурагт наамал, гэрэл зургууд зарахаар төлөвлөж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 09:08

Номын дэлгүүр хаа сайгүй юм байна даа

Зочин
Зочин
2022-08-15 09:13

Mundag nzuud bn shvvv gegeeleg morooodoltei, Zorilgodooo hurdeg. ilvv amjilt husii

Зочин
Зочин
2022-08-15 09:14

Томооос том амжилт хүсий

Зочин
Зочин
2022-08-15 09:48

Amjilt2

Зочин
Зочин
2022-08-15 21:02

saixan sanaachlaga gargajee Nomiin tsagaan buyan delgerex boltugai

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x