Нийгмийн

14 хоногийн хугацаанд 1023 согтуу жолоочийг журамлажээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэн цэгнэдэг онцлогтой. Нийтийн тээврийн салбарт 23 ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 73 хувьтай байгаа ажээ. Одоогийн байдлаар парк шинэчлэлт, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт, шаардлагатай шатах, тослох материалын нөөцлөлтөд анхааран ажиллаж байгаа юм. Сурагчдын 158 автобус өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг 98 хувьтай асаж буй ажээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

Тэрбээр "Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар гарсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button