ЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Х.Заяажаргал: Зээлийн батлан даалтын сан зээлдэгчийн эрсдэлийг хариуцах үүрэг хүлээдэггүй

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк санхүүгийн  байгууллагын санхүүжилт авах боломжийг нь нэмэгдүүлэх чиг  үүрэгтэйгээр Зээлийн батлан сан ажилладаг. Бид энэ удаа Зээлийн батлан даалтын сан жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд яг ямар санхүүгийн харилцаа үүсдэг, эрсдэл гарсан тохиолдолд хэрхэн зохицуулагддаг талаар тус сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Заяажаргалтай ярилцлаа.

-Зээлийн батлан даалтын сангийн үндсэн чиг үүргийн талаар яриагаа эхлүүлье?

-УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталж, 2013 онд Зээлийн батлан даалтын сан үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сангийн гол зорилго нь зээлийн батлан даалт гаргах замаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх юм. Тэдний хүсэж буй санхүүжилтийг 100 хувь олгуулахын тулд нийт зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргадаг. Тэгэхээр үлдсэн 40 хувийн барьцаагаа зээлдэгч өөрөө хангах үүрэг хүлээдэг.

-Засгийн газрын харьяа сангууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох чиглэлийг барьдаг. Тэгвэл танай зээлийн батлан даалтын сан жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохын зэрэгцээ арилжааны жамаар нь бизнесийн харилцаа үүсгэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Бусад сангуудаас манай сан зээлийг шууд олгодоггүйгээрэй ялгаатай. Зөвхөн төслийн зээл гэхгүйгээр, арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй бизнесийн зээлд ч батлан даалт гаргадаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банк тухайн зээлийг судлаад төсөл хэрэгжих боломжтой, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл Зээлийн батлан даалтын санд ханддаг. Бизнэс эрхэлж буй хэн ч байсан манай Санд хандах боломжтой. Гэхдээ хууль журамд заасан шаардлага нөхцөлийг хангасан байх ёстой.

-Зээлдэгчид танай санг шууд байдлаар зээлээ олгодог гэж ойлгодог талтай?

Тэгж ойлгодог тал бий. Сан 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтттэй төслийг  хэргэжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь Сан болон арилжааны банкны хамтарсан санхүүжилтийн дүнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах зорилготой юм. Өөрөөр хэлбэл Сангаас зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргаснаар уг дүнтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах юм. Үүнийг Сангаас шууд зээл олгоно гэж ойлгодог талтай.

Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд 12-15 хувийн хүүтэй, 10 хүртэл жилийн хугацаатай зээл олгогдож байна.

-Батлан даалт гаргаснаараа Санд эрсдэл үүсэх тохиолдол хэр их гардаг вэ?

Батлан даалт гаргаж байгаа учраас зээл нь эрсэдсэн тохиолдолд Сан батлан даалтын үүргээ гүйцэтгэх учиртай. Ингэснээр Санд итгэх арилжааны банкуудын итгэл нэмэгдэж, улмаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого үр дүнд хүрэх юм.

Сангийн батлан даалтын ач холбогдол нь бизнес эрхлэгчдийн хувьд төслөө хэрэгжүүлэх хэмжээний санхүүжилтийг авах, банк санхүүгийн байгууллагын хувьд тухайн зээл эрсдэхэд тодорхой хувийг нь Сангаас гаргуулах давуу талтай. Гэхдээ энэ нь зээлдэгчийн хувьд зээлийг эрсдэлээ Сангаар хариуцуулна гэсэн үг биш юм. Сан Батлан даалтын үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд уг төлбөрийг зээлдэгчээр буцаан төлүүлж, дараагийн батлан даалтын эх үүсвэр болгож ашигладаг.

                                                                                                                            Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button