Нийгмийн

“Монголын төмөр зам” ТӨХК “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт оролцлоо

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх  зорилтын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэж буй “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явц, Замын-Үүд-Эрээн хилийн боомт дахь логистикийн үйл ажиллагаа мөн шинээр хэрэгжүүлж буй төмөр замын төслүүдийн талаар иргэдэд танилцууллаа.


ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД:

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод заасны дагуу Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын зориулалттай төмөр замыг ЗГ-ын 2018 оны 232 дугаар тогтоолын дагуу “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-тай хамтран Төслийн зориулалттай компани байгуулж, 2022 онд барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Бичигт-Зүүн Хатавч  хилийн боомтод Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөлтэй уялдуулан хилийн боомтын зориулалттай төмөр замыг 2022-2023 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогод хэрэгжүүлэхээр тусгасан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийн Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын нөхцлөөр ТХХТ-ийн зарчмаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр төмөр замын төслүүдийн бүтээн байгуулалтыг  Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн Хатавч  хилийн боомтуудаас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн  төмөр замыг 416 орчим км урттай, жилд 25 сая тонн ачаа  тээвэрлэх, Арцсуурь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг 1505 орчим км урттай, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар тус тус барьж байгуулна.

Баруун болон Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцууд бий болох чухал ач холбогдолтой.


-МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХ “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМ-

ЗГ-ын 35 дугаар тогтоолын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 05-р сард эхлүүлж төсөл амжилттай хэрэгжиж байна.

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын туршилтын тээвэрлэлтийг 2022 оны 03 дугаар сард эхлүүлж өнөөдрийн байдлаар “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Энержи ресурс” ХХК-ийн нүүрс зэрэг нийт 104,700 тн ачааг экспортод тээвэрлэсэн ба сайжруулсан түлшний түүхий эд болох нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын техник тоног төхөөрөмж, бараа мөтериал зэрэг нийт 259,200 тн ачааг дотооддоо тээвэрлээд байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь шинээр баригдах баруун, зүүн чиглэлийн төмөр замуудыг холбох хэвтээ тэнхлэгээр холбох, Монгол Улсад төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулах эхлэл болж буйгаараа онцгой ач холбогдолтой.

Тавантолгой ордын коксжих нүүрснийг олон гарцаар /Замын Үүд-Эрээн, Ханги-Мандал, Хөөт-Зүүнхатавч/ зэрэг нийлүүлэх боломжийг бий болгоно.

 Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг багасгаж, БНХАУ-ын коксжих нүүрс импортлогч хамгийн том бүсүүд   болох Хэбэй, Ляонин мужуудад нүүрсийг хямд зардлаар тээвэрлэн хүргэх,  коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өнөөгийн түвшнээс  2 дахин нэмэгдүүлэх, төмрийн хүдэр болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн ач холбогдолтой.


-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН АВТО ЗАМЫН БООМТЫН ЧИНГЭЛЭГ СОЛИЛЦОХ, ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТ, БУУЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА-

Монгол Улсын Засгийн газар, Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор орж ирж буй чингэлэг солилцох шилжүүлэн ачилт, буулгалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сараас өнөөг хүртэл Монгол Улсын хилээр орж ирсэн 17169 ш ачаатай чингэлэгийг хүлээн авч шилжүүлэн ачиж, 9128 ш хоосон чингэлэгийг хилээр гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button