Хууль

Бусдын малыг байнга хулгайлж, амьдралын эх үүсвэр болгох нь ял хүндрүүлэх нөхцөл болно

Иргэн Баатар, Эрдэнэ, Дорж нар нь таван удаагийн үйлдлээр бусдын 65-н тооны малыг /үхэр, адуу/ хулгайлж 56 300 000 төгрөгийн хохирол, мөн Баатар, Эрдэнэ нар нь 1 удаагийн үйлдлээр бусдын 25-н тооны малыг /адуу/ хулгайлж 20 000 000 төгрөгийн хохирол буюу иргэдэд нийт 76 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн Эрдэнэ нь иргэн Сүхийн 6 500 000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан гэх хэрэгт холбогдож прокуророос тэднийг бусдын малыг байнга хулгайлж амьдралын эх үүсвэр болгосон, мөн Эрдэнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баатар, Эрдэнэ, Дорж нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн Баатар, Эрдэнэ нарыг тус тус 6-н жилийн хорих ялаар, Доржийг 5-н жил 1 сарын хорих ялаар, мөн Эрдэнийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн 640-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрдэнэд оногдуулсан хүнд ял болох зургаан жилийн хорих ялд хөнгөн ял болох 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 80 хоногийн хорих ялыг нэмж нийт зургаан жил 80 хоногийн хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч Баатар, Эрдэнэ болон шүүгдэгч Доржийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нар нь бусдын олон тооны малыг хулгайлсан хэдий боловч мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох харьцангуй удаан хугацаанд дадал зуршил болгож бусдын малыг хулгайлан амьдралын эх үүсвэр болгоогүй, хугацааны хувьд богино хугацаанд хулгайлсан, олсон ашиг орлогоо гэр бүлдээ болон өөрийн амьжиргаандаа залгуулаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хянаж үзээд гомдлыг үндэслэлгүй буюу шүүгдэгч Эрдэнэ, Баатар, Дорж нарын үйлдэл нь амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлсэн, таваас зургаан удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан нь цаг хугацааны хувьд тогтвортой буюу харьцангуй удаан хугацаанд мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж дадал зуршил болгосон, мөн гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олсон нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгосон гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хураангуй бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x